Comment.mn

Хоногийн зээлээр хорвоог элээх “ХӨӨРХИЙ” Монголчууд

“Хоногийн зээл” нэрээр хууль бус санхүүгийн үйлчилгээ явуулж, иргэдийг хохироож байгаа талаар өнөөдөр “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн  Х.Бат-Ялалт  болон худалдаа эрхлэгч нар мэдээлэл хийлээ.

Тэдний хэлж байгаагаар, хоногийн зээл нэртэй луйвар газар авч, энэ нь даамжирсаар 15 төрлийн гэмт хэргийн хохирогч болж байна.

Эдгээр хоногийн зээл олгодог мөнгө хүүлэгч нар худалдаа эрхэлж буй наймаачдад маш бага  мөнгөөр зээл санал болгож өөртөө итгүүлснээр цааш үргэлжилдэг байна. Харин зээл авсан хүний хувьд маргаашаас нь эхлэн  зээлийн хүү, өдрийн тушаах төлбөрөө төлдөг.

Улмаар зээлээ  төлж чадахгүй болсон иргэд элдэв төрлийн гэмт хэрэг үйлдэж зарим нь амиа хорлох замыг сонгодог болохыг тэд онцлон хэллээ.

Тус холбоонд энэ төрлийн өрийн дарамтад орж хохирсон 100 гаруй иргэн элсэж өнөөдөр хуулийн байгууллагын  үүд сахиж яваа аж.
Тодруулбал, иргэдэд нэг сарын хугацаатай нэг сая төгрөг зээлүүлээд үүнийгээ ажлын 22 хоногт өдөр бүр 50 мянган төгрөг авч дуусгахаар гэрээ байгуулдаг байна. Харин иргэд нэг өдөр амрах эсвэл бусад шалтгаанаар мөнгө өгч чадахгүйд хүрвэл маргааш өдөр нь хоёр нугалагдаж  төлөгддөг байна.

Тус ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Манай байгууллага 2013 оноос эхлэн хоногийн зээлийн талаар судалгаа хийсэн. Хоногийн зээл нэртэй гаднаас орж ирсэн луйврын сүлжээнд  сүүлийн үед гарч байгаа зэвсэгт дээрэм, хулгайн хэрэг ч энэ өндөр хүүтэй зээлтэй холбоотой.

Наймаачдын 50-60 хувь нь хоногийн зээлтэй.

Зээл авсныхаа дараа эргээд мөнгө хүүлэгч нарын гарт нь орчихдог. Мөнгө хүүлэгч 5-6 хүн бүлэглэж, дамжуулж зээл олгодог бөгөөд зээлийн хугацаа хэтэрвэл худалдаачдыг доромжилж, барааг нь нураах, зодох зэрэг дарамт үзүүлдэг. Манай ТББ өндөр хүүтэй зээлийн дарамтад ороод амьдрах сонирхолгүй болчихсон, өдөр болгон наймаагаа хийж байгаа ч мөнгө хүүлэгч нарт хүү төлж,  яг л боол шиг нь болчихсон амьдарч байна.  Бид судалгааныхаа тайланг Үндэсний аюулгүй байдлын газар, ШӨХТГ болон хүний эрхийг хангах чиг үүрэгтэй бүх байгууллагуудад хүргүүлсэн” гэлээ.

Тэд дээрх  асуудлаас иргэдийгээ  гаргах шийдлийг олохын тулд энэ сарын 25-ны өдөр Сонгуулийн ерөнхий хорооны хурлын танхимд  хэлэлцүүлэг хийхээр болжээ.

Тус хэлэлцүүлэгт томоохон захуудын захиргаа, ТЕГ, ЦЕГ, ШӨХТГ зэрэг холбогдох байгууллагууд оролцох аж.

Сонирхуулахад, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан  /2016.04.14/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ иргэдийг хохироож байгаа  эл асуудлаар  ойрын хугацаанд “Өргөдлийн байнгын хороо ажиллан, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр ажиллана” гэж хэлж байсан билээ.

Ш.Адъяамаа

Эх сурвалж:Breakingnews.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.