УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд 80.4 хувийн саналаар дэмжлээ. Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн хуулийн пропорциональ тогтолцооны заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг өнгөрсөн сарын 22-ны өдөр гаргасан билээ. Ингэснээр 2016 оны сонгууль мажоритараар системээр явагдахаар болж, жагсаалтаар УИХ-д сонгогддог байдал байхгүй болж байна. УИХ-ын дарга З.Энхболд энэ үеэр одоогийн УИХ чадамжтай, энэ асуудал дээр Цэц, УИХ нэг хоёр ойлголттой байгаа гэдгийг тодотголоо. Зургадугаар сарын 29-нд сонгууль явдагаараа явна, харин нэр дэвшүүлэх хугацааг өөрчлөхөөс аргагүй болж байна гэдгийг онцоллоо.
УИХ-аар одоо сонгуулийг жижиг 76 тойргоор явуулах уу том 26 аар явуулах уу гэдгийг хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай болж байна.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлсэн юм.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: МАН өөрсдөө олонх байхдаа холимог тогтолцоог сонгодог хувилбар гэж тайлбарлаж байснаа одоо үүнийгээ буцаах гээд байгаад гайхаж байна. Нөгөө талаас жагсаалтыг байхгүй болговол нийгмийн төлөөлөл болсон хүмүүс их хуралд орж ирэх боломжгүй болно. Мөнүүнийг дагаад эмэгтэй гишүүдийн квотыг устгах асуудал яригдаж байгаа. Тиймээс энэ талаар эмэгтэй гишүүд тууштай явна. Жагсаалт байхгүй болбол нийгмийн зорилтот хэсгээс хүмүүс хууль тогтоох төвшинд орж ирэхгүй болно. Нэр дэвших боломжгүй болно. Ирээдүйд маш том ухралт хийж байна гэдгээ ойлгох хэрэгтэй. 60 гаруй орон пропорциональ системээр явж байна. 11 гишүүний 40 хувь нь жагсалтаар орж ирсэн. Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Хүүхдийн хуульд манаач хийсэн. Ийм том дэвшил гарсан зүйлээсээ ухрах нь. УИХ-ын эрэгтэй гишүүд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж аваад Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа эмэгтэйчүүдийн квотыг устгах талаар ярьсан байгаа. Ийм зүйлээр далимдуулж квотыг устгавал эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалж тэмцэнэ.
УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж: Үндсэн хуулийн цэцтэй холбоотой шуугиан сүүлийн нэг жилд маш их гарч байна. Цэцийн шийдвэр амьдралтай зөрчилддөг. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө явах хэрэгтэй. Тэрнээс аль нэг нам захиалсан, тойргоос сонгогдсон гишүүдийн талаар ярих хэрэггүй. Жагсаалтаар сонгогдсон гишүүдийг муулж хэлэх шаардлага байхгүй, өнөөдөр жагсаалтаар сонгогдоод байнгын хорооны дарга болоод явж байгаа хүмүүс ч байгаа. Энэ дүгнэлтийн тухайд бол ҮХЦ сонгуулийг шударга явуулах тухай биш зөвхөн ард иргэдийн дунд өөрсдийнхөө нэрийг өсгөхийн тулд л гаргасан гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авах ёстой, учир нь нийгмийн захиалга тийм байгаа юм. Яг эрх зүйн дагуу яривал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарчихсан учраас жагсаалтаар сонгогдсон 28 гишүүний эрх түдгэлзчихсэн байгаа. Даанч нөгөө 28 гишүүн нь мэдээгүй юм шиг суугаад байгаа юм.
