Аугаа их ялалтын баярын 71 жилийн ойн босгон дээр буюу энэ сарын 7,8-ны өдөр ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцаж буй монгол оюутнуудын дунд зохиогддог уламжлалт сагсан бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн Москва хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Энэ жилийн тэмцээн Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн түүхэн ойн жил болж буйгаараа онцлогтой байв. Арга хэмжээг ОХУ дахь Монгол улсын ЭСЯ, Москва хотын Монгол оюутны холбоо, Монголын МИАТ, Тэнгэрийн Модун ТББ, Төмөр зам, Монросцветмет хамтарсан үйлдвэр болон “Мөнх тэнгэр “ТББ хамтран зохион явуулсан юм.
“Энэ жилийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нь манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн жилтэй давхцаж буйгаараа онцлогтой юм. Иймд бид уламжлалт тэмцээнээ илүү их цар хүрээтэй, сонирхолтой зохион явуулахыг анхаарч ажилласан. Тухайлбал, бид Москвагийн сагсан бөмбөгийн холбооноос гурван шүүгч ажиллуулж шүүлгэсэн. Тэмцээнд Москва, Санкт-Петербург,Тюмень, Екатеринбург, Новосибирск, Эрхүү хотод суралцагсдын эрэгтэй 12, эмэгтэй 5 багийн нийт 200 оюутан залуус хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн” хэмээн “Тэнгэрийн Модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү ярьлаа.
Ингээд тэмцээний төгсгөлд сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн 1 дүгээр байрт Москвагийн “Мөнх тэнгэр” шигшээ баг, удаах байрт Эрхүү хотын шигшээ баг, 3 дугаар байрт Москвагийн Төмөр замын дээд сургуулийн баг. Эмэгтэйчүүдийн ангилалд 1 дүгээр байрт Москвагийн “Мөнх тэнгэр “ шигшээ баг, удаах байрт Москвагийн барилгын инженерийн дээд сургууль, 3 дугаар байрт Эрхүү хотын шигшээ баг шалгарч тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль болон цом, диплом, мөнгөн шагналыг тус тус хүртжээ. Тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор Екатеринбургийн шигшээ багийн тамирчин Ууганбаяр, эмэгтэй шилдэг тоглогчоор Москвагийн төмөр замын дээд сургуулийн багийн тоглогч Батцэцэг нар шалгарсан байна. Тэмцээнд түрүүлсэн багууд нь энэ жил Герман улсад болох Европт суралцдаг монгол оюутнуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох ажээ.
-
1
-
2
-
3
-
4
-
5