Comment.mn

Зуны сонгууль уу, намрын сонгууль уу

Сонгууль дөхлөө гээд улс төр бужигнаад эхэлчихлээ. Цэцийн дүгнэлт гарч Дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн хувь тэнцүүлсэн буюу пропорционалийг Үндсэн хууль зөрчсөн гэчихлээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдийн 28-ыг намын жагсаалтаар сонгох заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзэв. Үүнээс намуудын дунд маргаан дэгдэв. Хэрэв Цэцийн шийдвэр зөв гэж үзэх юм бол өнгөрсөн сонгууль хууль бус байсан уу, одоогийн УИХ хүчин төгөлдөр үү гэх мэт асуудал урган гарч ирж байгаа. Мөн хоёр том нам Н.Энхбаяр болон бие даагчид, жижиг намынханд саад хийх том тохироо хийж, энэ шийдвэрийг гаргуулахад нөлөөлж, захиалсан гэлцэх нь ч байна. Зарим нь жагсаалтад орох гэж гуйж байгаа намынхаа олон хүний хүсэлтээс зугтах аятайхан арга МАН, АН-ын дарга нар сэдээд олчихлоо гэв. Маргааны бас нэг хэсэг нь Цэц өмнө нь буюу 2012 онд гаргаж байсан шийдвэрээсээ өөр шийдвэр гаргасанд байгаа юм. Цэц нэгэнт шийдвэр гаргасан бол тэр шийдвэрийг Цэц өөрөө ч өөрчлөх ёсгүй. Гэхдээ одоогийн байдлаар өөрчилчихсөн. Тиймээс л судлаачид, ажиглагчид, улстөрчид, сонгогчид энэ талаар элдвээр л ярьж байна. Нэгэнт Дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж авсан тохиолдолд Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрээ Их суудлын хуралдаанаараа хэвээр үлдээх нь дамжиггүй.

онгуулийн хуулийн хувилбар өөрчлөгдөх тухай мэдээлэл зарим хүний тархинд цус харвуулах шахаж, байхад зарим нэгэнд нь баярт мэдээ шиг сонсогдож байгаа. Эртнээс тойрогт өрсөлдөнө хэмээн тойглож ирсэн нөхдөд боломж болж байгаа ч жагсаалтад орно гэж яригдаж байсан намын лидерүүд тойрог руу орж ирснээр тойрогт дэвшихийг санаархаж байсан зарим хүн нэр дэвших боломжгүй болж байгаа юм. Нэг үгээр хэлбэл лидерүүдэд шахагдана. Харин жагсаалтад орно гэж төлөвлөчихсөн нөхөд дөрвөн жил тойргоо ч тойглоогүй, бараагаа ч харуулаагүй сэтгэл амар явсан. Тэд Цэцийн энэ шийдвэрт таатай хандаагүй нь ойлгомжтой. Мөн эмэгтэйчүүдийн хувьд өнгөрсөн парламентад нэлээдгүй олон суудал авсан ч тойрогт өрсөлдвөл ийм тооны эмэгтэй гишүүд ялж гарч ирэх магадлал багасч байгаа юм. Энд бас нэг зүйл дурдахгүй өнгөрч боломгүй. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Сонгуулийн хууль өөрчлөхөөр хэлэлцэхдээ өмнө байсан “Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд гар хүрэхгүй” гэсэн заалтыг авчихсаныг хэн ч анзаараагүй. Сая л сонгуулийн тогтолцоо өөрчлөх тухай ярихад аль хэдийнэ хуулиас энэ заалт хасагдсан байсан.

