Үзэл бодол, итгэл үнэмшилээрэ нэгдэн эх орныхоо ирээдүйн төлөө сэтгэл зоригоо нэгтгэсэн хэсэг залуус “Монголоо аврах хөдөлгөөн” байгуулж байгаагаа өнгөрөгч 7 долоо хоногт хэвлэлийн хурал хийж олон нийтэд мэдээлж байсан. Энэ үеэр тус хөдөлгөөний залуучууд улс орны өмнө тулгамдсан асуудлын хүрээнд Төрийн гурван өндөрлөгөөс
1. Өнөөдөр нэг монгол хүнд хэдэн төгрөгний өр ноогдож байгаа вэ?
2. Монголчууд нийтээрээ хэзээ ажилтай болж, ядуурлаас гарах вэ?
3.Монголчууд бид хэзээ Эх орондоо хүн шиг сайхан амьдрах вэ? гэсэн гурван асуултад хариу авахаар асуулга хүргүүлсэн юм.
Тэгвэл өнөөдөр асуулгын хариу ирээгүй учир Төрийн удирдлагуудаас хариугаа шаардаж 5000 гаруй залуус Ялалтын талбайд жагслаа.
Энэ талаар “Монголоо аврах хөдөлгөөн”-ны тэргүүн Б.Ганхуяг хэлэхдээ “Бид хэдий болтол өрөнд баригдаж, өтөнд шивэгдсэн амьдралаар явах вэ, одоо жирийн ард иргэд үгээ хэлж, эх орныхоо хойч ирээдүйд санаа тавих цаг болсон. Ард түмэн хөдлөхөөс өөр аргагүйд хүрээд байна шүү дээ.” гэсэн юм.
Ийн Ялалтын талбайгаас Төрийн ордон руу явж шаардлагаа дахин хүргүүллээ.