Эрхэм хүндэт журмын нөхөд өө!
Хүндэт зочид оо!
Та бүхэндээ Монгол Улсад улс төрийн ууган хүчин үүсгэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ой, эх орончдын өдрийн баярын мэндийг хүргэж, амжилт бүтээл, аз хийморь дүүрэн, эрдэм чадал, эрч хүчтэй байхын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье. Орчин үеийн улстөрийн намын дүр төрх, төлөвшилтийн түүх богино боловч мөн чанар нь эртнээс улбаатай. Эртний сэтгэгчдийн үзэл санаанд ч улс төрийн намын талаар туссан нь бий. Үндсэндээ 19 дүгээр зууны сүүлч, 20 дугаар зууны эхээр олон түмний намууд Баруун Европын ихэнх оронд төлөвшсөн билээ. Орчин үеийн улстөрийн нам 100 гаруй жилийн түүхэндээ олон нийтийн санаа бодолд нэр хүнд, эрх зүйн баталгаа олж авахын тулд маш их бартаа саадыг туулсан байдаг. Бидний монголчууд ч дэлхий дахины улс төрийн амьдралын эл хөгжил дэвшил, сорилтоос огтхон ч хоцроогүй юм.
Нэг. МАН-ын түүх бол Монгол орны XX зууны хөгжил дэвшлийн түүх мөн 1919 оны сүүлчээр Хятадын цэргийн эрхтнүүд их цэргийн хүчээр Монголын автономитыг устгасан нь олон түмний ухамсрыг эрс сэргээжээ. Түүний хурц илэрхийлэл болж С.Данзан Хүрээний, Д.Бодоо Консулын, дэвшилт үзэлтэй зарим ноёд, түшмэлүүд Ноёдын улс төрийн бүлгийг үүсгэн байгуулсан байна. Эхний хоёр бүлгийн үйл ажиллагаа илүү идэвхжиж, улмаар 1920 оны 6 дугаар сарын 25-нд Монгол Ардын Нам хэмээх улс төрийн байгууллагыг байгуулжээ. МАН Монголын төрийг босгох, шашин үндсээ бодох, ард олон эрх мэдлийг эрхэмнэх нийт үндэсний ардчилсан зорилтыг дэвшүүлсэн байна. Монгол Ардын Нам хэмээх байгууллагын төлөөлөгчид, “Хувьсгалын долоо” хэмээх алдаршсан С.Данзан, Д.Бодоо, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Догсом, Д.Лосол, Д.Чагдаржав нар 1920 оны 8 дугаар сард Эрхүү хотноо очиж, Зөвлөлт Орос Улстай холбоо тогтоох холбох эх суурийг тавьсан юм. Зөвлөлт Орос Улсын тусламжийг олсон хувьсгалчдын төлөөлөгчид 1921 оны 3 дугаар сарын 1-3-нд Дээд Шивээнд хуралдаж, Д.Сүхбаатарын удирдсан гурав дахь өдрийн хуралдаанаар Монгол Ардын Намыг жинхэнэ ёсоор байгуулж, намын анхны мөрийн хөтөлбөрийг баталсан билээ. Уг мөрийн хөтөлбөрт: “Монгол олон аймгийн ард олны эрх мэдлийг мандуулан, дарлал боолчлолын зовлонг арилгаад, энх түвшнээр аж төрөн, бусад олон үндэстэн улсын адил аливаа эр чадал, эрдэм юугаан дэлгэрүүлэн, улам улам боловсрон тэгш жаргацгаахыг хүснэ” хэмээн зорилтоо тодорхойлсон байна. МАН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд өргөн цар хүрээтэй улс төрийн үйл ажиллагаа явуулж, ард түмнээ манлайлан 1921 оны ардын хувьсгалын ялалтыг хангаж, төрийн хэлбэрийн хувьд хэмжээт цаазат хаант засаг, улмаар Бүгд найрамдах засаг тогтоожээ. Эл хувьсгалын үндэсний шинж нь монголын ард түмэн улс орноосоо харийн түрэмгийлэгчдийг үлдэн