Comment.mn

О.Батбаяр: “Эрүүл мэндийн салбарыг сайжруулахын тулд иргэн бүрийн оролцоо, мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллагуудын хяналт нэн чухал байна

Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг (МНЭММН), Транспэрэнси Интернэшнл Монгол (ТИ-М) ТББ санаачлан эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудтай хамтран удахгүй болох УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдэд хандан уриалга хүргүүлэхээр болжээ. Энэ тухайд “Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ-ын Гүйцэтгэх захирал О.Батбаяртай товчхон ярилцлаа.

Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд, ТББ-ууд яагаад улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд хандан уриалга гаргах болов? Шалтгааныг нь тайлбарлана уу?

Өнөөдөр манай улсын эрүүл мэндийн салбар ямар хэмжээнд байгааг та бид бүгд мэдэж байгаа. Тиймээс эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг ТББ-ууд нэгдэж Монгол улсын эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх хууль эрх зүйн орчинг бий болгох, авах арга хэмжээг мөрийн хөтөлбөртөө тусгахыг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд уриалж байгаа юм. Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр батлагдсаны дараа бидний зүгээс дүн шинжилгээ хийж, олон нийтэд мэдээлэх бөгөөд мөн сонгуулийн дараа эрүүл мэндийн чиглэлээр мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудын биелэлтэд хяналт тавьж ажиллахаар төлөвлөж байна. Яагаад гэвэл өмнөх сонгуулиудын мөрийн хөтөлбөрүүдээс дүгнэхэд эрүүл мэндийн салбарын асуудлуудыг системтэй, бодитоор харж шийдвэрлэх арга замыг эрэлхийлээгүй, популист талдаа амлалтуудыг авсан, эдгээр амлалтуудад нь хяналт тавих механизм байхгүй байсан гэж хэлж болохоор байна. Өнөөдөр энэ бүхнээс үүдэлтэй олон бэрхшээл, асуудлууд эрүүл мэндийн салбарт тулгамдаж, төрийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна.

Эрүүл мэндийн салбарт төрөөс баримтлах бодлого, төлөвлөгөөг боловсруулахад анхаарах зүйл юу байна вэ?

Эрүүл мэндийн яам 2004 онд Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө буюу 2005-2015 онд баримтлах салбарын урт хугацааны бодлогын баримт бичгийг батлан гаргасан ба түүнээс хойш 10 жилийн хугацаанд олон Засгийн Газар солигдож, уг төлөвлөгөөг тогтвортойгоор баримтлан ажилласан гэж үзэхэд учир дутагдалтай. Төрийн маань залгамж халаа сонгуулийн циклтэй адил богино настай байдгийг хүн бүр мэднэ. Гэвч энэхүү төлөвлөгөөг Азийн хөгжлийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн банк зэрэг олон улсын хамтрагч талууд эрүүл мэндийн салбарын урт хугацааны баримт бичиг гэж хардаг бөгөөд Монгол улсад хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг аль болох нийцүүлэхийг хичээдэг. Тухайлбал, сүүлийн жилүүдэд анхаарал татаж байгаа эмнэлгийн засаглалыг бэхжүүлэх, эмнэлгийн салбарын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, эмийн салбарт ил тод байдлыг бэхжүүлэх, эрүүл мэндийн салбарын санхүүжилт ба даатгалыг боловсронгуй болгох, анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээн дэх эмзэг ядуу бүлгийн тэгш бус байдлыг арилгах зэрэг олон чухал хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхэд Засгийн Газарт дэмжлэг үзүүлсэн байна.

Тэр утгаараа бид сая МУ-ын Их Хурлаас баталсан Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 хэрэгжүүлэх тогтоолд 2016 онд багтаан салбарын хөгжлийн бодлого, чиглэлийг нийцүүлэн шинэчлэн боловсруулах талаар заасны дагуу  олон талуудын оролцоог хангаж, нотолгоонд суурилан салбарын урт хугацааны бодлого, стратегийг шинэчлэн боловсруулах, 2016 оны 4 дүгээр сард УИХ-аас баталсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар баримтлах хууль”-ийг хэрэгжүүлэх журмыг нэн даруй боловсруулах, ингэхдээ эмнэлгийн засаглалын туршлага, олон улсын байгууллагуудын зөвлөмж, нотолгоонд тулгуурласан ул суурьтай, яаралгүй хандах хэрэгтэй гэсэн зөвлөмж шаардлагыг хүргүүлж байна.

