Шинэ парламентыг бүрдүүлэх эрхмүүд өнөөдөр УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаж авна. Уг сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудал авлаа. Нийслэлийн ИТХ-д ч МАН олонх болж, 34 төлөөлөгчтэй болов. Харин АН УИХ-д ес, нийслэлд 11 төлөөлөлтэй болж байна. Сонгуулийн явц зохион байгуулалт сайтай, мэдээллийг ил тод, шуурхай дамжуулсан учраас хэл ам хийх хүн бага гарах биз ээ.
Гэвч ийм үр дүн гарахыг төсөөлсөн хүн тун цөөн болов уу. Хоёр нам ойролцоо суудал авна, МАН нь арай илүүрхэнэ гэсэн таамгаас хол дүн гарч, АН-ынхан бараг л “арчигджээ”. Мөн түүхэндээ хамгийн олон буюу 90 гаруй хүн бие даан өрсөлдөхөөр бүртгүүлж, 68 нь эрх авч чадсан ч тэднийг ердөө ганцхан хүн л УИХ-д төлөөлөхөөр болов.
Морь, үхэр тэрэг хөлөглөн сурталчилгаа хийн өрсөлдөгчдөө хол хаяж, тасархай ялсан энэ эрхэм бол дуучин С.Жавхлан. Өмнөх сонгуулиар 11 суудал авч, УИХ дахь гуравдагч хүчний анхны бүлгийг байгуулсан МАХН энэ удаа О.Баасанхүүгээрээ л нүүрээ тахаллаа. Монголчууд сонгуульдаа идэвхтэй оролцож, дөрвөн жил тутамд уруудаж байсан сонгогчдын ирц анх удаа өгсөв. Иргэдийн хийсэн сонголтын үр дүнд 76 гишүүний 40 орчим нь анх удаа парламентын босго давж буй шинэ хүн байна.
АН ИРЭХ ДӨРВӨН ЖИЛД АЛДАА, ОНООГОО ШҮҮНЭ
Сонгогчид хийсэн, бүтээснээр нь оноо өгсөн бол гарцаагүй АН илүүрхэнэ. Нэр дэвшигчид нь ч хийснээ ярьж, цаашид юу хийхээ танилцуулж байлаа. Гэвч ард түмэн АН-д гомдсон тул энэ бүхнээс үл хамаараад нөгөө намд нь итгэл үзүүлэв. АН-ынхан хийсэн ажлаа дотоод талцал, зөрчлөөрөө харлуулж орхисон. Н.Алтанхуяг уг намыг даргалж байхад буюу 2012 онд АН гурван шатны сонгуульд ялалт байгуулсан.
Элдвээр шүүмжлүүлдэг байсан ч энэ эрхэм олон толгойтой фракцууд, гишүүдээ базаж, нэгтгээд байж чадсан юм. Гэвч хэзээний эвлэлдэн нэгдэж сураагүй тус намынхны фракцуудын зөрчил гаарч, “Шонхор”, МоАХ хамтраад Засгийн газраа огцруулсан. З.Энхболд АН-ын дарга болоод Н.Алтанхуяг шиг гишүүдээ зангидаж ажиллаж чадсангүй. Харин ч улам талцуулж, дарангуйлах бодлого баримталсныхаа горыг амсаж, намаа чирээд уналаа. Тэд АН гэдэг нэг л толгойтой гэдгээ мартан, фракцын улс төр хийж гүйснийхээ хариуг иргэдээс амсав.
Гэхдээ АН-ын дарга З.Энхболд өчигдөр шөнө “Монголын ард түмэн сонголтоо хийлээ. АН энэ сонголтыг хүндэтгэж байна. МАН болон ялалт байгуулсан бусад өрсөлдөгчдөө баяр хүргэе. Сонгуулийн үр дүн бол монголчуудын төр засагтаа тавьж буй дүн. Энэ үнэлгээг зүй ёсоор хүлээн зөвшөөрч байна. Л.Эрхэмбаяр бид хоёр намын дүрмийн дагуу хариуцлагаа хүлээнэ” хэмээн мэдэгдсэнээрээ нэр хүндээ сүүлийн мөчид аварч чадав. Ялж, ялагдаж сурсан, улс төрийн соёлтой хүчин гэдгээ АН үүгээр харууллаа. Одоо АН-ынхан ирэх дөрвөн жилд хэрхэн эв нэгдэлтэй, нэг зорилготой ажилладаг нам болох талаар суралцаж, алдаагаа ухаарна гэж найдаж байна.
Мөн энэ намыг ялагдахад хүргэсэн бас нэг том шалтгаан нь санал авахын өмнөх өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хийсэн “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь монголчууд авлаа гэсэн мэдэгдэл болчих шиг. “Саалийн үнээ”-гээ Монгол Улс өөрийн мэдэлд авна гэдэг бол сайн мэдээ. Гэвч МАН-ынхан үүн дээр тоглолт хийж, “ХХБ-нд хятадууд хувь эзэмшдэг. Тиймээс энэ үйлдвэрийг хятадуудад зарах нь” гэсэн пиар хийсэн нь амжилт олчих шиг боллоо.
