Одоогоос долоон жилийн өмнө “Хөгжим бүжгийн коллеж”-ийг дуулаачийн мэргэжлээр дүүргэсэн дөрвөн залуу нэгдэн Монголд төдийлөн хөгжөөгүй поп опера урсгалаар уран бүтээлийн гараагаа эхэлж байсан юм. Тэгвэл өдгөө тэд хэдийн Монгол түмнээ хүндлэгдэж Монголд поп опера урлагийн өнгийг тодорхойлж явна.
“Өнө мөнх орон”, “Цагийн аяс”, “Жамаас”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Халуун элгэн нутаг” зэрэг уран бүтээлүүдийг нь мэдэхгүй хүн үгүй биз ээ. Өнгөрсөн нэгдүгээр сард тэд “Надад үлдсэн найз” мюзиклээ маш амжилттай тавьж байсан бол өчигдөр буюу эр цэргийн баярын өдрөөр гэгээн муза наадмын хүрээнд үзэгчдийн хүсэлтээр тус мюзиклээ дахин тоглосон юм. Тоглолтын тасалбар худалдаанд гарсан даруйд эрэлт ихтэй байсан нь сонгодог урлаг сонирхдог хүмүүст хүлээлт үүсгэсэн тоглолт байсныг харуулж байлаа.
Амьдралд хөлөө олох гэж тэмцэж яваа залуусын амьдралыг сайн хүний баг зүүсэн хорон санаатнууд яаж сүйтгэж байгааг харуулсан эл бүтээл нь хүн хүнээ хайрлах, өрөвдөх, хүндэтгэх, хүний мөс чанар гэж чухам ямархан дээсэн дөрөөн дээр тогтож байдгийг тод, томруунаар харуулсан учир үзэгчдийг ихэд догдлуулж байсан юм. Ийнхүү тэдний тоглолт эхэлхээс дуусах хүртэл танхим дүүрэн үзэгчдийн халуун алга ташилтан дунд болж өнгөрсөн юм. Сонгодог урлагийн бахдам сайхныг харуулж яваа “Увертюра” хамтлагийн залуусдаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.