Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас өнгөрсөн долоо хоногт ипотекийн зээлийн журмыг шинэчлэн баталж, таван хувийн зээл олгох шийдвэр гаргасан. Тэгвэл ипотекийн таван хувийн зээлийг энэ сарын 15-наас эхлэн олгохоор болж, бэлтгэл хангаж байгаа талаар холбогдох албаныхан онцолж байна.
Таван хувийн зээл Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг болох Налайх, Багануур, Багахангай дүүрэг болон 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах иргэдэд хамаарах билээ.
Тодруулбал, нийслэлээс хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж ашиглалтад орсон 2000 гаруй айлын орон сууцаас сонголт хийвэл хүү нь таван хувь болно. Орон нутгийн тухайд төрөөс аймаг бүрт барьж буй 1000 айлын орон сууцад байр зээлээр авах иргэний зээлийн хүүг таван хувь хүртэл буулгах зохицуулалт тусгажээ.
Дашрамд сонирхуулахад, дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан 2000 гаруй өрхийн орон сууцад газраа чөлөөлж, барилга бариулсан 500 орчим өрх одоогоор оржээ. Үлдсэн 1500 гаруй айлын байрыг барилгын компаниуд борлуулж, барилга барихад зарцуулсан хөрөнгөө эргүүлж олохоор болруулалт хийгдэж буй гэсэн үг.
Харин байршуулдын тухайд 2014 онд Ханын материалын орчим СХД-т 168 айлын орон сууц, СБД-ийн долоодугаар хороолол 100 айл орчимд “Бэрэн” группийн барьж буй барилгын А, Б блок, 2015 онд Батлан хамгаалах их сургуулийн орчим, БЗД-ийн 8,16 дугаар хороонд “Баганат өргөө” компани, “Гангар инвест” компани тус бүр 168 айлын оройн сууцыг, 2016 онд БЗД-ийн 14 хороололд “Зургаан талт компани”150 айлын орон сууц зэргийг ашиглалтад оруулаад байгаа юм.
Мөн удахгүй 100 айл орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд “Бэрэн групп”-ийн барьж буй 800 айлын, БЗД-ийн 8, 16 дугаар хороод баригдаж буй “Гангар инвест”-ийн орон сууцууд шинээр ашиглалтад орохоор хүлээгдэж байгаа аж. Мөн зах зээл дээр “Хангай”, “Цагаан хуаран” хотхонууд борлуулагдаж байна.
Ж.Мядагбадам