Нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагаагаа 5 дугаар сарын 23-наас эхлүүлснээс хойш хамгийн сүүлд буюу өнгөрөгч амралтын өдөр ИЗНН нэр дэвшигчдээ тодруулснаар үндсэндээ энэ үйл ажиллагаа өндөрлөлөө. Харин нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ажил өнөөдрөөс эхэлж байна. Өнөөдөр нийслэлийн ИТХ-ын болон УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулан өгөх юм. Ингэснээр өнөөдрөөс эхлэн нэр дэвшигчид хазгай гишгэх эрхгүй болж байна.
Энэ онгуулийн жил эхэлснээс хойш намууд болон бие даагчдын хувьд нэлээд хөдөлгөөнтэй сарууд үргэлжиллээ. Тухайлбал, намууд эвсэх эсэхээ шийдвэрлэхээс эхлээд офшор данстнуудыг тойрсон дуулиан багагүй өрнөсөн. Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн. Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд татгалзсан зөрчлийг арилгасны үндсэн дээр нам, эвсэл нэр дэвшигчээ дахин бүртгүүлэх хүсэлт уламжлах эрхтэй байдаг. Түүнчлэн нэр дэвшигч нас барсан, эсвэл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд тухайн нам, эвсэл нь өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх эрхтэй. Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд сонгуулийн хаалга хаагдсан тул хуулийн хугацаанд амжиж өөрийн гэргий болох Цолмонг нэр дэвшүүлэхээр болсон.
Мөн ИЗНН-ыг СЕХ-ноос сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргасан ч Дээд шүүхээр авч хэлэлцээд сонгуульд оролцуулах үүргийг СЕХ-нд хүргүүлсний дагуу тус нам 20 нэр дэвшигчээ батламжлаад буй.
Ийнхүү нэр дэвших үйл ажиллагаа дуулиантай өрнөсний эцэст цэгцэрч, одоо сонгогчдыг идэвхжүүлэх ажил эхэлж байна. Сонгогчдын сонгуульд идэвхтэй оролцуулах тал дээр СЕХ-ноос хэд хэдэн ажлыг зохион байгуулж байгаа юм. Жишээ нь, сонгуулийн сурталчилгааны шторкуудыг хүргэж байгаа. Мөн “Сонголт” аппликейшнийг гаргах, тараах материал зэрэг ажлуудын бэлтгэл хангагдаж байна.
Эцэст нь сонгогчдын сонголт бүхнийг шийдэх бөгөөд шударга сонгуулийн төлөө иргэн бүр хяналт тавих эрхтэй. Сонгуулийн жил эхэлснээс хойш сонгуулийн өдөр дуустал санал авах зорилгоор нөлөөлөх, сонгогчийн саналыг худалдаж авах зэрэг үйлдэл гаргасан хүн бүрд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Ингэхдээ энэ үйлдэл нь сонгуулийн дүнд нөлөөлөхүйц байвал эрүү үүсгэж, хорих хүртэл арга хэмжээ авахаар хуулинд тусгагдсан байгаа юм.
Санал худалдаж авахтай холбоотой үйлдлийг баталгаажуулсан иргэн СЕХ-нд бус шууд цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй гэдгийг онлон дуулгая. Тухайн хууль бус үйлдэл нь шүүхээр батлагдвал тараасан эд хөрөнгийн хэмжээний үнийн дүнг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшууллыг тухайн мэдээлэл өгсөн иргэнд олгоно.
Мөн иргэд телевиз, радио, сонин дахь нэр дэвшигчдийн сурталчилгаанд давхар хяналт тавих боломжтой. Тухайлбал, хуулийн дагуу телевизийн нэг өдрийн нэвтрүүлгийн 60 минут нь сонгуулийн сурталчилгааны цаг байгаа. Үүний ¼ буюу 15 минутанд нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгаа ногдоно. Хуулийн заалт зөрчсөн мэдээллийн хэрэгсэлд нэг удаа сануулга өгөхөөс эхлээд тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусгай зөвшөөрлийг зургаан сар хүртэлх хугацаагаар хураах хүртэл арга хэмжээ авах юм.
Түүнчлэн цахим орчинд гарсан аливаа хууль зөрчсөн үйлдэлд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавьж, хариуцан ажиллана.
Өнөөдөр 11:00 цагт СЕХ-ноос сонгуульд оролцох нэр дэвшигчдийн талаар мэдээлэл хийснээр албан ёсоор нэр дэвшигчдийн нэрс олон нийтэд зарлагдах юм. Харин 12:00 цагаас эхэлж Төрийн ордны Их танхимд УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулна. Мөн НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд 09:00 цагаас Нийслэлийн Засаг даргын тамгын газарт үнэмлэх гардуулах ажил эхлээд байна.
Ю.Халиун
Эх сурвалж: Bataar.mn