Comment.mn

Усархаг бороо ба нийслэл хотын өнгө төрх

Урд шөнөөс эхлэн тасралтгүй орсон бороо нийслэл хотыг маань хоромхон зуур гамшгийн хэмжээнд хүргэжээ. Замаар нэлийх үер уснаас болж явган хүнд алхах газар ч олдохгүй байна. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр Алтайн нуруунаас эхтэй Булган, Хар бут, Ховд, Хөвсгөлийн уулсаас эхтэй Богд, Завхан, Орхон, Улиастай, Хэнтэйн нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн, Баянхонгор аймгийн Байдраг, Шаргалжуут гол, Өвөрхангай аймгийн Онги голууд үерийн аюултай түвшинд хүрчээ. Завхан аймгийн төв Улиастайд л гэхэд Чигэстэйн гол үерлэснээс хүмүүс машинтайгаа голд сууж, Онцгойн аврагч нар онцгой нөхцөлд ажиллаж байна.

Цаг уураас ирүүлсэн мэдээгээр маргааш буюу зургадугаар сарын 22-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 23-ны өдөр төв, зүүн аймгуудын зарим газраар, 24-ний өдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо орох тул гол, мөрний усны түвшин одоо байгаагаас нэмэгдэх төлөвтэй байна. Иймд иргэд амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, сонор сэрэмжээ дээшлүүлэх, багачуул, хүүхдүүдээ гол усны эрэг дагуу тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг онцгойлон анхаарууллаа. Гол, мөрний усны түвшин нэмэгдэж байгаа тул баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Мөн хөдөө, орон нутагт айл өрхүүд голын арал, тохой, эрэг, уулын бэл дагууд бууж суурьшсанаас үерт өртөх тохиолдлууд гарсаар байгаа гэнэ. Ойрын өдрүүдэд л гэхэд Баян-Өлгий аймгийн Улаанхус сум, Ховд гол үерлэж айл өрх, малтайгаа усанд боогдож, гурван айл өрхийн 13 иргэн, 30 тооны бод малыг гол гаталган нүүлгэн шилжүүлсэн байна. Энэ он гарснаас хойш ОБЕГ-ын алба хаагчид найман аймгийн найман суманд найман удаа, нийслэлийн дөрвөн дүүрэгт зургаан удаа тохиолдсон үер усны дуудлагаар ажиллажээ. Аврагчид зургаан хүнийг аварсан ч 13 хүн живж нас барсан байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар усархаг бороотой

Урьд шөнө Улаанбаатар хот, Төв, Говь-Алтай, Дундговь, Говьсүмбэр, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Харин өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх, баруун болон говь, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос 5-10 м/с, нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар сэрүүсч 14-19 градус дулаан байна.

22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд төв, зүүн аймгуудын зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 22-нд говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 23-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан Үер усны аюулаас сэргийлэх зөвлөмж-ийг хүргэж байна.

  • Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
  • Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдрил, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
  • Үерийн аюултай бүс нутгаас нүүх
  • Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
  • Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх
  • Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
  • Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах
  • Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх

Үер, усны аюулын үед юу хийх хэрэгтэй вэ

  • Үерийн аюулаас хамгаалах уламжлалт аргыг ашиглан эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө аврах, хамгаалах /гэрийн хаяагаа шуух, бэхэлгээ хийх, тогоо хөмрөх, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй газар байлгах/
  • Байшингийн дээвэр, ургаа мод зэрэг аль ойрхон өндөрлөг газар гарах
  • Үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байж аль ойр байгаа өндөрлөг гарч тэндээ хүлээх
  • Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах
  • Усархаг, үргэлжилсэн хүйтэн бороотой үед болон аадар, мөндөр орж байхад мал хариулах, эрэлд явах, аян замд гарахыг хойшлуулах
  • Өрх гэрт гарсан хохирол болон өөрт байгаа мэдээллийг, холбогдох байгууллага /эрүүл мэнд, онцгой байдал, нутгийн захиргаа гэх мэт/-д мэдээлэх, бусдад хүргэх
  • Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байх, загасчлах, мал услах, туухгүй байх

Үер, усны аюулын үед өрх гэрт зайлшгүй бэлэн байвал зохих зүйлс:

  1. Ундны ус
  2. Илчлэг хоол хүнс
  3. Мэдээлэл холбооны хэрэгсэл /радио, гар утас/
  4. Эмийн сан, ариун цэврийн хэрэглэл, ариутгалын бодис
  5. Гэрэлтүүлэх болон дохио өгөх хэрэгсэл /гар чийдэн, лаа, чүдэнз, тод өнгийн даавуу, дарцаг, утаат дохио, толь, шүгэл гэх мэт
  6. Дулаан хувцас, цув, усны гутал, хөнжил
  7. Түлээ түлш
  8. Хүүхдийн хийлдэг тоглоом, ном, газрын зураг
  9. Гарын доорхи материал ашиглан хөвөх хувцас, хэрэгсэл бэлтгэх
  10. 10. Хүрз, жоотуу, олс, алчуур бээлий

Үер, усны аюулын дараа юу хийх хэрэгтэй вэ

  • Өөртөө болон бусдад туслах
  • Эвдэрч нурсан газраас холдож аюулгүй газар очих
  • Шаардлагатай бол эмнэлгийн байгууллагад хандах
  • Үерийн усаар халдварт өвчний нян тээгддэг тул цэвэрлэгээ хийх, энэ ажилд мэргэжлийн байгууллагаас туслалцаа авах
  • Барилга байгууламжийн гадуур устай байвал дотогш оролгүй хүлээх
  • Үерийн ус барилгын суурийг гэмтээж, барилга нурах аюултайг анхаарах
  • Хийн шугам гэмтэж хий алдагдах, цахилгаан дулаан болон цэвэр усны шугам сүлжээ эвдэрсэн байх магадлалтай тул холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд гэртээ эргэж очих
  • Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх
  • Гараа тогтмол савандаж угаах
  • Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг устгах, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг буцалгаж ариутгах
  • Булаг, худгийн усыг шавхаж цэвэрлэх
  • Гэр хороололд амьдардаг бол бие засах газар, муу усны нүх /сав/-ийг ариутгах, цэвэрлэх гэх мэт

Б.Цэцэн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.