Comment.mn

Жагсаалтын гишүүд “Үндсэн хууль” зөрчдөг үү

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар Сонгуулийн нэгдсэн хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэх юм. Тодруулбал, сонгуулийн хуулийн дагуу намын жагсаалтаар сонгогдох 28-ыг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ. Уг асуудлаар цэцийн хуралдаанд УИХ-аас Д.Лүндээжанцан гишүүн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, хуулиа хамгаалан оролцоно.

Үндсэн хуулийн Цэц 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт дахь  хувь тэнцүүлсэн /пропорциональ/”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28 гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэж заасан нь Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2,3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хандсан нэр бүхий иргэдийн мэдээллээр Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байдаг.

Энэ асуудал “даргагүй Цэц” улстөрчдийн сунгасан гар хүрэхэд хэврэг байгаа гэсэн хардлагатай тулгараад байгаа нь ч аргагүй юм. Учир нь бидний хэлж хэвшсэнээр “төрийн гурван өндөрлөг” нэг намынх. УИХ-ын дарга нь эрх барьж буй Ардчилсан намынх.   Төрийн тэргүүний байр суурь угаасаа тодорхой байгаа зэргээс харахад эрх баригчид энд хүссэн хүсээгүй нөлөөлчих магадлал өндөр байна.

Уг нь хууль тайлбарлах эрх Үндсэн хуулийн Цэц, Улсын Дээд шүүхэд л бий гэх боловч өнөөдөр харж байхад УИХ-ын дарга тайлбарлаад сууж байгаатай олонтаа таарсан. Гэтэл Ерөнхийлөгч иргэнийхээ эрхийг дээдэлдэг хэдий ч эдүгээ сонгуулийн тухай хуульд гар хүрэхийн тухайд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлчихээд байгаа. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэц л асуудлыг шийдэж таарах гээд байна. Гэхдээ “Төрийн өндөрлөг”-үүдийн нөлөөлөлгүйгээр шийдвэрээ гаргаж чадах эсэхэд нь ямар ч шийдвэр гарсан эргэлзсээр байх нь ойлгомжтой.

Уг нь Үндсэн хуулиа дээдэлж, сонгогчдын эрхийг хүндэтгээд нэгэнт маргаан үүсгэхээр шийдвэрлэж чадсан юм чинь УИХ-ын гишүүн бүр ижил эрхтэйгээр өрсөлдөж сонгогддог байх нь зүйтэй гэж шийдвэрлэвэл ард түмэн сэтгэл ханамжтай, амгалан тайван саналаа өгөх нь лавтай.

О.Заяа

Эх сурвалж: Unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.