Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд түүхэнд байгаагүй олон бие даагч өрсөлдөж байгаагаараа онцлог юм. Үүнд буруутгаад байх зүйл байхгүй. Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж буй нь энэ аж. Тодруулбал, СЕХ-нд 74 бие даагч баримт бичгээ өгсөнөөс хуульд заасан шаардлагыг хангаж, хуулийн дагуу нэр дэвшүүлэх ажиллагаа явуулсан 69 бие даагчыг бүртгэсэн гэдгээ өчигдөр албан ёсоор танилцуулсан билээ.
Эдгээр 69 бие даагчид дотор олны танил урлаг, соёлынхон болоод иргэний хөдөлгөөний гишүүд, сэтгүүлч, хуульч гээд салбар салбарын төлөөлөл багтсаныг харахад ёстой л нөгөө иж бүрдэл гэдэг шиг байна. Бараг бие даагчид нэгдээд нэг нам байгуулахаар хэмжээний эрх зүйн чадамжтай томоохон бүлэг энэ сонгуулиар намуудын саналыг цоохортуулахаар сэтгэл шулуудсан бололтой.
Тэгвэл зарим бие даагчдын хэн нь хэн вэ? гэдгийг танилцуулж байна.
Л.Наранбаатар: УИХ-ын дарга руу Эдийн засгийн чуулганы үеэр оймс шидэж, “од” болсон нэгэн. Тэрээр уул уурхайн эдийн засагч. Өнгөрсөн хугацаанд уул уурхайн чиглэлээр “Металлс Монголиа”, “Коал Монголиа” зэрэг уулзалтуудыг санаачлан зохион байгуулж байсан. Дархан-Уул аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан ч намын дарга руугаа оймс шидсэний дараа бие даан нэр дэвшихээр болсон юм.
М.Нарантуяа: Дуучин Нара гэдгээр нь олон нийт сайн танина. Японд зургаан жил амьдарч бас суралцсан. Тэрбээр УИХ-д нэр дэвшинэ гэдгээ өөрийн цахим хуудсаар зарласан. Ганц бие ээж хүний хувьд эмэгтэйчүүд болон өрх толгойлсон ээжүүдийн дуу хоолой болно гэдгээ илэрхийлээд байгаа. Тэрээр энэ удаагийн сонгуульд Баянгол дүүрэгт бие даан нэр дэвших аж.
Т.Алтаншагай: Зохиолч Төрбатын хүү Алтаншагай. Тэрээр 1999 оноос хойш сэтгүүл зүйн салбарт тасралтгүй ажиллаж буй, олонд танигдсан сэтгүүлчдийн нэг. Өмнөх сонгуулиар ИЗНН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байсан. Харин энэ удаад Сонгинохайрхан дүүрэгт бие даан нэр дэвшихээр боллоо.
О.Алтангэрэл: Хуульч. Долдугаар сарын нэгний хэрэгт буруутгагдаж, шүүхээс ял сонссон ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболдод өмгөөлөл үзүүлж байсан тэр үеэс мэргэжлийнхээ хүрээнд танигдсан тэрээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн шавь. Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхад газрын даргаар нь ажиллаж байсан. Тэгвэл энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд баянзүрх дүүрэгт нэр дэвшиж өрсөлдөхөөр болсон байна.
Ц.Монгол: Монголын хуульчдын холбооны гишүүн. Хуульч, өмгөөлөгч. Түүнийг МИАТ-ийн гэх тодотголтой хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байснаар нь хүмүүс сайн мэднэ. Тэрээр энэ удаагийн УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшихээр болжээ.
Д.Цогтбаатар: ТӨХ-ны даргын албан тушаал хашиж байсан тэрээр Дорнод аймгийн Нутгийн зөвлөлийн дарга. Халх голын чөлөөт бүсийг эсэргүүцэж Чингисийн талбай дээрээс дуу хоолойгоо төрийн тэргүүнүүдэд хүргэж байсан тэрээр энэ удаагийн сонгуульд Дорнод аймагт бие даан нэр дэвшихээр болсон байна.
М.Наранбаатар: МҮОНРТ-ийн захирлаар олон жил ажилласан, салбартаа нэр хүндтэй нэгэн. Гэсэн ч олон нийтийн телевизийн захирлаар ажилласан сүүлийн жилүүдэд түүнийг тойрсон элдэв хэл ам, хэрүүл маргаан гарч байсан тэрээр Өвөрхангай аймагт бие даан нэр дэвшихээр болжээ.
О.Заяа