УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг нээж хэлсэн үгэндээ,“Намаараа талцаж, аль нь илүү зээл авснаар маргалдах нь утгагүй юм. Хэдхэн хоногийн өмнө Монголын эдийн засгийн чуулган 7 дахь жилдээ явж өнгөрлөө. Төр хувийн хэвшлийнхэн эдийн засгийн өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар хэлэлцлээ. Манай улс хөдөө аж ахуйдаа хүч тавьж, боловсруулах үйлдвэрлэл явуулсны үр дүн чамгүй байгааг дурдлаа. Бондын зээлийг дэд бүтэц, аж үйлдвэрээ бэхжүүлэхэд зориулсан. Энэ нь мөн үр дүнгээ өгч, ажлын байр өмнөх оныхоос 60 хувиар нэмэгджээ. Халамжийн бодлого хэрэгжүүлж байсан жил ажил хийх хүний тоо буурсан бол ипотекийн зээлийг хэрэгжүүлснээр ажиллах идэвх нэмэгджээ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг бэхжүүлэхэд анхаарлаа. Орон нутагт ажиллахдаа Тавантолгойд бус таван хошуу малдаа найдаж амьдарцгаая гэж малчдадаа санууллаа. Эдийн засгаа олон тулгуурт болгоход улс төрийн намууд анхаарч ажиллах хэрэгтэй.
Энэ жил дэлхийн 50 гаруй орны удирдагчид АСЕМ-ын дээд түвшний уулзалтаар манай улсад ирнэ. Энэхүү чухал уулзалтыг эх орондоо зохион байгуулж чадна гэж найдаж байна. УИХ-ын гишүүд та бүхнийг чуулганы хуралдаандаа идэвхтэй оролцоно гэж найдаж байна. УИХ-ын хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье” гэжээ.
Хаврын чуулган нээлтийн дараагаар УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдах юм. Мөн үдээс хойш гурван байнгын хороо хуралдах товтой байна.
Байнгын хорооны хуралдаанаар “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай”, Үндэсний аюулгүй байдлын тухай, Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2016 оны төсвийн тухай зэрэг хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.
Б.Дэжид