Comment.mn

24 баримт: Сайдад яригдаж буй эрхмүүдийн хэн нь хэн бэ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шинэ Засгийн газрын бүтцээ өчигдөр Ерөнхийлөгчид өргөн барисан. Түүний зурагласнаар шинэ Засгийн газар 13 яам, 16 сайдтай ажиллахаар болсон байна. Харин Ж.Эрдэнэбат сайдын толгойлох Засгийн газрын сайд нарын нэрс ч эхнээсээ тодорсон гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл сайдад нэр нь яригдаж буй эрхмүүдийн хэн нь хэн бэ гэдгийг 24 баримтаар хүргэж байна.

Баримт 1. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын ажлыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат авч магадгүй гэх мэдээлэл байна.

Баримт 2. Шадар сайдад У.Хүрэлсүх яригдаж байна. Тэрээр Н.Алтанхуягийн Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан нэгэн.

Ж.Энхбаяр Батлан хамгаалахын яамыг хоёр дахиа удирдаж магадгүй

Баримт 3. Парламентад гурван удаа сонгогдсон Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайдын албыг хоёр дахь удаагаа хашиж магадгүй нь. Түүний нэр энэ албан тушаал хэдийнэ яригдаж эхэлсэн байна.

Баримт 4. Тэрбээр 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан. Харин түүний аав Шагалын Жадамбаа нь Батлан хамгаалахын сайд, улс төр, цэргийн нэртэй зүтгэлтэн, дэслэгч генерал нэгэн юм. Харин Ж.Энхбаярыг 2012 онд Батлан хамгаалахын сайд болоход эцгийнхээ нэрээр сайд боллоо гэх хүмүүс цөөнгүй байв.

Зам, тээврийн яамыг хэн удирдах вэ

Баримт 5. Зам тээврийн сайдын суудалд “МСS”-ийн гэх тодотголтой Л.Энх-Амгалан “тухлах” сурагтай. Тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дундаа боловсрол өндөртэйд эрэмбэлэгддэг юм билээ. Харин түүнийг УИХ-ын гишүүн гэхээс илүүтэйгээр “МСS”-ийн Энх-Амгалан гэдгээр нь андахгүй.

Баримт 6. Мөн Зам, тээврийн сайдын сэнтийд Н.Төмөрхүүгийн нэр ч яригдаж байна. Түүний хувьд Зам тээвэр, Барилга Хот байгуулалтын сайдын зөвлөх, Зам тээврийн сайд НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч зэрэг албыг хашиж байсан туршлагатай хүн.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад Ц.Даваасүрэнгийн нэр яригдаж байна

Баримт 7. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад Ц.Даваасүрэнгийн нэр хамгийн хүчтэй яригдаж байна. Ц.Даваасүрэнгийн хувьд парламентад хөвсгөлчүүдийг төлөөлөн суухдаа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай гар нийлэн ажиллаж томоохон хөрөнгө оруулалтыг УИХ-ын түвшинд шийдэж байсан гэдгээр нь нутгийнхан нь ам сайтай байдаг.

Баримт 8. Тэрбээр Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга, Шадар сайдын Эдийн засгийн зөвлөх, Төсвийн байнгын хорооны дарга хорооны дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан юм.

А.Тлейхан Эрчим хүчний сайдад өрсөлдөгчгүй гарах уу

Баримт 9.Эрчим хүчний сайдаар очих сураг дуулдах болсон А.Тлейханыг улс төрийн хүрээнийхэн тулхтай, ноён нуруутай, ажлыг чамбай хийдэг улстөрч хэмээн үнэлдэг. Тэрбээр техникийн ухааны магистр, инженер, докторант нэгэн билээ.

Баримт 10. А.Тлейхан 1997-1999 онд Эрчим хүчний удирдах газар /ЭХУГ/-ын АХН удирдлагын хэлтсийн дарга, 1999-2002 онд ЭХУГ-ын захиргаа, удирдлагын албаны дарга, 2002-2004 онд ТЭХ-ний ерөнхий газрын Захиргаа, удирдлагын албаны дарга, 2004-2008 онд ТЭХЯ-ны Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төвийн орлогч дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн зэрэг хариуцлагатай албыг хашиж байжээ.

“Ногоон хатагтай” Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамыг удирдах уу

Баримт 11. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг “өрсөлдөгчгүйгээр” Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын сэндтийд суух нь тодорхой бололтой.

Баримт 12. Түүнийг УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн төрсөн эгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хөгжүүлсэн “Ногоон хатагтай” гэдгээр нь хүмүүс мэднэ. Харин “Эгч дүүсээрээ төр рүү зүтгэлээ” гэх шүүмжлэл гарах болсон нь нууц биш.

