Зөвхөн үнэнхүү сайн номыг л уншваас зохино. Өөрийн ухаанаа ямар ч сонголтгүйгээр элдэв янзын номоор бордоно гэдэг оюуныхаа хүчийг нэмэхгүйгээр үл барам бүр баллаж хаяна гэсэн үг /Франческо Петрарка/
Өнөөдөр бид бүхэн ямар нийгэмд амьдарч байгаагаа ч ойлгох сөхөөгүй, зав чөлөөгүй амьдрал дунд эргэлдсээр. Нэг л их завгүй, амжихгүй, ажилтай гэсэн улс. Үр хүүхэд, хань ижил, гэр бүл, өөртөө хүртэл зав гаргах нь хомс байх болжээ. Гэвч чин үнэндээ та л цаг зав гаргахгүй юм бол хэзээ ч цаг хугацаа таны төлөө зогсчихгүй шүү дээ. Бид өөрсдөө “завгүй” гээд тодотгол өгчихсөн энэ амьдралын хүрдэн дунд эргэлдэхдээ цөөнгүй зүйлийг ялгаж салгаж чадалгүй төөрөгдөлд орсоор явна. Үүний нэг тодорхой жишээ бол бид өөрсдийгөө техник технологийн эрин зуунд амьдарч байгаа учраас мэдлэг мэдээллийг хангалттай авч чадаж байна хэмээн эндүүрч байгаа явдал юм. Гэхдээ та нэг бодоод үз. Та цахим орчин, хэвлэл мэдээллийн сувгуудаар мэдээлэл, мэдлэг хоёрын яг алиныг нь аваад байна вэ? Шар мэдээ, улс төрийн тойм мэдлэг мөн үү? Оддын хувийн амьдрал, олон зуун жиргээ мэдлэг мөн үү? Эд бүгд зүгээр л нэг мэдээлэл гэдгийг нэгэнтээ ялгаж салгаж ойлгох цаг болжээ. Бид ийм л хэрэгтэй, хэрэггүй хэдэн мянган мэдээлэл дунд живж мэдлэгээр цангаж байна.
Тэгвэл мэдлэгийг хаанаас олж болох вэ? Энэ асуултад маш олон хүн ном сэтгүүл гэж хэлэх болов уу. Тийм ээ, гэхдээ унших ном сэтгүүлээ сайтар судалж, үнэхээр надад хэрэгтэй юу үгүй юу гэдгээ тодорхойлохгүй бол цагийн гарз, мөнгөний үрлэг болсон, ямар ч ач холбогдолгүй, мэдлэг өгөх тал дээр анхаарахаасаа илүүтэй бизнесийн зорилгоор бүтээгдсэн олон ном нэртэнгүүд бий болсон байна лээ гэдгийг өөрийн биеэр мэдэрсний хувьд сануулан хэлье. Учир юун хэмээвэл, миний хувьд их сургууль төгссөнийхөө дараа 7 хоногт нэг ном уншихаар төлөвлөсөн юм. Монгол хэл, ахуй соёл, ёс заншлаа мэдэхийг хичээж ихэд сонирхдогийн хувьд хамгийн түрүүн энэ чиглэлийн номыг хайлаа. Залуу хүний хувьд сүүлийн үеийн судалгаа баримттай ном надад чухал байсан. Гэвч энэ салбарын мундагууд гэгддэг эрдэмтэн профессоруудын 70, 80-аад онд хэвлэгдсэн номынх нь удиртгал 2000 оноос хойш хэвлэгдсэнтэй нь үг үсэггүй адилхан байсан юм. Нэг ялгаатай зүйл нь зураг хөргөөр чимэглэж, хавтсыг нь л шинэчилсэн юмдаг уу даа. Үүний төлөөлөл болгоод Д.Цэрэнсодномын “Домог үлгэр” номыг дурдаад өнгөрье. Хэдэн арван жилийн өмнөх судалгаа сэлт нь байрнаасаа хөдлөөгүй байна гээд бодохоор нэг талаар үгүй ээ тэгээд энэ судлаачид чинь юу хийгээд байгаа юм гэж асуумаар, нөгөө талаар чаддагаараа төр засгаа буруутгамаар. Гэхдээ тэдэн дундаас хайж байсан номоо олсон шүү. “Монсудар” хэвлэлийн газраас гаргасан “Оньсого”, “Домог”, “Үлгэр”, “Ерөөл магтаал” гэх мэт аман зохиолын 8 цуврал, мөн “Нүүдэлчдийн тайлбар толь” хэмээх 2 цувралыг олж авсан.
