Comment.mn

Эрх баригчдад хэлэх үг байна!

Шинэ Сангийн сайд Монгол Улсын эдийн засгийн талаарх таагүй мэдээллийг нийтэд өгсөн нь араасаа хэл ам дагуулаад байгаа. Улсын эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой, хаа хамаагүй цацаад байж таарахгүй тоон мэдээллүүдийг хамаа намаагүй хэлж ярилаа гэх шүүмжлэлийг экс эрх баригчдаас сонсоход хүрээд байгаа.

За харин МАН-ын тухайд хэлсэн ярьсандаа байна гэсэн байр суурьтай байгаа билээ. Сангийн сайд хэлэхдээ “Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд тасралтгүй унаж, 2012 онд 17,3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг энэ оны эцэст 1,3 хувьтай гарахаар байна. Эдийн засаг ийнхүү уналтанд ороход нэг талаас дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ буурч, манай улсын экспортын орлого, төсвийн бүрдэлт, валютын орох урсгалд сөрөг нөлөөлөл үзүүлсэн. Нөгөө талаас өнгөрсөн 4 жил явуулсан төсөв, мөнгөний алдаатай бодлого, тооцоо судалгаагүй, уялдаа холбоогүй шийдвэрүүдийн уршгаар улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал туйлын хүнд байдалд орсныг онцлон тэмдэглэж байна.” гэсэн. Тэгэхээр АН-ын тухайд эдийн засгийн өнгө тааруу байгааг дэлхийн зах зээлтэй шууд холбон тайлбарлаж ирсэн бол МАН-ынхан бурууг АН-аас хайж байгаа юм. Ер нь бол тэгээд хоёр намын хэрүүл үнэндээ чухал бус. Нөхцөл байдал сайжрах нь л гол байгаа билээ.

Түүнчлэн шинжээчид Монголын эдийн засгийг хэрхэн прогнозлож байгаад анхаарал хандуулж байх нь зөв биз. “Bloomberg”-ээс уг асуудлаар асуулга явуулахад оролцсон шинжээчид Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн дунджаар 2.8 хувиар өснө гэж үзсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсөлт 0.2 нэгж хувиар, өмнөх буюу I улирлын дүнгээс 0.3 нэгж хувиар саарсан үзүүлэлт болж харагдаж байна. Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлт нэг хувиас доошилж, оны эцэст 0.8 орчим хувь байна гэж үзэж байгаа бол Олон Улсын Валютын Сан үүнээс хоёр дахин бага хурдаар эдийн засаг өснө гэж үзсэн байхад Азийн Хөгжлийн банк 0.1 хувийн өсөлт гарна гэсэн таамаглалыг гаргаж ирээд байна.

Тэгэхээр шинжээчдийн таамаглалаас харахад нэлээд гутармаар харагдаж байгаа ч, бүсээ чангалаад ард нь гарахаас өөр сонголт бидний өмнө байхгүй. Сангийн сайд хэлэхдээ “Сүүлийн 3 жил дараалан Нэгдсэн төсвийн орлого 1 их наяд гаруй төгрөгөөр тасарч, жил бүр 2-3 удаа тодотгол хийж ирсэн. Монгол Улсын нэгдсэн төсөв 4 жил дараалан их хэмжээний алдагдалтай гарч байгаа нь нэг талаас манай улсын эдийн засаг хямарсантай, нөгөө талаас татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй, үрэлгэн зарлагадаж ирсэнтэй шууд холбоотой.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд зааснаар нэгдсэн төсвийн алдагдал энэ онд ДНБ-ий 4 хувиас буюу 974,9 тэрбум төгрөгөөс хэтэрч болохгүй. Гэтэл эхний 7 сарын байдлаар нэгдсэн төсвийн алдагдал 2 их наяд төгрөгт хүрээд байна. Тиймээс нэн даруй төсвийн тодотгол хийж, төсвийн зарлагыг бууруулахгүй бол төсвийн зарлага оны эцэст 10,3 их наяд төгрөгт хүрч, алдагдал нь 5,1 их наяд төгрөг буюу энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 21,1 хувийг давахаар байна. Өөрөөр хэлбэл, энэ жилийн төсвийн алдагдал төсвийн орлоготойгоо дүйцэхүйц хэмжээнд хүрэхээр байна.” гэсэн. Гэтэл энэхүү тоон мэдээллүүд нь бас эсэргүүцэлтэй тулаад байгаа. Тэгэхээр юуны түрүүнд эрх баригч МАН эргэлзээтэй тоон мэдээллүүдээ цэгцэлж, хямралын оношоо зөв тогтоож байж, эмчлэх процессоо эхлүүлэхгүй бол горьгүй биз ээ. Нэгэнтээ та бүхэн төрийн эрхийг барьж байгаа учраас дөрвөн жилийн дараа АН-аас бус та бүхнээс ам асуух учир гарцаа зөв харж, асуудлаа шийдэх нь чухал болохоос улстөрийн тоглолт болгоод байж болохгүй юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.