Comment.mn

Ээждээ барьсан Б.Алдарын гэнэтийн бэлэг олны сайшаалыг хүртэв

МУГЖ дуучин Т.Ариунааг бид бүхэн гал цогтой, дайчин, хөдөлмөрч уран бүтээлч гэдгээр нь андахгүй сайн таньдаг. “Асаж байгаа гал шиг цогтой байхыг хүсдэг алмааз эрдэнийн чулуу шиг хатуу байхыг хүсдэг дөл адил улалзаж байгаа туг шиг жавхаатай байхыг би хүсдэг ээ” хэмээн өөрийгөө илэрхийлсэн удаатай.
Түүний төрсөн өдөр өчигдөр тохиосон юм. 1967 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Төмөрийн охин болон Улаанбаатар хотноо мэндэлсэн билээ. Дунд сургуульд байх үеээс урлагт хөл тавьж урлагтай амьдралтай холбосон тэрбээр энэ жил 49 нас хүрлээ. Том хүү Б.Алдар нь аялан тоглолтоор яваа ээждээ цахим хуудсаараа томоохон бэлэг барьж, олны хайр хүндлэлийг хүлээгээд авав.
Б.Алдар Ээждээ нэртэй шүлгээр ийн бэлэг барьсан юм.
Ариухан хэвлийгээс тань төрөөгүй ч хүү чинь
Алтан дэлхийд таньтайгаа амиараа холбоотой юм шүү ээжээ
Хэвлийгээс тань унаагүй ч хүү чинь
Хэлэх ганцхан ижий минь та минь юм шүү
Зөв буруу явахад минь
Зөөллөж хүүгээ ухааруулдаг ижий минь
Зөндөөн их гомдсон ч хүүгээ үл буруутгах
Зөрүү бүхнийг минь тэгшлэх сүүн замтай ижий минь
Гэнэн томоогүй насыг минь зэмлэж биш зөвлөж хайрласан ижий минь
Гэрэл цацруулсан төрхөөрөө хүүгээ зоригжуулж итгэл бэлэглэдэг бурхан минь
Амьдралын шатанд бүдэрсэн ч хүүгээ ухаарлын хүчээр босгодог таныхаа
Ангир уургыг тань шимээгүй ч хайраар тань өссөн юм шүү хүү чинь
Зуурдын биш үүрдийн холбоотой болохоор таныгаа гэсэн хайр минь
Зуу Зуун жил өнгөрөвч мөнх юм шүү ээжээ
Нэгэн насаар нь баярлуулж таныгаа чадахгүй ч
Нэрийг тань сэвтүүлэлгүй явна гэж хүү чинь өөртөө андгайлдаг юм
“Таньдаа төрсөн өдрийн мэнд хүргэе” гэсэн юм.

“Хүүхдүүд маань өсөж бойжиж эрийн цээнд хүрч амьдралын их хаалгаруу орж байна. Алс холын замд сэтгэлийн гүнээс ундрах үгийн хүчийг ээждээ хайрласан хөвгүүдээ, ханыгаа санан баярын нулимс унаган явж байна. Миний хоёр хүү ээж, аавынхаа үргэлжлэл болж амьдралын их замдаа зөвийн үрийг суулгаж байгааг хараад сэтгэл уужирч байна. Эгцэлж харсан бүхэнд чинь хайр энэрэл дүүрэн эвий, нялх моднууд минь салхи сөрөн урга тэнгэрт тултлаа урга! Хайртай шүү Алдрайхан үр минь” гэж гэнэтийн бэлгэнд сэтгэлийн үгээрээ хариу барив.

Олны хайр хүндлэлийг хүлээдэг дуучин бүсгүйд төрсөн өдрөөр нь том хүүгээс нь барьсан гэнэтийн бэлгэнд түмэн олон “Ухаантай сайн хүү байна” гэж урмын үгээр мялааж, магтаал, сайшаалыг харамгүй хайрласан юм.

О.Ариун

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.