Comment.mn

Багш нар ямар бодол, төлөвлөгөөтэй хичээлдээ орох бол?

main1409714857

Жил бүр 9 дүгээр сарын 1-ний өдөр дөхөхөөр сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж, байшин барилга гээд бид ахуйн зүйлд ихээхэн анхаарал тавьж ярьдаг. “Хичээлийн жил эхэлнэ” гэдэг нь тийм ахуйн утгаасаа илүү олон талт, гүн гүнзгий агуулгатай байх ёстой. Нийслэлийн төр захиргааныханд ямар тийм ухаан сөхөөтэй хүн байх биш. Тэд хичээлийн шинэ жил эхэлнэ гэдэг нь байр саванд хүүхэд оруулж ширээний ард суулгаад урд нь багш байхыг л хэлдэг гэж ойлгодог шиг байгаа юм. Сургалт заавал ийм биет хэлбэртэй байх албагүй болсон, орчин үед. Зайнаас бүр виртуал орчинд ч эхэлж болно ш тээ. Гэхдээ энэ хүмүүс өөрийн энэ цаг үедээ энэ өгүүлбэрийг ойлгохгүй л болов уу. 21-р зуун гараад удаж байхад өнөөг хүртэл хүртээмжийн асуудлаа ч шийдвэрлэчихэж чадахгүй, боловсролын талаарх ойлголтын хамгийн доод шатны ухагдахуун болох хүртээмжээ дээшлүүлж, хэрэгцээгээ хэрхэн хангах тухай л ярьсаар байна. Уг нь нэг хэсэг хүртээмжийн асуудлаа овоо шийдэж байсан боловч ирээдүйн прогнозоо зөв гаргаж, түүнийгээ дагасан боловсролын төлөвлөлт хийж чаддаггүй, бүс нутагтаа жигд анхаарал тавьж чаддаггүйгээс болоод дахиад л боловсролын хүртээмжийн үзүүлэлтүүд илт буурч эхлэв. Азийн Хөгжлийн Банкны буянаар хүүхдүүдээ регистрээр нь бүртгэдэг мэдээллийн системтэй болсны ачаар хүртээмжээ, хамран сургалтаа зөв тооцдог болоод байгаа нь сүүлийн үед энэ салбарт гарсан дэвшил юм.

Хичээлийн шинэ жил эхлэхэд бидний хамгийн их санаа зовдог зүйл бол хүүхэд цэцэрлэг, сургуульдаа багтах болов уу гэхээсээ илүү энэ жил багш нь заах хичээлийнхээ тухай, заах арга барилынхаа тухай, тухайн хичээлийг зааж буй зорилгынхоо тухай, хүүхдүүдийн ирээдүйн тухай гээд бүх зүйлийг ер нь холбоо хамааралд нь тавьж бодож ирэх болов уу гэдэг асуудал л байх ёстой. Гэтэл манайд энэ өнөөдөр тулгамдсан гол асуудал биш. Багш нар юу бодож хичээлдээ орох бол. Юу ч бодохгүйгээр урдын зааж байснаа зүгээр заагаад л үргэлжлүүлээд юуны төлөө тэр хичээлийг зааж байгаагаа ч нэг их ухаарахгүй, тэр талаар ер нь бодохгүй байх вэ гэдэг бол хамгийн “аймаар” бодол юм. Сургуулийн захирлыг, төр засгийг таны өмнөөс төрийн сургуулийн боловсролын талаар, түмний хүүхдийн төлөвшлийн талаар “бодчихдог” гэж эндүүрэх хэрэггүй байх.

Хэрэв бид бүх сургуулийг жигд сайн байлгаж чаддаг байсан бол, бүх бүс нутгаа жигд хөгжүүлж чаддагсан бол ийм механик төвлөрлийн талаар яриад, хамаг хүчээ утгагүй зүйлд зориулаад сууж байхгүй л байх байсан. Сумын сургуулиуд өнгөрсөн хавар хүүхэд цөөтэй, хөрөнгө мөнгө, анхаарал халамж муутай л байв. Гэтэл орчин цагийн эрдэмтдийн ихэнх нь сумын сургуулиас л төрсөн байдаг юм шүү дээ.

Нийслэлийн 23-р сургууль, Орос-монголын хамтарсан 3-р сургуулийн аль аль нь огт сайн сургуулиуд биш. Эцэг эхчүүд бид маш багахан хариуцлагыг “худалдаж авах”-ыг хичээдэг. Маш бага хариуцлага, маш бага анхаарал халамжийн төлөө л мөнгө төлж ямар нэг байдлаар төлбөртэй сургуульд хүүхдээ оруулдаг. Харин цэвэр төрийн сургуулиудад яагаад ийм хэрэгцээ ингэж ихээр үүсэхгүй байгаа вэ гэхээр бусдын үр хүүхдийн төлөө гэх “тэрхүү маш бага сэтгэл, тэрхүү багахан хичээл зүтгэл, хариуцлага” нь байдаггүй мэт, хариуцлага хүлээх, хүлээлгэх хоёр субъект нь хоорондоо “хол” байдаг. Нөгөө л бидний байнга бичдэг Нобелийн шагналт эзэн-төлөөллийн харилцаа байгалийн жамаар явагддаггүй.