УИХ-ын гишүүн Л.Цог: Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас өөр арга байхгүй. Монгол Улсад холимог тогтолцоо байхгүй, тэгэхээр Цэц хуулийн дагуу л шийдвэр гаргасан. Зарим гишүүд Цэцээс хоёр дүгнэлт гаргасан мэтээр яриад байна, гэтэл яг үнэндээ хоёр шийдвэр гараагүй. Тэрийг ухаж олж унших хэрэгтэй. Мөн Цэц захиалгаар ийм шийдвэр гаргалаа гээд байх юм, үнэндээ бол энэ чинь жил гаруйн өмнө иргэний гаргасан гомдлын дагуу хэлэлцсэн. Р.Гончигдорж гишүүн өөрөө Үндсэн хуулийн цэцийн дарга болох гээд яваад байж ийм зүйл ярьж болохгүй.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Өнөөдөр бид жагсаалт Үндсэн хуулийг зөрчсөн талаар ярилцаж байна. Нэгэнт цэц дүгнэлтээ гаргачихаад байхад бид цаг алдвал сонгууль хойшлоход хүрнэ.Ардчилсан намын гишүүд цэцийн дүгнэлтийг хүлээж авах дургүй байр шиг байна. Үнэндээ АН-ынхан өнгөрсөн дөрвөн жил Засгийн газрыг самарсан. МАН захиалгаар Үндсэн хуулийг өөрчлүүлж байгаа мэтээр дэмий зүйл яриад байх юм.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Би цэцийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжиж байгаа. Гэхдээ энэ дүгнэлт ирээдүйд ямар нэг ноцтой байдал үүсэхэд нөлөөлж магадгүй. Өнөө долоодугаар сарын нэгэн гэдэг гашуун туршлага бидэнд бий.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Ойлгомжтой, тодорхой асуудлыг тодорхойгүй байдалд шилжүүлсэн нь УИХ улс төр судлаачдын зөв бичээд байгааг анхаардаггүй. Үндсэн хууль судлаачид хамгийн зөв гаргалгааг хэлсэн байна лээ. Энэ асуудлыг бид шийдэх байх. Гэтэл дөрвөн жил болсон байтлаа огт шийдээгүй асуудлууд байна. Сонгогчидтойгоо та бүхэн уулзаж байгаа. Бүх намууд энэ дөрвөн жилд татварын шинэчлэл хийнэ гэж амласан. Одоог болтол хийсэнгүй. Бизнесийн орчныг сайжруулъя, зөвшөөрлийг хялбаршуулъя гэж бүх нам амласан. Сонгогчиддоо очоод юу гэж хэлэх вэ. Сонгуулийн тогтолцоо ярьсаар таарлаа гэх үү. Зөвшөөрөл хүнд суртлыг байхгүй болгоё гэж ярьсан, тогтолцоо ярьсаар таарлаа гэх үү. Хүмүүсийн амьдралыг сайжруулах, ажиллах орчныг сайжруулах, орлогыг нь нэмэгдүүлэх, тогтвортой байлгах хуулиуд хэлэлцэгдэхгүй байгаад байна. Тийм учраас хоёр намын бүлэгт хандаж хүсэлт тавихад ард түмэнд хэрэгтэй, бизнес эрхлэгчдэд хэрэгтэй хуулийг шахаж байгаад шийдээд яваасай.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрээ Дунд суудлын хуралдаанаар үгүйсгэж байгаа. Захиалгын шийдвэр гаргасан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцооны эсрэг зогсож байгаад гайхаж байна. Хоёр алхмаар урагшилж байснаас хойш ухарлаа. МАН төлөвшөөгүй нам байна. Бид буруу юм хийсэн учраас одоо болъё гэж байгаа нь 2016 онд яаж олонхи болох вэ гэдэг бодол зүүдээрээ захиалгаа гаргачихаад сууж байна. Үүнд харамсаж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Холимог тогтолцоотой байвал Монголын парламент төлөвшихөд дөхөм болно. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эсрэг гарсан тул хүлээж авахаас өөр аргагүй боллоо. Гэхдээ би нэг зүйлд ихээхэн эмзэглэж байна. Цэцийн дүгнэлтийг далимдуулж олон нийтийн санаа бодлыг үймүүлж, нийгмийг талцуулж улс төр хийн ашиг хонжоо хайх хэрэггүй. Ё.Отгонбаяр гишүүн улс төрд олон жил ажилласан хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүн. Гэтэл олон нийтийн санаа бодлыг үймүүлсэн буруу зүйлд уриалж байна. Одоо та нар бүгдээрээ гадагшаа зугатаана гэх мэт юм ярьж байна. Сонгуулийн үр дүн гараагүй байхад ингэж сүрдүүлж байгаа юм чинь МАН ялбал толгой авах юм байна. Ийм коммунист үйлдлээ зогсоох хэрэгтэй. Бид ийм зүйлээр улс төр хийж болохгүй.
Т.Энхэлээ
Эх сурвалж: 24tsag.mn