ХҮН-ын албан ёсны Төв хорооны хурал өнөөдөр 9.00 цагт болсон байна. Энэ талаарх мэдээллийг өнөөдөр 11.00 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд хийлээ.
Өнөөдөр өглөө хуралдсан Төв хорооны хуралд 16 аймаг, есөн дүүргийн 43 төв хорооны гишүүд оролцсон байна. Мөн Бодлого судалгааны хүрээлэнгээс хүрэлцэн ирсэн гэлээ. Өнөөдрийн хурлаар “ЗА” андгайг зөрчсөн Удирдах зөвлөлийн Б.Найдалаа, П.Ганзориг зэрэг гурван гишүүнийг чөлөөлсөн. Энэхүү ЗА андгайг зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох хатуу зарчим үйлчилсээр ирсэн. Тиймээс бид Төв хорооны зургаан гишүүн, Удирдах зөвлөлийн гурван гишүүнийг чөлөөлж, оронд нь өөр хүмүүсийг томиллоо. Мөн сонгууль ойртож байгаатай холбоотой зарим дүрэм журамдаа өөрчлөлт оруулж, шинэчлэн сайжруулалт хийлээ хэмээн тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одонгуа хэллээ.
“ЗА” андгай гэдэг нь хуйвалдах авлига авах, албан тушаалаа ашиглахыг хориглосон долоон зүйлийг тусгасан байдаг байна.
ХҮН-ын дарга С.Ганбаатар “Хүсэл шуналын тулам болсон, Монголын баялгийг зарж идэж байгаа олон бүлэглэлүүд бидний өөдөөс ажиллаж байна. Тэдний төлөө манай журмын гурван нөхөр урвасан явдалд харамсалтай байна. Өнгөрсөн хугацаанд ард түмнийхээ төлөө тэмцэж явахад олон дайсан, олон урвагчтай учирч байсан. Нам дотроос урваж бидэнд хүндрэл учруулна гэдэг бол өнөөдөр ХҮН хангалттай шийдэх ардчилалтай, хангалттай шийдэх хүчтэй гэдгээ харуулсан явдал боллоо” гэсэн юм.
Дашрамд дуулгахад өчигдөр хуралдсан гэх ХҮН-ын зарим төлөөлөл хууль бусаар хуралдаж Б.Найдалааг намынхаа даргаар томилсон. Угтаа бол ХҮН-ын Төв хороог нийтдээ 58 гишүүн бүрдүүлдэг. Харин өчигдөрийн хуралд ирц хангалтгүй, хэсэг нөхдийн шийдвэр болж өнгөрсөн гэдгийг тус намынхан онцолсон. Мөн ХҮН-ын дарга С.Ганбаатар нам дотроо үүсээд буй дээрх ярвигтай асуудлыг шийдэхээр Улсын Дээд Шүүхэд хандсан гэдгээ хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм.
Т.Номин