Comment.mn

Өдрийн сурвалжлага: “Зүүн хүрээ” хотхоныхон зэвтэй бохир ус ууж байна

“Зүүн хүрээ” хотхоны оршин суугчдын ундандаа хэрэглэж буй ус нь маш их зэв бохирдолтой гарч байгаа юм. Энэ талаар уг хотхонд амьдардаг иргэд хэлэхдээ хамгийн түрүүнд тус байрны оршин суугчдын Фэйсбүүк группт хэлж үзсэн юм байна. Тэрхүү круппт ямар нэгэн болж бүтэхгүй байгаа асуудлаа хэлэхэд маш хурдан хугацаанд шийдвэрлэж өгдөг гэнэ. Гэтэл энэ бохирдолтой усны талаар удаан хугацаанд хариу өгөөгүй бөгөөд ямар ч арга хэмжээ аваагүй байна. Тиймээс хотхоны оршин суугчид хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон холбогдох газруудад хэлж өгөөч гэсний дагуу манай сурвалжлах хэсэг “Зүүн хүрээ” хотхонд ажиллаа.

Тус барилга “Таван өндөр” ХХК эзэмшлийнх бөгөөд зүүн дөрвөн замын зүүн урд талд баригдсан 15 давхар барилга юм. Энэхүү “Зүүн хүрээ хотхон” нэртэй барилга нь баригдаад хоёр жил болох гэж байгаа. Гэвч баригдаад удаагүй хэрнээ хэдэн сарын өмнөөс зэвтэй шар ус гарах болсон нь оршин суугчдын бухимдлыг төрүүлж, тэднийг нүүхэд хүртэл нөлөөлөөд байгаа юм. Тодруулбал энэ байранд зэвтэй ус цагаан сарын дараагаас гоожиж эхэлсэн байна. Эхэндээ өглөө ихэвчлэн бохир ус гоожоод, үдээс хойш усны зэв багасдаг байжээ. Мөн нэг үе гоожиж байгаад заримдаа зүгээр болдог байсан байна. Харин сүүлийн үед цоргоор нь зэвтэй, тостой бохир ус гарах болжээ. Иймээс байрны оршин суугчид бухимдан тус хорооллыг барьсан “Таван өндөр” ХХК болон харъяа СӨХ болох “” –д хандсан байна. Гэтэл хэн ч хариу өгөөгүй аж.

Оршин суугчид ундад хэрэглэх битгий хэл ахуйд ч хэрэглэх боломжгүй ус цоргоор нь гоожиж байгаа тул зарим айл ус цэвэршүүлэгч авч тавьжээ. Зарим өрх ундны усаа худалдан авч байгаагаа хэлсэн юм. Ийм байдалтай удвал хэн хариуцлагыг хүлээх вэ? гэдэг асуудал үүсээд байна.

Унд битгий хэл ахуйн хэрэгцээнд ашиглахад бэрх усаар хангасныхаа төлөө цэвэр усны төлбөрийг хэрэглэгчдээс бүрэн тооцож авсаар байгаа юм. Ийм байхад хүртэл оршин суугчид Мэргэжлийн хяналтын газар болон бусад төрийн байгууллагад гомдол өгөөгүй. Зөвхөн “Таван өндөр” болон СӨХ-Д гомдол гарган байдал дээрдэхийг хүлээсээр бйна. Тэдний ярьж буйгаар уг хотхон төвийн шугам сүлжээнд холбогдоогүй бөгөөд “Таван өндөр” ХХК өөрсдөө усаа доороо халааж шугам сүлжээгээр дамжуулдаг байна. Энэ ямар учраас ингээд байна вэ? барилга барихад төсвийн мөнгө нь хүрээгүйгээс ингэж хэмнэхэд хүрэв үү? Эсвэл чанар муутай материал сонгож иргэдээ хуурсан уу? гэдэгт оршин суугчид бухимдан ярилаа. Ус, агаар нь хүний амьдарлын салшгүй нэгэн зүйл билээ. Бид бүхэн усгүй бол нэг өдөр ч амьд явж яадахгүй шүү дээ. Гэтэл ундны ус ийм болохоор яах билээ. Хэрвээ энэ усыг уусаар байвал хэн хохирох вэ? Хариуцлагыг хэн хүлээх вэ? уг бохир усыг цэвэршүүлсэн ч эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахыг хэн ч таашгүй.

Мөн олон нийт, орон сууц, үйлдвэр аж ахуйн газарт тоноглогдсон угаагуур, шүршүүр, онгоц, суултуур болон бусад сан техникийн төхөөрөмжүүдээр дамжин гарах бохир усыг ахуйн бохир ус гэдэг. Тэгвэл усаар дамжин гэдэсний халдварт өвчин цагаан хорхой, цусан суулга, гэдэсний савханцар, холер, балнад, гепатит зэрэг өвчин үүснэ. Мөн усны дутагдлаас болж хамуу, бөөс өвчин хүрэхээс гадна усанд үүссэн шавьжаар дамжин шар чичиргэнэ, денгийн өвчин тусдаг байна.

