Comment.mn

Анужингийн нөхөр А.Эрдэнэбат их аварга Д.Дагвадоржид 10 сая доллар алдсан гэж мэдээлэл хийв

“Live energy” уул уурхайн компанийн захирал, хөтлөгч Анужингийн экс нөхөр гэдгээр нь олон нийт мэдэх Амалхааны Эрдэнэбат өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тодруулбал тэрбээр их аварга Д.Дагвадоржийг 10 сая ам.доллар завшсан хэмээн мэдэгдлээ.

А.Эрдэнэбат “Миний бие одоогоос хэдэн жилийн өмнө монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн сумогийн их аварга Долгорсүрэнгийн Дагвадорж, Д.Сумъяабазар, Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан нартай холбогдож, тэд манай төслүүд дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулагчийг надад танилцуулж байсан. Харин хөрөнгө оруулагч нь БНХАУ-ын иргэн Хүан Ёү Лун буюу бидний сайн мэддэгээр жүжигчин Жао вэй буюу “Хуанжу гэг”-ийн нөхөр байгаа юм.

Бидний хэрэгжүүлж байсан төсөл дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр Хуан Ёу Лун Эрдэнэбат миний нэр дээр 10 сая ам.долларын зээлийн гэрээ хийсэн. Уг мөнгийг Д.Дагвадоржийн банк болох ҮХОБ-аар дамжуулан оруулж ирсэн боловч мөнгө бүтнээрээ Д.Дагвадоржийн хувийн данс руу шилжсэн байдаг юм.
Өөрөөр хэлбэл, захиран зарцуулалтыг Д.Дагвадорж хийсэн байдаг. Зээлийн гэрээг нэр дээрээ хийсэн миний бие ганц ч долларыг захиран зарцуулаагүй, миний хувийн дансанд нэг ч доллар шилжин орж ирээгүй. Гэтэл Хуан Ёу Лун 10 сая ам.доллараа 15 сая ам.доллар болгон надаас нэхэмжилж эхэлсэн тул энэ хэргийг би хуйвалдааны, залилангийн шинжтэй хэмээн үзэж, Монголын хууль хяналтын байгууллагад хандан, энэ хэрэг одоо шалгагдаж байна” гэлээ.
Д.Дагвадорж аварга уг мөнгийг өөрийн дансанд шилжүүлэн авч ашигласан ч өөрөө хохирсон хохирогч болж хууль цагдаад хандаж, А.Эрдэнэбатыг залилагч мэт болгож худал мэдээлэл тараасаар тодорхой цаг хугацаа өнгөрч байна гэлээ.
Тиймээс А.Эрдэнэбат уг асуудлыг арбитрын шүүхэд өгсөн юм байна. Тэрбээр “Эцэст нь би хэн нэгнийг гүтгэж, бусдын нэр төрд халдаагүй гэдгээ хариуцлагатайгаар хэлье! Олны танил, нэр хүнд, хэвлэл мэдээллийн давуу байдлыг үл харгалзан үнэн шударгыг тогтоож чадах хуулийн байгууллага бий гэдэгт би итгэж байна. Цаашид Хонконгийн хэвлэлүүдэд хандахаар зэхэж байгаа гэж ярьлаа.

Н.Ганаа

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.