Ер нь эрүүл мэндийн салбарын бодлого нь ямар ч нам, эвсэл сонгуульд ялалт байгуулж, төр барьж буйгаас үл хамааран хэрэгжиж байх ёстой. Иймд дээрх хууль тогтоомжийг боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэхдээ салбарын эмч ажиллагсад, иргэд, төрийн бус байгууллага бусад эрх нь шууд болон дам хөндөгдөх оролцогч талуудын оролцоог өргөн хүрээнд ханган хэрэгжүүлэх асуудал нэн чухал хэмээн үзэж байна.

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг боловсронгуй болгосноор одоогийн үүсээд байгаа хүнд байдлаас гарах уу?

Нэн тэргүүнд манай улсын эрүүл мэндийн санхүүжилтийн стратегийг шинэчлэн боловсруулах, хэрэгжүүлэх шаардлага байгаа. Уг стратегид олон улсын жишгээр ДНБ-ий 5-аас доошгүй хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулах талаар тусгайлан тусган хэрэгжүүлэх ёстой. Манай улсын хувьд энэ үзүүлэлт 3 орчим хувьтай байдаг. Бид энэхүү нэмэгдсэн хөрөнгийг үр ашигтай зарцуулах тэр бүтцийг бас давхар хийх ёстой. Эрүүл мэндийн даатгалын хууль шинээр батлагдсан ба одоо хэрэгжилтийг ханган ажиллах шаардлага үүсч байна. Тухайлбал, уг хуулинд заагдсан “Үндэсний эрүүл мэндийн даатгалын нэгдсэн тогтолцоо”-нд шилжих, ингэхдээ одоогийн Эрүүл мэндийн даатгалын газрыг бүрэн бие даасан, төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй тэгш зарчмаар сонгон шалгаруулан гэрээ байгуулж, даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гүйцэтгэл, чанарыг харгалзан худалдан авдаг байгууллага болгон хөгжүүлэх хэрэгтэй. Үүнд иргэд ба ТББ хяналтыг хийх ёстой. Одоогийн тогтолцоо бол даатгуулагч иргэдийн ямар ч хяналтгүй явж байна.

Нийтийн эрүүл мэндийн хууль болон бусад яаралтай хэлэлцэх, батлах, хэрэгжүүлэх хуулиуд ямар хуулиуд байна гэж үзэж байна вэ? 

Нийтийн эрүүл мэндийн хуулийг яаралтай хэлэлцэх, батлах, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. МУ-ын эрүүл мэндийн нийт зардлын 80 орчим хувийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд, 5 хүрэхгүй хувь нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулагдаж байна. Иймээс иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг түлхүү авч, нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн арга хэмжээний санхүүжилтийг нэмэх хэрэгтэй. Мөн онцгой албан татварын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлах шаардлагатай байна. Учир нь манай улсын тамхины онцгой албан татвар болон тамхины үнэ нь бүсийн бусад орнуудтай харьцуулбал хамгийн багад орж байна. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу тамхины онцгой албан татвар нь жижиглэнгийн үнийн дор хаяж 70%-ийг эзлэх ёстой боловч одоогоор зарагдаж буй тамхины татвар нь жижиглэнгийн үнийн 27.7%-ийг эзэлж байна. Энэ нь бүсийн бусад улсуудыг бодвол даруй 2-3 дахин бага байгаа юм.

Анхан шатны тусламж, үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх нийтийн хамралтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

