“ХЯТАД, СОЛОНГОСУУД 800 МЯНГААС 1.5 САЯЫН ХООРОНД АВЧ БАЙНА”
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг зарах хүсэлтэй иргэдийн хөл тасрахгүй байна. Өнгөрсөн сарын эхнээс “1072 хувьцааг худалдаж авч байна, зарж байна” гэсэн мэдээлэл иргэдийн дунд түгэж Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг Урт цагааны орчимд олон зуун иргэн дугаарлаж эхэлсэн. Тэгвэл одоо зөвхөн Урт цагаан ч бус Эмээлт зах зэргээр нийслэлийн хэд, хэдэн цэгт хувьцааны сураг гарч, иргэд хошуурсаар байна.
Өчигдөр Урт цагааныг зорилоо. Ташаа мэдээлэл гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдсэнээс хойш иргэд нэг дор олноор цугларахгүй, энд тэнд бөөгнөрөн сууж, зарим нь машиндаа сууцгааж байна. Цугласан хүмүүсээс хувьцааны талаар тодруулбал “Долоо, найм хоног энд сууж байна. Зарж чадаагүй л байна. Хүмүүс авч байгаа гэх юм. Хятад, солонгос хүмүүс авдаг бололтой. 800 мянгаас нэг сая гаруй төгрөгөөр авдаг гэсэн” гэв. Өөр нэг бүсгүй “Гурав дахь өдрөө сууж байна. Ядаж нэг сая төгрөг болгочихмоор байна” гэх. Яг зарсан хүн байна уу, та өөрийн нүдээр харсан уу гэвэл “Зардаг л гэсэн, хараагүй. Ямар сайндаа энд хөхөрч суух вэ дээ, хэдэн төгрөг олдчих болов уу гэж найдаж сууна” гэлээ. Тэдний хэлж буйгаар хувьцаа худалдаж авч байгаа гэцгээж байв.
Одоогоос дөрвөн хоногийн өмнө нэгэн иргэн /нэрээ хэлэхийг хүсээгүй/ хөдөөнөөё хотод ирээд өөрийн болон гэр бүлийн хэд, хэдэн хувьцааг тус бүрийг нь нэг сая төгрөгөөр заржээ. Одоо ах дүү нарынхаа хувьцааг авчирч зарахаар нутаг буцаж буйгаа ярьсан юм. Эдгээр нь бодит мэдээлэл мөн эсэхийг цааш нь сурвалжлав.
Т.Жамбаажамц: 1072 ХУВЬЦААГ БУСДАД ШИЛЖҮҮЛЭХ ЭРХ ҮҮСЭЭГҮЙ
Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хорооноос энэ асуудлаар өчигдөр мэдээлэл хийв. Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын газрын орлогч дарга Т.Жамбаажамц “Өнөөдрийн байдлаар хувьцаа анх эзэмшүүлсэн хүнээс өөр хүн рүү шилжихгүй байх нөхцөл нь хэвээр хадгалагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, ямар нэг байдлаар өөр этгээдэд худалдаж, шилжүүлэх, өмчлөх, бэлэглэх эрх үүсээгүй гэсэн үг. Яг хэдийнээс энэ хувьцаа арилжаалагдаж, эзэмшигч нь хэдийнээс зарж, үрэх асуудал тодорхойгүй байна. Засгийн газраас үүнийг шийднэ. Тиймээс хувьцаа зарж, худалдан авч байгаа гэх мэдээллүүд хуурамч, олон нийтийг төөрөгдүүлсэн гэдгийг хэлье. Одоогоор “Эрдэнэс тавантолгой” компанийн 83 хувийг нь төр, 17 хувийг нь 2.5 сая иргэн эзэмшиж байгаа, үлдсэн 0.6 орчим хувийг 500 гаруй аж ахуй нэгж, компани эзэмшиж байгаа” гэлээ.
Б.Баатархүү: ШАЛГАЛТЫН ЯВЦАД НЭГ Ч ИРГЭН ХУВЬЦААГАА ЗАРСАН НЬ ТОГТООГДООГҮЙ
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн байгууллагаас хувьцаа худалдаж байна, худалдан авч байна гэх мэдээлэлд шалгалт явуулж байна. Шалгалтын дүнд хувьцаагаа зарсан, худалдан авсан асуудал одоо хүртэл тогтоогдоогүй байна. Энэ бол худал ташаа, иргэдийн ам дамжсан яриа. Цагдаагийн байгууллагаас энэхүү шалгалтыг үргэлжлүүлээд энэ худал мэдээллийг санаатайгаар тарааж, зохион байгуулж, иргэдийг цуглуулж, ямар нэг санаа зорилго агуулж байгаа хүмүүсийг олж илрүүлж, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцно” гэв.
“Эрдэнэс Тавантолгой”: ЗАСГИЙН ГАЗАР ШИЙДВЭР ГАРВАЛ ХУВЬЦААГ ИРГЭДЭД ШИЛЖҮҮЛЭХЭД БЭЛЭН
Түүнчлэн энэ асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны мэргэжилтэн Ц.Төмөрсүхээс тодруулсан юм. Тэрээр “Манай компани үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Өнгөрсөн сарын 29-нд компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал амжилттай болсон. Ер нь тогтоол, журмаа гаргаад 1072 хувьцааны эрхийг ард түмэнд өгвөл татгалзах зүйл байхгүй. Мэдээж энд бол авлаа, өглөө гэсэн мэдээлэл ирээгүй. Компани Засгийн газраас шийдвэр гаргавал хүлээж авахад бэлэн байгаа. Одоогийн байдлаар төр 80 гаруй хувийг эзэмшиж байгаа учраас бид шийдвэр гаргах эрх байхгүй” гэв.
Иргэдэд хуурамч мэдээлэл тарааж дундаас нь ашиг олж байсан хэмээн цагдаагийн байгууллагаас хоёр хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад буй. Тодруулбал, “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Алтаншагай, үнэт цаасны “Стандарт Инвестмент” компанийн гүйцэтгэх захирал Д.Жаргал нарыг шалгаж эхэлсэн байна. Тэд хамтран “Новел Инвестмент” гэх салбар компани байгуулан иргэдийн дансыг нээж эхэлсэн ч салбар компани Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл аваагүй байжээ. Түүнчлэн иргэдээс хураасан хураамжийн 5000 төгрөгийг хувааж авснаа цагдаа нарт мэдүүлсэн байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин