Урсдаг зар шиг фэйсбүүкийн постуудаас “Бор толгодын хавар” дууг олсноос хойш сонсох дуртай болсон юм. Сонирхоод дууны тухай мэдээлэл хайх нь ээ, төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн ая, ардын жүжигчин хөгжмийн зохиолч А.Энхтайваны хөгжим ажээ. “А.Энхтайван л теноруудад дуу хийх юм даа. Энэ гурав (УДБЭТ-ийн гоцлол дуучид Г.Шижирболд, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал нарыг хэлж байна) цаашдаа бүр сайн дуулна аа. Замын дундаас л буцаж болохгүй. Монголоор дүүрэн баритонууд байхад тенорууд хичээгээрэй” гэсэн сэтгэгдэл ч байна. 2014 онд болсон “Монгол хит” нийтийн дууны уралдаанд энэхүү дуу тусгай байр эзэлснийг ч мэдэв. Ер нь нийтийн дууны үнэлэмж, чанар чансааг сайжруулахад дээрх шиг наадам зохион байгуулах нь зүйтэй юм байна гэж бодогдсон.
Дуучин Д.Амартүвшингийн тухай өгүүлэхийн өмнө дээрх бодол орж ирсэн нь учиртай. Тэрбээр СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг өнгөрсөн онд төгссөн, лирический тенор буюу цээл тенор хоолойтой дуучин. Түүний дуулсан, Н.Баасандоржийн ая, Ж.Даваадамдингийн үг “Хайран өдрүүд” дуу дээрх уралдааны гуравдугаар байрт шалгарсан. Хэдийгээр дуурийн дуулаачийн мэргэжил эзэмшсэн ч нийтийн дууны салбарт хүч үзэж, энэ салбар дахь ижил зүйлсийг давтахгүй, ялгарахын уран бүтээл хийхийн төлөө эрэл хайгуул хийдгээрээ онцлог. “Нууцхан нандин” хэмээх түүний шинэ уран бүтээл үүний жишээ. Учир нь тэрбээр дуундаа жайв (jive) бүжгийн хөнгөн хэмнэлийн элемент оруулсан нь дуугаралтын хувьд сонирхолтой болжээ. Мөн удахгүй олон нийтэд цацах урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Одын ая, профессор Н.Ням-Осорын үг “Өндөр заяа минь түшнэ” дуу ч бас уран бүтээлийнх нь шинэ эрэл хайгуулын нэг хэлбэр гэж дуучин Д.Амартүвшин хэлсэн. Мөн Ч.Алтантүлхүүрын шүлэг, Н.Баасандоржийн аялгуугаар бүтсэн “Ээжийн минь сэтгэлийн үг” нэртэй бас нэг уран бүтээлээ Эх үрсийн баяраас өмнө олны хүртээл болгохоор ажиллаж байгаа юм билээ.
Хөвсгөл аймгийн Хатгал сумын харьяат түүний уран бүтээлд “Гүн цэнхэр далай ээж”, “Хоймор нутгийн харуул” зэрэг нутгийн тухай багагүй хувийг эзэлнэ. Шинэ гарсан, “Нууцхан нандин” дуу бас нутгийн уран бүтээлчдийн хамтын бүтээл ажээ. Тухайлбал, Хатгал нутгийн гаралтай яруу найрагч Ж.Даваадамдин, Б.Дэлгэрмөрөн нар шүлгийг нь бичиж, мөн нутгийнх нь Д.Мөнхжаргал ая хийсэн байна. Хэлд ороогүй байхаасаа хөгжмийн өнгийг зөв дагаж дуугардаг, дунд сургуулийнхаа урлагийн үзлэгийг “авч гардаг” байсан түүнийг хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав гуай есдүгээр ангид байхад нь “тоож”, улмаар СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид оржээ. Ангийн багш нар нь ч түүнийг дууриар нь явуулах сонирхолтой байж. Яагаад үүгээрээ яваагүйг түүнээс лавлахад, “Цаашдаа би мэргэжлийн дуу дуулна гэж бодож байгаа. Нас залуу, хийе бүтээх ажил зөндөө байна” гэж хариулсан юм.
Ямартаа ч тэрбээр уран бүтээлээс уран бүтээлийн хооронд амьдарч, түүндээ сэтгэлээ зориулж явна. Дээр хэлсэнчлэн “Монголоор дүүрэн баритонууд байхад” Д.Амартүвшин тенор хоолойгоо илүү “өнгөлж”, мэргэжлийн уран бүтээлд зорих нь түүний онцгойрох гол өнцөг байж ч болох юм. Түүний цаашдынх нь уран бүтээлд амжилт хүсье.
Эх сурвалж: Eagle.mn