За тэгээд тэрүүхэндээ бухимдал маань намжиж цааш уран зохиолын ном сонирхлоо. Уг нь бол их сайхан нэр устай, өнгөлөг мөнгөлөг хавтастай ном олон байна аа. Даанч хуудсыг нь сөхөөд үзэхээр нойр хүргэм, ойлгомжгүй, юу хэлэх гээд байгаа нь тодорхойгүй ёстой л нэг бантан гэж хэлэхэд болохоор ном нэртэнгүүд олон байлаа. Бүр нөгөө олон улсын “best seller” номуудыг хүртэл орчуулах гээд танигдахгүй болтол нь оршуулаад хаячихсан нь ч байдаг юм байна. Гэхдээ нэг олзуурхууштай зүйл нь хэвлэлийн компаниудын орчуулан эмхэтгэж, зохион гаргаж байгаа ном бүтээлүүд чанаржсан нь илт мэдэгдсэн шүү. Дизайнаас авхуулаад утга агуулга шинэлэг байхын дээр үг хэллэгийн тайлбар, эх сурвалж зэргээ товч бөгөөд тодорхой байдлаар оруулж өгдөг нь ихэд таалагдсан.
Дээр дурдсанчлан цэвэр бизнесийн зорилготой ном бас их байна. Тухайлбал, Хэрхэн баяжих вэ?, Эмэгтэй та хэрхэн баян хүнтэй гэрлэх вэ? гэх мэт. Эдгээр номууд ч үүргээ сайн биелүүлж борлуулалтаараа дээгүүрт явдаг гэнэ билээ. Нөгөө талаас бидний олонх нь энэ мэт ном унших сонирхолтой гэсэн үг байх нь ээ дээ.
Сэтгүүлийн тухайд мөн л ялгаагүй эх хэл, соёл болон шинжлэх ухааны холбогдолт цөөнгүй сэтгүүл байдаг боловч хүмүүс ихэвчлэн соронз, гранд гэх мэт өнөөх л оддын хувийн амьдрал, аар саархан хов жив хөөцөлдсөн сэтгүүлийг сонирхдог гэдгийг номын дэлгүүрийн худалдагч хэлж байсан юм. Сүүлийн үед худалдан авагч нарын эрэлт хэрэгцээг анзаарсандаа ч тэрүү иймэрхүү төрлийн сэтгүүлүүд мэр сэр нэмэгдсээр байгаа нь оюуны доройтол хэр хэмжээнд явааг харж болохоор байгаа юм.Тиймээс эрхэм уншигчид маань К.Д. Ушинскийн “Уншина гэдэг гайгүй хэрэг, чухам юу унших, уншсанаа хэрхэн ухаарч авах явдал бол хамгийн чухал” хэмээсэнчлэн оюун ухаанаа хооллож байна уу, хогоор дүүргээд байна уу гэдэгтээ эргэн нэг дүгнэлт хийгээд үзээрэй. Харин ном бүтээгч номын нөхөд маань уншигчаа хүндэтгэн үр өгөөж, ач холбогдолтой, мэдлэг өгөхүйц, үг үсэг найруулга гээд бүхий л талаараа шаардлага хангасан ном бүтээл хийгээсэй гэж хүсэх байна.
Уншигч Б.Батцэцэг