Comment.mn

Та нар угаас үхэж байхдаа таарсан “Үхэр монгол” залуус

Уржигдар би “Үргээлэг 2” киног үзлээ. Хэнд ч юм бэ гомдоод хэн нэгнээр бахархаад байгаа мэдрэмж сэтгэлээс ер гарахгүй байна. Гэхдээ хүн чанар, үнэнч нөхөрлөлийг бүтээн, эв найрамдалтай аж төрж, хүн шиг амьдрах нь амьдралын утга учир юм гэдгийг мэдээд байсан ч энэ удаа сэтгэлдээ шингэтэл ойлгох шиг болов. Хамгийн аймар нь би улс эх орныхоо ирээдүйн төлөө хачин их санаа зовоод эхэллээ. Мэдэхгүй зүйлийг минь хүртэл мэдүүлж, намайг насандаа ахадахаар их амьдрал туулсан мэт болгоод, Монголын төлөө санаа зовох шалтгаан гаргаж, миний зовлонг нэмдэг та муу таван залуу ер нь хэн юм бэ. Яаж чадваа…

 Улсаа худалдахад ч бэлэн, хүмүүний хамаг муухай араншиг цогцлоосон улстөрч, эсвэл газар нутгийнхаа хэвлийг ухаж, алт мөнгөнд улайрсан мөлжигч байх нь дэндүү гутамшигтай. Тэднийг өрөвдмөөр, эсвэл сэтгэцийг нь эмчилмээр, хуульгүй бол засрахгүй нэгнийг нь алчихмаар санагдлаа. Харин жинхэнэ монгол эр хүн шиг, үнэнчээр ажиллаж, хөлс, хүчээ шингээн байж бага багаар олдог, хэдэн төгрөгөөрөө хүний ёсоор амьдарч яваа хөдөлмөрч залуус чинь энэ эх орны дэндүү том баялаг бөгөөд атаархам, хайралмаар, бүр ханьлмаар эрчүүд юм байна. Бас тэд л жинхэнэ эх орончид ажээ.

Гэхдээ монголчуудын ухаантай нь ч, тэнэг нь ч тэр бүгд л хоорондоо “алалцаж” байдаг хор шар нь буцалсан хачин цустай хүмүүс. Бидний энэ сул тал дээр тоглолт хийж, өөр хооронд нь дайсагнуулж, хүслээ гүйцээдэг байдал Манжийн үеэс эхлэлтэй ч одоо улам бүр боловсронгуй болжээ. Учир нь нөхөд заримдаа ноход болдог… “Үргээлэг 2”-ыг үзвэл энэ гашуун сэдвийг  илүү ихээр ойлгох биз ээ.

“Үргээлэг 2”  угаас Монгол киноны түүхэнд хөндөж байгаагүй сэдэв юм. Тэгээд ч зураг авалт, зохиол найруулга зэргийг мэргэжлийн өндөр түвшинд хийж, үнэн бөгөөд том агуулгыг хөндөн байж, ухаантнуудын ухаанаар бүтсэн  бүтээл юм шиг ээ. Гарьд /Амраа/ чи ямар ч алдаа хийгээгүй. Алдаа гэж ер нь юу юм бэ. Сайхны төлөө алдвал тэр нь амжилт юм биш үү. Гаднаасаа ч дотроосоо ч бараг төгс эр хүнд дөхөхөөр “зэвүүн” бас сайхан залуусыг цуглуулсан  үргээлгийг үзээд, би кино үзсэн юм шиг болсонгүй, яг тийм амьдралыг хараад, мэдэрчихээд ирсэн юм шиг санагдаад надад их хэцүү байна. Та нар тоглоогүй, жүжиглээгүй, үнэн байсан.

Миний эртнээс таньдагаар Эби, Амраа, Баясгалан, үргээлгээс мэдснээр Хангал, Гарьд, Тэгшээ гэх нөхдүүд амьдрах ёстой хэн нэг нь засрах хэрэгтэй байсан юм. Тэгшээ эхээс тийм хүн болж төрөөгүй, хэн юу, түүнийг эвдэв… Гэхдээ та нарыг хужаа нарт алуулаад шороонд булуулж байхад би огтхон ч харамсаагүй шүү. Тэмцэж бас ухаан зарж ялчихаад тэрүүхэн зуур дахь “Үхэр монгол” зангаас болоод үхэж байгаа биз дээ. Угаас үхэж байхдаа таарсан юмнууд та нар. Ямар хүн байсныг чинь л мартахгүй үлдлээ бид. Харин одоо бидний дунд амьдарч байгаа “Гарьд, Хангал” нар эвтэй байж, харийнханд элэгтэй дээдсийг үргээж, ханилж яваад хаядаг нохдыг үргээх хэрэгтэй байна ш дээ. Эс тэгвэл “Үргээлэг 2”-ын төгсгөл шиг Монголчуудыг хооронд нь хагаралдуулж, хөнөөгөөд, энэ их газар нутаг, байгалийн баялаг дээр зөвхөн  Хятадууд эзэн суух болчихоод байна.

Нөхөд ноход болдоггүй, монголчууд эвтэй байвал хэнд ч үл дийлдэх “ухаантнууд” юм билээ.

Болдогсон бол би монголынхоо бүх өсвөр үе болон өнөөгийн залууст “Үргээлэг 2”-ыг үзүүлчихмээр байдаг. Яах вэ… Ямартай ч эхний удаад чаддагаар нь Их дээд сургууль, Албан байгууллага, Аж ахуй нэгжүүд бодлогоор залуусыг “Үргээлэг 2”руу явуулж, эртнээс энэ бүгдийг тэдэнд ухааруулаач гэж уриалмаар байна. Жинхэнэ эх орончид буюу салбар бүртээ тэргүүлдэг залуус чадах, чадах зүйлээрээ нийгмийн сэтгэлзүйг сайн сайхан руу хөтөлж, ард олноо соён гэгээрүүлье.

 Ялагдал монгол хүний сонголт биш биш биш

Н.Ганаа

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.