Энэ нь иргэн бүрт Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа үйлдэл юм. Тодруулбал Үндсэн хуулийн арванхоёрдугаар зүйлийн хоёрт зааснаар эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэсэн байдаг.

Бид байрны оршин суугчдаас цөөн зүйл тодруулсан юм. “Зүүн хүрээ” хотхоны нэгдүгээр байрны хоёрдугаар орцны 85 тоотод оршин суудаг н.Намуунтуяа: Өнөөдөр бол хамгийн гайгүй гарч байна. Манайх нялх хүүхэдтэй учраас хүндрэл их байна. Хүүхдээ усанд оруулах аргагүйгээс гадна өөрсдөө ч мөн адил өглөө босоод нүүрээ угаах гэхэд бохир ус гардаг. Үүнээс болж аргаа бараад ус цэвэршүүлэгчээсээ ус аваад нүүрээ угаах, хувцасаа угаах зэргээр хэрэглэж байна. Мөн хүүхдээ хэдэн өдрийн өмнө усанд оруулсан юм. Гэтэл хүүхдийн минь биен дээгүүр улаан өнгийн зүйл туурч эхэлсэн. Бид түүнийг нь улаан бурхан юм болов уу гээд эмнэлэгт үзүүлэхэд харшил байж магадгүй гэсэн. Энэ тууралт нь тэр усанд оруулдаг өдөр гарсан учраас энэ уснаас болсон байхыг үгүйсгэхгүй юм. Хамгийн гол нь нялх хүүхэдтэй хүмүүст хэцүү байна. Төрөөд удаагүй байгаа нялх хүүхдийг үргэлж усанд оруулах шаардлагатай тэр болгонд цэвэршүүлэгчээсээ зөөхөд хүндрэл их гарна. Харин байрны оршин суугчдийн facebook группт тавьсан өөр асуудлыг маш хурдан шийдвэрлэж өгдөг. Гэтэл энэ усны талаар асуухаар бүр таг чиг ямар ч хариулт өгсөнгүй. Бид сар болгон усныхаа мөнгийг төлөөд явдаг. Ийм байдлаар удвал асуудал их болно. Гэр бүлтэйгээ ярилцаад эндээс нүүдэг юмуу гэсэн бодолтой байна.

“Зүүн хүрээ” хотхоны нэгдүгээр байрны хоёрдугаар орцны 72 тоотод оршин суудаг Б.Нямбаяр: Би энэ байранд нүүж ирээд долоо хонож байна. Харин өнөөдөр ийм зэвтэй ус гарч байна. Энэ байранд ороод удаагүй учраас ямар байгааг сайн мэдэхгүй байна. Хэрвээ ийм байдлаар шар ус гараад байвал хүндрэл их болно. Цэвэр ус гаргана гэж гоожуулсаар байтал тоолуур гүйж байгаа шүү дээ.

“Зүүн хүрээ” хотхоны нэгдүгээр байрны хоёрдугаар орцны 73 тоотод оршин суудаг н.Ичинхорлоо: Өнөөдөр цэвэрхэн ус гарч байна. Шар ус өглөө их гараад үдээс хойш, орой арай гайгүй гардаг юм. Энэ байранд анх ороход ч гоождог байсан. Харин цагаан сараас хойш ихээр гоожих болсон. Үүнээс болж аргаа бараад ус цэвэршүүлэгч хоёр зуун мянган төгрөгөөр авч тавиад байна. Гэтэл бид сар бүр усны мөнгөө төлдөг. Харин манайх ус цэвэршүүлэгч авсан учраас цэвэрхэн ус хэрэглэж байна. Бусад айлууд ямар байгааг сайн мэдэхгүй юм. Гэхдээ зэвтэй гараад байгаа гэж яригдаад байсан. Иймээс энэ асуудлаа хурдан хугацаанд шийдэж өгөх, юунаас болж ингээд байгааг нь хэлэх хэрэгтэй байна гэлээ.

Энэ талаар бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор “Таван өндөр” ХХК-ны сантехникийн хүнтэй ярьж тодруулахад: “Өнөөдөр ямар шалтгааны улмаас бохир ус гараад байгааг бид шалгаж, тодруулахаар ажиллах талаараа зарлал мэдээлэл тараасан байгаа. Харин юунаас болсон талаарх хариу мэдээлэл нь ойрын хоёр хоногтоо гарчихна” гэж хэлж байв.

Харин өнөөдөр байрны оршин суугчдын группт энэхүү зарыг байршуулсан байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: Dorgio.mn 

Б.Элбэрэл

О.Номин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.