Мөн сургууль сайн гэгдэхийн тулд тэнд ноу-хау байх ёстой. Хүүхдийн дотоод мөн чанарыг тал бүрээр нь өөрчилж чадах технологийн нууц, соёл уламжлал байх ёстой. Урд нь байдаг байсан. Олон жилийн өмнө бол сайн гэгддэг ямар ч сургуульд бусдаас ялгарах онцлог буюу амжилттай байдаг нь төгсгөсөн хүнийхээ амьдрах, суралцах чадвараар, төлөвшлөөр илэрдэг, танигддаг, бүр ялгаж харахаас ч өөр аргагүй тийм өөрийн гэсэн соёл уламжлал хөдөө хотгүй байдаг байсан юм. Орчин үеийн эрэлт ихтэй хотын сургуулиудад бол энгийн хүмүүс л мэдэхгүй болохоос биш бизнесийн ийм нарийн нууц байхгүй. Киррикилумын жаахан нэмэлт агуулга, гадаад хэлийг долоо хоногт арай олон цагаар судалдаг байх, хос хэл дээр байгалийн ухааныг тааруухан зааж байгаа ядруухан арга барил ч гэсэн хүүхдийн төлөвшилд хангалттай дэвшил авчрах онцлог байж чадахгүй. Гагцхүү бусдын төлөө гэх жаахан хичээл зүтгэл, хариуцлагаараа л сургуулиуд ялгагдаж байна. Сайн багшийн тухай, сайн багшийг дагах тухай асуудал бол өөр хэрэг, хамгийн чухал асуудал ч энд хамааралгүй.

Бидний энэ хүнд байдал төрийн сургуулийн захирлын ажлын үр дүнг тэнд сурч буй хүүхдүүдийн сурлага, хүмүүжлийн амжилттай холбоогүй цагт хэзээ ч шийдвэрлэгдэхгүй. Үүнийг хийх нэг арга нь чартер сургууль (charter school) гэдэг загварыг хэрэгжүүлэх явдал байж магадгүй. Чартер сургууль гэдэг нь төрийн өмчийн сургуулиудыг менежементийн гэрээгээр сургуулийн багт өгч, ажил хэрэгт нь оролцохгүй, төсөв мөнгийг нь хэрхэн зарцуулахыг зааварлахгүй, зөвхөн үр дүнгийнх нь төлөө хариуцлага хүлээлгэх, урамшуулах тухай юм. Англи улс (Их британичууд биш) сүүлийн 10 жилийн шинэчлэлээрээ нэлээд зөөлөн, уян хатан хэлбэрийн чартер туршиж байх шиг байна. Тэд эхлээд орон нутгийн засаг захиргаанаас удирддаг сургуулийг академик болгож (academies) буюу сурлагын амжилт тааруу байгаа сургуулийн удирдлагад боловсрол судлалын эрдэмтэн мэргэд, нэртэй судлаачид, алдартай багш, менежерийг “илгээх”, сургуулийн багт нь болзолтойгоор сургуулийн үйл ажиллагааг удирдах эрх өгөх загвар туршиж байна. 2010 оноос Консерватив нам засгийн эрх авснаасаа хойш энэхүү чартер загварыг өргөжүүлж, бас Шведийн “чөлөөт сургууль” загварын туршилтыг “хэт өөгшүүлэх” болсон нь нэлээд шүүмжлэл дагуулаад байгаа аж. Английн засгийн газрын мэдэгдэж байгаагаар боловсролын үр дүн ихээхэн сайжирсан, сайжирч байна. Хөндлөнгийн шинжээчид ч мөн боловсрол судлалын томоохон сэтгүүлүүдэд тус улсын боловсролын чанар сайжирч байгааг тэмдэглэх болсон байна. Чартер сургууль загварыг турших гол шалтгаан нь “Төрийн сургуулиуд хэт их хүнд суртал дунд ажилладаг учраас өөрчлөлт шинэчлэлт хийж бүтээлч (too hide-bound by bureaucracy to innovate) үйл ажиллагаа явуулах эрх чөлөөгүй байдаг” гэжээ.

Бидний тухайд эдгээр он жилүүдийн туршлагаас харахад “төсөв мөнгө хомс байна” гэдэг мессэж нийгэмд түгэх бүрд манай улсын Сангийн яам хэт хуучинсаг, хэт бьюракратик болж “ирээдүйн тухай зүгээр л март” гэдэг байр суурьтайгаар ажилладаг юм. Бид энэхүү дарамтыг хангалттай амссан. Гэтэл амьдрал хэчнээн хүнд байсан ч урагшлах л хэрэгтэй биз дээ. Ийм нөхцөлд чартер загварыг (чөлөөт сургуулийн загварыг биш) хамгийн тааруу сурлагатай, захын хорооллын болон сумын зарим сургууль дээр туршиж үзэх хэрэгтэй байж магадгүй. Ямар өөрчлөлт гарахыг нь олон нийт тэр чигээрээ харж байхад өөрчлөлт гарч л таараа.

Адъяасүрэнгийн Заяадэлгэр

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.