Гадаад хэргийн сайдад Д.Цогтбаатар Г.Занданшатар нарын нэр яригдаж байна

Баримт 13. Эрх баригч хүчин Д.Цогтбаатарыг Гадаад хэргийн яамыг толгойлж, улсынхаа нэрийн хуудас болж чадна гэж үзэж байгаа аж.

Баримт 14. Д.Цогтбаатар өмнө нь Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Монгол Ардын Намын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга зэрэг хариуцлагатай албан тушаалыг хашиж байсан юм.

Баримт 15. Мөн Д.Цогтбаатараас гадна Г.Занданшатар гэх нэг хувилбар байгаа. Түүний хувьд МАН-ын генсекийн албан тушаалыг хашиж байсан туршлагатай, өндөр боловсролтой, МАН-ын өсөж буй боловсон хүчин. Тэрбээр Гадаад хэргийн сайд, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байсан билээ.

Ё.Отгонбаяр Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайдаар дахин ажиллах нь

Баримт 16. УИХ, Засгийн Газрын гишүүн асан Ё.Отгонбаяр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар дахин ажиллах уу гэдэг ихээхэн анхаарал татаж байна.

Баримт 17. Мэргэжлийн дипломатч тэрбээр ГЯЯ-нд атташе, нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНЭУ-д суугаа ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх, МАХН буюу одоогийн МАН-ын Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, генсек, Нийслэлийн МАХН-ын хорооны дарга, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд зэрэг албыг хашиж байсан нэгэн.

Удам дамжсан эмч Ж.Цолмон Эрүүл мэнд, спортын яамны сайд болох уу

Баримт 18. Эрүүл мэндийн дэд сайдын албыг багагүй хугацаанд хашиж байсан Ж.Цолмонгийн нэр сайдын суудалд яригдаж байна.

Баримт 19. Удам дамжсан эмч хэмээх тодотголтой түүний хувьд Москвагийн Стоматологийн Их Сургууль, МУИС, гадаад харилцааны сургууль, 1996 онд Монгол улсын Анагаах Ухааны их сургууль, 1996 онд Бүх Энэтхэгийн АУЭШ хүрээлэнд эрүү нүүрний гажиг заслын мэргэжлээр, 1997 онд Япон улсын Токиогийн Анагаах Ухааны Их Сургууль, 2003 онд БНСУ-ын Эрүү Нүүрний Гажиг Заслын Твидийн Олон улсын Эрдэм шинжилгээний хүрээлэн, 2011 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийг тус тус дүүргэжээ.

Сангийн сайдад нэр нь яригдаж байгаа Б.Чойжилсүрэн Ч.Хүрэлбаатарт тахимаа өгөх үү

Баримт 20. Мэргэжлийн Засгийн газар байгуулахыг зорьж ажиллаж буй шинэ засгийн Сангийн сайдад эдийн засагч, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар томилогдох магадлал өндөр байгааг эх сурвалжууд хэлж байна.

Баримт 21. Н.Энхбаярын Засгийн үед Увсынхны лоббигоор Ерөнхий сайдын зөвлөх болтлоо дээшилж, Сангийн дэд сайд, Түлш эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн болж, Сү.Батболдын үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болтлоо дэвшсэн гэлцдэг.

Баримт 22. Ч.Хүрэлбаатараас гадна нам дотроо яригдаж буй бас нэг эрхэм бол Б.Чойжилсүрэн. Нутаг нэгтэй хоёр эрхэмийн хэн нь сайдын сэнтийд залрах нь олон нийтийн төдийгүй улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаж байна. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хувьд сайдын албан тушаал хашиж байгаагүй ч хувийн тохмоохон бизнестнй тэрбумтан гэдгээр нь хүмүүс андахгүй.

Хууль зүй дотоод хэргийн сайдад Ц.Нямдоржоос өөр өрсөлдөгч алга
Баримт 23. Төрийн хар хүн гэгддэг Ц.Нямдорж хуульзүйн яамны сайдад яригдаж байна. 2008-2012 он хүртэл дөрвөн жил энэ яамыг удирдаж байсан туршлагатай, ясны хуульч түүнд хэцүү даваа биш гэдэг нь ойлгомжтой.

Баримт 24. Зөвхөн төрийн ажил хийдэг, ямар ч хөрөнгөгүй гэдэг мөртлөө хоёр ч хүүхэддээ тэрбумаар үнэлэгдэх хаус бариулсан зэргээр хааяахан хэл аманд өртдөг ч хуулийн хүн гэсэндээ аятайхан тайлбарлаад өнгөрдөг. Ямартай ч энэ салбарт түүнтэй өрсөлдөх хүчтэй өрсөлдөгч нам дотор нь одоохондоо алга байгаа бололтой.

24tsag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.