Манай улсын иргэд хамгийн олноор ажиллаж амьдардаг БНСУ-ын виз олгох журамд өөрчлөлт оруулсан. Тодруулбал визний журамд гурван өөрчлөлт орсны нэг нь урилгагүй виз мэдүүлдэг болсон байна. Мөн санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтаас чөлөөлөгддөг хөнгөвчлөгдсөн нөхцөлд хамрагдах иргэдийг хүрээг нэмсэн. Хоёрдугаарт санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтыг нэгтгэсэн зэрэг өөрчлөлтийг оруулжээ. Энэхүү журмын өөрчлөлтийг өнгөрсөн сарын 13-наас мөрдөж эхэлсэн байна. Ингэснээр өмнө нь урилгагүй бол найман сая, урилгатай бол таван сая төгрөгийг банканд байршуулахыг шаарддаг байсан бол шинэ журмаар урилгатай эсэхээс үл хамааран таван сая болгож бууруулжээ.Энэ талаар БНСУ-ын манай улсад суух Элчин сайдын яамнаас тодрууллаа.
-Солонгосын виз олгох журамд өөрчлөлт орсон гэсэн. Яг ямар өөрчлөлт орсон юм бэ?
-Визний журамд гурван гол өөрчлөлт орсон. Нэгдүгээрт, санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтаас чөлөөлөгддөг хөнгөвчилсөн нөхцөлд хамрагдах иргэдийн хүрээг нэмсэн. Хоёрдугаарт, зайлшгүй урилга шаардлагатай виз мэдүүлэгчдийн хүрээг багасгасан. Гуравдугаарт, санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтыг нэгтгэсэн зэрэг өөрчлөлт орсон.
-Журмын өөрчлөлтийг хэзээнээс мөрдөж эхэлсэн бэ?
-Визийн журмын өөрчлөлтийг 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны даваа гаригаас эхлэн мөрдөж эхэлсэн.Визийн олгох журамд өөрчлөлт орсноор Солонгосыг зорих ир- гэдийн тоо нэмэгдэж байгаа. Өмнө нь БНСУ-ын ЭСЯ цонхоор өдөрт 40 хүний визийн мэдүүлгийг авдаг байсан бол одоо гурван газарт “Визийн мэдүүлэг төлөөлөн хүлээн авах төв”-өөр дамжуулан хүлээн авч байна. Шинэ журмыг өнгөрсөн сараас мөрдөж эхэлсэн. Тэгэхээр зөвхөн манай төвд гэхэд өнгөрсөн гуравдугаар сард 1864 хүн мэдүүлгээ өгсөн бол, дөрөвдүгээр сард 2903 болж нэмэгдсэн.
-Визийн журамд өөрчлөлт орсноор виз хүсэгчдэд ямар давуу талтай вэ?
-Жил бүр шалгаруулдаг шилдэг 100 аж ахуйн нэгжийн эхний 20 аж ахуй нэгжид ажилладаг иргэдийн санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтын оронд тухайн компанийхаа татварын тодорхойлолтыг өгч виз мэдүүлэх боломжтой болсон. Мөн ердийн аялалын визний хувьд урилгагүйгээр санхүүгийн чадвараа илтгэх бичиг баримтаа өгснөөр виз мэдүүлэх боломжтой. Өмнө нь урилгагүй бол найман сая, урилгатай бол таван сая төгрөгийг банкинд байршуулахыг шаарддаг байсан бол шинэ журмаар урилгатай эсэхээс үл хамааран таван сая болгож бууруулсан. Визийн журмын өөрчлөлтийн давуу тал нь, нэгдүгээрт, виз мэдүүлэгчийн бүрдүүлэх материал өмнөхөөсөө цөөрсөн. Хоёрдугаарт, нөхцөл нь хялбар болсон гэж ойлгож болно. Тиймээс визийн 20 орчим төрлийн бүрдүүлэх материал цөөрч, иргэдэд чирэгдэлгүй хялбар болсон. Мөн хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний ч шаардлагагүй. Хувиараа бизнес эрхлэгч, нийгмийн даатгал төл- дөггүй, ажил эрхэлдэггүй хүн таван сая төгрөг байршуулаад визэнд орох эрхтэй болсон.
Т.Болор