Comment.mn

АСЕМ-ын бэлтгэл хийхийн тулд Туул голын урсгалыг хаажээ

Монгол Улс АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг ирэх долдугаар сард хийх гэж байгаа билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг уулзалтыг зохион байгуулах эрхийг авсан байдаг бөгөөд өнөө жил “АСЕМ”-ын 20 жилийн ой тохиож байгаагаараа онцлог жил юм байна. Ази-Европын уулзалт буюу АСЕМ нь Ази, Европын орнуудын хамтын ажиллагааг харилцан хүндэтгэх, эрх тэгш хамтран ажиллах зарчмын үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой үйл явц юм.

Өөрөөр хэлбэл үүнд Европын холбооны гишүүн 27 улс, Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны гишүүн 10 улс, Австрали, БНСУ, БНХАУ, Бангладеш, Казакс­тан, Монгол, Норвеги, ОХУ, Па­кистан, Хорват, Швейцар, Шинэ Зе­ланд, Энэтхэг, Япон болон Ев­ропын комисс, АСЕАН-ы Нарийн бич­гийн даргын газар зэрэг нийт 53 гишүүн хамрагддаг.  Тиймдээ ч өмнөх жилүүдэд уг уулзалтыг нийгэм эдийн засгийн хувьд нэлээд хөгжсөн улс орнууд зохион байгуулсаар ирсэн түүхтэй. Харин эдийн засгийн хямрал, сонгуулийн жилтэй давхцуулан манайх зохион байгуулах гэж байгаа нь нийгэм эдийн засгийн хувьд нэлээд хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа юм.

 Тиймдээ ч АСЕМ-ын үеэр иргэдийг  хөдөө явж, амрахыг Засгийн газраас уриалж буй. Шуудхан хэлэхэд АСЕМ-д оролцох өндөр албан тушаалтнууд болон холбогдох хүмүүсээс бусад нь гадны зочдын нүдэнд үзэгдэхгүй, машин техниктэйгээ хотын замаар явахгүй байхыг эртнээс сануулсаар байгаа. Ингэхийн тулд уулзалтын үеэр бүх ажилчдыг амраана, албан байгууллагууд, худалдааны төвүүдийг ажиллуулахгүй гэдэг дүрэм гаргасан аж. Тэгэхээр хөдөө явж чадаагүй нь гэрээсээ цухуйхгүй бөгөөд яадаг ч байсан гадны хүмүүст харагдаж болохгүй байх нь байна.

Өөрөөр хэлбэл Монголд явж буй авто машин болон иргэдийнхээ өнгө төрх ядуу байдлаас манай төрийн эрх баригчид ичиж байгаа нь энэ ажээ. Уг нь бусад улс орнууд нэлээд хөгжингүй болоод, иргэдээсээ ичихээ болсон үедээ энэ төрлийн томоохон уулзалтыг зохион байгуулдаг юм билээ. Гэтэл манайх хэрээ дуурайж галуу хөлөө хөлдөөв гэгч болж байгаа нь энэ.

Үүнээс гадна хамгийн тулгамдсан асуудал бол уулзалтын үеэр ирэх 4500 гаруй зочид төлөөлөгчийг байрлуулах зочид буудал болоод байна.  Манай улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зочид буудлуудын ихэнх нь чанар стандартын шаардлага хангахгүй байгаа бөгөөд хүрэлцэхгүй учир АСЕМ-д зориулж  Богд уулын ар энгэрт “АСЕМ вилла” хэмээх хотхон барьжээ. Одоогийн байдлаар энэхүү хотхоны дулааны шугам сүлжээг татах ажил эхэлсэн байна.

Туул голын дээгүүр гүүр хэлбэрээр шугам татахын тулд одоогоор суурь хундамыг нь цутгаж, өргөгчөө босгожээ. Ингэхдээ шороо овоолж, Туул голын  урсгалыг нь өөр тийш сарниулж, буцааж урсгасан байна. Мөн нэг салаанаас нь шинээр барьсан хотхоныхоо урд цөөрөм байгуулахаар ус татжээ. Өөрөөр хэлбэл “”Асем Вилла” хотхон буюу Sky resort -ын харалдаах хэсгээс  доош Туул гол огт урсгалгүй болсон бөгөөд хайрга чулуу хог шороо л үлдсэн байна. Товчхондоо бол  “АСЕМ”-ын бэлтгэл хийж буй нөхөд энд Туул голоор тоглоод байна гэсэн үг. Хуучин гол урсаж байсан хэсэгт машин зам хүртэл гаргаад чөлөөтэй зорчицгоож байна лээ. Нэгийг бүтээхийн тулд нөгөөг сүйтгэдэг Монголчуудын зан гэж энэ байх. Шугам тавих ажил хэзээ дуусна тэр цагт л Туул гол урсах нь байна. Хамгийн харамсалтай нь Туул голоос ундаалдаг мал амьтан үхэх, загас жараахай хорогдох зэрэг нэлээдгүй хохирол гарч байгаа нь дамжиггүй ээ.

  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15

Н.Ганаа

Эх сурвалж: Dorgio.mn

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.