Одоо юу болох вэ. Хоёр том нам жижиг мажоритараар явах хувилбар дээр санал нэгдэн Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авч таарах нь. Хүлээгээд авсан тохиолдолд дараагийн ажлаа яаравчлуулах хэрэгтэй. Аль ч тохиолдолд сонгууль болдгоороо л болно. Харин зун уу, намар уу. Цэцийн шийдвэртэй холбоотой намууд ч, хувь хүмүүс ч гайхах нь гайхаж, сандрах нь сандарч, үймэлдлээ. МҮАН, МАХН-ынхан хурал хаяж, эсэргүүцэж байгаа ч энэ нэг их нөлөө үзүүлж чадахгүй. Бүгд найрамдах намын дарга ч бас Цэцийн шийдвэрийг эсэргүүцчихсэн л ярьж байна лээ.

Хэрэв сонгууль хуучнаараа холимог хувилбараар буюу пропорционалиар явбал сонгуулийн үр дүн өмнөх сонгуулиас нэг их өөр гарч чадахгүй. Тав, арван хүний л наана цаана нэмж хасагдах төдий өөрчлөлт гарна. Тэрнээс өнөөгийн улс төрийн тавцанд гол тоглогчид болох МАН, АН-ын аль нэг эрх барьж, саналын зөрүү нэг их хол байж чадахгүй болов уу.

Ерөнхийдөө одоогийн парламент шиг хамтарсан байх бөгөөд сөрөг хүчний үүрэг нөлөө төдийлөн их байхгүй. Тиймээс сөрөг хүчний гол үүрэг хяналт тавих шаардлага бага болно. Яг л өнгөрсөн дөрвөн жилийнхтэй чанарын ялгаагүй. Мөн зарим хашир хүний хэлдгээр холимог тогтолцоо нь зарим нэг сөрөг үр дагавартай. Монголд парламентын засаглал тогтоод 25 жил болж байгаа ч намууд нь ч парламент нь ч төлөвшөөгүй. Сонгогчдын боловсролын түвшин муу, хүмүүсийн ёс суртахуун доройтсон энэ үед холимог хувилбар буюу 28 нь жагсаалтаар орж ирэх нь гадны тусгай албадын болон гадаадын томоохон олигархи буюу томоохон компаний гар хөл болсон хүмүүс жагсаалтаар орж ирж болзошгүй гэх юм билээ. Үндсэн хуулийн Цэц үүнийг хааж өгч байгаа нь төрийн хар хайрцагны бодлогыг хэрэгжүүлж байгаа хэрэг гэж Цэцийн шийдвэрийг тайлбарлаж суугаа хүмүүс бий.

Мажоритар системийн сайн тал нь Үндсэн хуулийн эрхийнхээ дагуу хүнээ сонгож байгаа хэрэг гэх. Засаглалыг нэг нам дангаар барих боломж нь илүү. Хяналт тавих боломж бий болж, хуйвалдаан багасана гэж тайлбарлаж байна.

Мажоритар системээр явах болсон нь жижиг намуудыг шахаж хавчсан, улс төрийн тавцангаас зайлуулах гэсэн оролдлого гэж энэ тогтолцоог эсэргүүцэгчид үзэж байгаа. Угтаа холимог систем нь том намуудыг давамгай ялах боломж олгоогүй хэрнээ жижиг намуудад ямар нэг хэмжээгээр парламентад суудалтай болох боломж олгосон. Тухайлбал жижиг намууд тойрогт өрсөлдөөд нэг ч хүн ялаагүй хэрнээ нийт сонгогчдын саналын таван хувийг авчихсан тохиолдолд жагсаалтын эхэнд бичигдсэн хоёр хүн парламентын гишүүн болчихож байгаа юм. Тиймээс л жижиг намууд ялахгүйгээ мэдэж байсан ч бүх тойрогт хэн нэгнийг нэр дэвшүүлж цөөн ч хамаагүй санал авч нийлбэрээрээ тэр нь таван хувийн санал болчихно. Тэгээд л парламентад суудалтай болчихож байна. Өнгөрсөн сонгууль яг ийм байсан.