1977 оны Алма-Атагийн чуулганаас ДЭМБ болон гишүүн орнуудын Засгийн газруудын 2000 он хүртлэх зорилт нь “Дэлхийн нийт хүн ам нийгмийн болон эдийн засгийн хувьд үр бүтээлтэй амьдарч болох эрүүл мэндийн нөхцлийг бий болгох явдал байх болно” гэж тунхагласан тогтоол гаргасан. “Бүх нийтээр эрүүл байх” энэхүү уриалга нь эрүүл мэндийн үйлчилгээнд нийгмийн тэгш байдлын зарчмыг гол баримтлалаа болгож, “хүн бүрт эрүүл мэндийн боломжит төвшинг хангах” зорилт тавьсан юм. Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн 2010 оны илтгэлд хүний үндсэн эрхээ эдлэх боломжийг хангахад чиглэсэн “бүх нийтийн хамралт” гэдэг ойлголтыг “Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих, эмчлэх, нөхөн сэргээх зэрэг бүх төрлийн тусламжийг хүн амд хэрэгтэй цаг үед нь санхүүгийн хүндрэл бэрхшээлд оруулахгүйгээр хүргэх арга зам” гэж тодорхойлсон байдаг. Ядуу эмзэг бүлгийн иргэдийг чинээлэг хүмүүстэй харьцуулахад анхан шатны эрүүл мэндийн байгууллагаар хоёр дахин илүү үйлчлүүлж байна. Тиймээс эдгээр байгууллагын үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах нь шаардлагатай тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Мөн хувь хүнээс эмчилгээ үйлчилгээ авах үедээ шууд хийх төлбөрийн хэмжээг салбарын нийт санхүүжилтийн 25 хувиас хэтрүүлэхгүй байх шаардлагатай. Иргэдийн хувиасаа төлж байгаа төлбөрийн хэмжээ эрс өсч 2010 оны байдлаар эрүүл мэндийн нийт зардлын 41,4 хувьд хүрсэн. Улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгүүдэд өгч байгаа санхүүжилт жил ирэх тусам өсч байгаа боловч хувь хүн эмнэлгээр үйлчлүүлэх үедээ хармаанаасаа шууд төлж байгаа төлбөрийн хэмжээ улам бүр нэмэгдэж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас хэвтэн эмчлүүлэгчийн зардлыг өгч байгаа, гэтэл эмнэлэгт хэвтэж байгаа боловч шинжилгээ оношлогоогоо хувийн лаборатори, хувийн эмнэлгээр хийлгүүлж, эм тариагаа гэрээсээ авчруулсаар байна. Иймээс эрүүл мэндийн санхүүжилтийн стратегийг эргэн харж, дахин боловсруулахдаа уриа лоозонгийн чанартай биш стратегийн хэрэгжилт иргэн хүнд хэрхэн тусах вэ гэж бодож хийх хэрэгтэй байна. Мөн анхан шатны тусламж, үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага зайлшгүй гарч байна. Ялангуяа “Нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багц”-ыг шинэчлэн боловсруулж, өртгийг тооцож, нэг хүнд ногдсон тусламж үйлчилгээний бодит өртөг зардалд суурилсан тариф дээр үндэслэн өрх ба сумын эрүүл мэндийн төвийг санхүүжүүлдэг болох, энэхүү багцад одоо хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөрүүдийг нэгтгэн оруулснаар зардлыг хэмнэх, бодитой хэрэгжих боломжоор хангах шаардлагатай байна.

Төрөөс эмийн талаар баримтлах бодлого, эмийн аюулгүй байдлын талаар Та бүхэн уриалгадаа дурдсан байсан. Энэ талаар тодруулна уу?

Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг тууштай хангаж ажиллах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн жор бичилт, эмийг жороор олгох, нянгийн даслаас сэргийлэхэд тулгамдсан асуудлыг шинэ шатанд хүргэн шийдвэрлэхийн тулд нэн тэргүүнд эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Эм ба эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг шинэчлэн батлаж олон улсын жишгээр эмийн зохицуулалтын бие даасан байгууллагыг тогтвортой ажиллуулах, эмийн зохицуулалтыг бэхжүүлж эмэн эмчилгээнд эмчилгээний идэвх, чанар, аюулгүй байдал, өртөг үр ашгийг чухалчлах, зах зээл дэх хуурамч болон стандартын бус шаардлага хангахгүй эмийн эргэлтийг зогсоох, эм, эмнэлгийн хэрэгслийн төсвийг үр ашигтай зарцуулж зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал юм. Бид бас энэ чиглэлд санаачилга гарган Эрүүл мэнд спортын яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран ажиллаж байна. Тодорхой хэмжээгээр иргэдийн хяналт эмийн салбарт бий болж байна. Бид хямд эмийн хууль, женерик эмийн хууль гэх мэтчлэн олон хуулийг батлуулахаар ажиллаж байна.

Хэрхэн хяналт тавьж ажиллах вэ?

Нам, эвсэл, бие даагчидтай санамж бичиг зурна. Мөрийн хөтөлбөрүүд ил болмогц бид дүн шинжилгээ хийж аль нам эвсэл бие даагчид эрүүл мэндийн салбарт ямар ямар амлалт авсан тухайд иргэдэд мэдээлэл хүргэнэ. Сонгуулийн дараагаар бид хяналт тавьж биелүүлж ажиллахыг шаардахаар төлөвлөж байна.

Учир нь эрүүл мэндийн судлаачид, мэргэжилтнүүд бид ингэж ажиллахгүй бол өнөөдөр эрүүл мэндийн салбар маань хүнд байдалд ороод байна.

Нэг талаараа эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд эхнээсээ хяналт, шаардлага тавьж ажиллаагүйн улмаас өнөөдөр манай салбар ийм байдалд хүрч, хүндрэлд орсон хэдий ч бид алдаагаа засч, оройтсон ч гэсэн нөхцөл байдлыг сайжруулахын тулд ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хамтран, бодитой ажлуудыг хийх болно.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.