ХҮНИЙГ НЬ БИШ, НАМЫГ СОНГОЖЭЭ
Нэгэнт ард түмэн АН-д гомдсон учраас л МАН-д аз таарсан хэрэг. Түүнээс энэ намынхан мундагтаа олонх болоогүй гэдгийг иргэд ойлгож байгаа. Монголд угаас энэ хоёр хүчин л ээлжилж төр барьдаг, Сонгуулийн хуулиар ч өөр нам орох “завсар” үлдээгээгүй. Үнэндээ өөр сонголт хийе гэсэн ч энэ хоёроос дээр гарахаар төлөвшсөн хүчин манайд үгүй. Ингээд л МАН тийш иргэд хуйларчихав. Хүнийг нь биш, намыг нь л сонголоо. “Босоо ялна” хэмээн олон хүний найдаж байсан Х.Баттулга, С.Баярцогт, Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Ж.Батсуурь нар унав.
АН-ын эдгээр эрхэм хийсэн ажилтай, хэлэх үгтэй, туршлагатай улстөрч гэдэгтэй маргахгүй байх. Мөн З.Энхболд, Х.Тэмүүжин, М.Батчимэг нарыг ч сонгогдох байх гэсэн хүлээлт байсан. Гэвч тэд хүчтэй өрсөлдөгчтэй тулжээ. Эдний оронд санаанд огт буухааргүй байсан МАН-ын “сураггүй” олон эрхэм сонгогдсон нь дээрх дүгнэлтийг батална. УИХ-ын 12 дугаар тойрогт яруу найрагч Г.Мөнхцэцэг, 25 дугаар тойрогт Н.Оюундарь, Хэнтийд Д.Гантулга гэх мэтээр улс төрийн туршлагагүй хүмүүсийг ердөө л МАН-ын гишүүн байсных нь төлөө иргэд сонгосон байгаа юм.
Энэ парламент хоёр ч яруу найрагч, хэд хэдэн ч бөх, дуучнаар бүл нэмэв. Нэг талаар хэтэрхий туйлширсан сонголт гэсэн үг. Гэхдээ ямар ч зүйлд давуу тал байдгийн жишгээр энэ туйлшрал нь одоогийн УИХ-д “самарч” байсан хэрэггүй нөхдийг цэвэрлэж чадсанд иргэд таатай байна. Үүнээс гадна Н.Учрал, Г.Тэмүүлэнгээс эхлээд 1980-аад оны “хүүхэд” ч цөөнгүй. МАН-ын туршлагатай хэдэн улстөрч нь ирэх дөрвөн жилд дүү нартаа хичээл заах хэрэгтэй болж байна. Нөгөө талаар УИХ-д залуу, шинэ хүн нэлээд сонгогдлоо. Тэд ах нараасаа арай өөрөөр, шинэлгээр сэтгэж ажиллаж чадна, түүнд суралцана хэмээн хүлээе.
ОДОО ТЭД “ХАР МАШИН”-Д “ХАЙР ЗАРЛАНА”
2012 оноос эхлээд саналын хуудсыг автомат төхөөрөмжөөр тоолж буй. Тэр жил МАН ялагдаж, цөөнх болсон учраас бурууг “хар машин”-д тохсон. Гэтэл одоо ялчихлаа. “Хар машин”-аас МАН-ынхан уучлалт гуйна гэсэн шог яриа ч цахим ертөнцөөр тарчихаж. Үнэхээр тэд автомат төхөөрөмжийн талаар ярьж байсан “олон юм”-ныхаа захаас ч дурдахгүй байна.
Саналын хуудсыг автомат төхөөрөмжөөр тоолохын давуу талыг энэ удаа монголчууд дахин мэдэрлээ. Сонгуулийн дүн, ирцийн мэдээг СЕХ шуурхай, шууд дамжуулснаар хардлага гаргасангүй. Бас хуульд заасан 15 өдрийн дотор гэж уях биш, өнөөдөртөө багтаад УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид танилцуулах сурагтай байна. Энэ бол дэвшил, “хар машин”-ы хүч. Тиймээс ялсан эрхмүүд автомат төхөөрөмжид “хайр зарлах” нь.
Шинэ парламент ийнхүү бүрдлээ. Нэг нам үнэмлэхүй олонх болсон учраас ирэх дөрвөн жилд засаг төр тогтвортой байх нь. Одоо МАН-ынхан засаг барьж байсан өмнөх он жилүүд шигээ хойрго биш байж, илүү идэвхтэй, хурдтай ажиллах үүрэг хүлээж байна. Мөн АН-ын эхлүүлсэн бүтээн байгуулалт, зөв санаачилгуудыг үргэлжлүүлэх учиртай. АН амаргүй нөхцөлд ажилласан, ирэх он жилүүд ч амаргүй байна.
Тиймээс МАН-ын хувьд сорил олон байх болно. Аливаа зөв ажлын автор хэн байх нь биш, ард иргэд, улс оронд өгөөжөө өгөх нь л чухал. Албан тушаал хуваалцаж, идэж уу гэж биш, олигтойхон ажилла, АН-ын сул талыг бүү давт гэж л та нарыг ард түмэн сонгосон шүү.