Одоо яригдаж байгаа мажоритар системийн муу талыг мөнгөний сонгууль болно гэж болгоомжлох хүмүүс бий. Угтаа сонгогчид саналдаа их харам байдаг. Хуульд ч хатуу заачихсан, хяналт ч чангарсан, хэдэн төгрөг тарааж хүндээ хөнгөнөөс өгөх хүн харьцангуй цөөхөн байх биз. Сонгогчид ч одоо сонгууль өгөөд туршлагажчихсан. Өгснийг нь авчихаад өөрийнхөө санал өгөх хүнийг дугуйлна гэдэг болсон. Тэгэхээр мөнгө тараах бодолтой байгаа хүмүүс байгаа бол хашир нь дээр шүү. Тэртэй тэргүй ялах байсан бол мөнгө тарааж баригдаад хүндээ хөнгөнөөс гэдэг юм болох вий. Жижиг тойрог цөөхөн хүн хэн хэнээс мөнгө авсан байтугай, хэнийхээр хэн ороод гарсныг анддаггүй улс болохоор мөнгө тараахыг ч харин ч нэг амархан барина.

Ямартай ч энэ удаагийн сонгууль жижиг мажоритар хувилбараар явах нь бараг л тодорхой болоод байна. 1996, 2000, 2004 оны сонгууль энэ хувилбараар явж байсан. 2008 онд томсгосон мажоритар хувилбараар сонгууль болсон. Олон мандаттай томсгосон тойрог. Монгол Улсаа 26 тойрог болгоод тойрог бүрт 2-4 мандаттай байсан. Мөн 76 нэр дэвшигч бүгдийг саналын хуудас дээр жагсч, Монгол Улсыг нэг тойрог болгоё гэсэн санал ч бий. Энэ тохиолдолд шинээр хүн гарч ирэх магадлал бараг л тэг хувьтай юм. Ямар ч тохиолдолд хуучин, мэддэг хүмүүсээ л дугуйлж таарна. Хэрэв 76 тойрогтоо 76 нэр дэвшигчийн нэрийг зоовол учир замбараагүй олон хүний нэр бичих болно. Учир нь нам болгон 76 хүн дэвшүүлнэ. Мөн жагсаалтын 28-аа бүгдийг саналын хуудас дээр нэрийг нь зоож санал хураалт явуулах хувилбар ч зарим нэг хүн ярьж байгаа.

Хэрэв мажоритар системийг нэгэнт сонгох бол яарах хэрэгтэй. Учир нь сонгууль болох хуулийн хугацаа дөхлөө. Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж, шийдвэрээ яаран гаргахгүй бол жинхэнэ холион бантан болох нь. Иймээс аль болох хугацаандаа амжуулж сонгуульдаа бэлдэх нь чухал байна. Дэвших санаа байвч дэвшиж чадах эсэхээ мэдээгүй олон хүн байна. 18 хоногт сурталчилгаа явуулж танигдана гэдэг маш хэцүү. Хэрэв амжиж Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол сонгуулийг намар есдүгээр сарын дундуур хийх хэрэгтэй юм. Нүүдэлчнээс суурин амьдралд шилжсэн сүүлийн 80-90 жил иймэрхүү явж ирсэн. Зарим улстөрч энэ талаар санал хэлээд байгаа. АСЕМ-аа дуусгаад сонгуулиа хийе, гэж. Монголчууд долдугаар сарын 1-нээс амраад явчихдаг. Зунжин эзгүй хөдөө хээрээр амарч зугаалж, наадамлаад есдүгээр сарын нэгэнд л нэг ажил төрлөө бодож, сургууль соёлоо барааддаг улс. Энэ үед сонгуулиа хийхэд болохгүй зүйлгүй гэх хүмүүс ч байна. Есдүгээр сарын 1-нээс эхлэн бүгд цугладаг. Энэ жил мөн л тэгэж таарна. Тэгэхээр сонгуулийг намар хийсэндээ ч буруутахгүй гэж тэд үзэж байгаа биз ээ. Гэвч энэ удаа зуны сонгууль уу, намрынх уу гэдгийг ойрын хэдэн өдрүүдийн үйл явц л тодорхой болгоно.


Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.