хөөж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо тэмцэн олсноор илэрч байв. Харин ардчилсан шинж нь дундад эртний түгжигдмэл байдалд байсан монголчуудад хүний наад захын эрхийг амтлан мэдрүүлж, улмаар монголын нийгмийн амьдралыг ардчилах нөхцөл бололцоог алхам алхмаар бүрдүүлж эхэлсэнд оршино. Засгийн эрх баригч хүчин болсон МАН хувьсгал ялсан анхны өдрөөс бодлого, үйл ажиллагаандаа үндэсний хийгээд ардчилсан зорилтыг шүтэн барилдуулж, гадаад, дотоодод боломжтой бүх сувгаар эл үзэл бодлоо сурталчилж байв. Өөрийгөө коммунист биш, дэвшилт ардчилсан намын хүрээнд багтана хэмээн 1922 оны эхээр үзсэн МАН-ын үзэл баримтлалын үндэс нь үндэсний язгуур эрх ашиг болох тусгаар тогтнол, хүн төрөлхтөний дэвшилтэт соёл, суртахуун үнэт зүйлсийг өөртөө агуулсан үндэсний ардчилсан үзэл, тухайлбал, дэлхийн улс түмний харилцааны солбилцолд улс үндэстнийхээ эзлэх орон зай, байр суурийг ухаалаг тодорхойлох явдал байв. Иймээс нам, төрийн удирдах зүтгэлтнүүд улс орныхоо цаашдын хөгжлийг тодорхойлох талаар ухаанаа уралдуулж байсныг
• Нийгэм алгасан хөгжихөд зайлшгүй эргэцүүлэх хүчин зүйл, дэлхийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг ашиглах тухай С.Данзангийн үзэл бодол,
• Тэгш журамт, баян хүчирхэг улс байгуулах тухай Д.Сүхбаатарын эргэцүүлэл бодрол,
• Социализмд хүрэх монголжуу замын тухай Жамсрангийн Цэвээний онолын үндэслэл,
• Нийгэм-эдийн засгийн хөгжлийн талаарх “баруунтан” гэгчдийн үндэсний ардчилсан үзэл баримтлал зэргээр нотлон нэрлэж болох юм. Эдгээр үзэл бодол нь цаашид өрнөж гүнзгийрэн төлөвших явцдаа их төлөв гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр ихээхэн саад бэрхшээлтэй тулгарчээ. Үндэсний ардчилсан үзэлтнүүдийг “баруунтан” хэмээн буруутгах явдал дээр уллан суурилж, Коминтерний шууд хатгалга, явуулгаар гүнзгийрсэн туйлширсан коммунист үзэл буюу “зүүний” нугалаа завхрал 1930-1932 онд ид эрч хүчээ аван гүнзгийрсэн байна. МАХН-ын Төв Хороо, Хянан байцаах төв комиссын 1932 оны онц III бүгд хурал “зүүний” алдаа завхралыг засаж залруулах арга замыг тодорхойлон заасан нь нам, улсын түүхэнд “Шинэ эргэлтийн бодлого” хэмээн алдаршжээ. Энэ бодлого нь цоо шинэ зүйл биш, 1928 он хүртэл нам, төрөөс явуулж байсан үндэсний ардчилсан чиг шугамыг сэргээсэн хэрэг байв. Эл бодлого үр дүнгээ өгч, улс орны нийгэм-эдийн засаг илт сэргэж байтал туйлширсан коммунист чиг бодлогын улмаас дахин тасалдсан юм. Тухайлбал, И.В.Сталин, түүний гар хөл бологчдын дарамт шахалт явуулгаар улс төрийн хэлмэгдүүлэлтийн хар шуурга улс орныг нөмөрчээ. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн гол цохилт, цөм юуны өмнө МАХН, түүний гишүүд дээр туссан юм. Тодруулбал, 1934 онд хуралдсан Намын IX их хурлаас сонгогдсон Намын Төв Хорооны 51 гишүүний 83,6 хувь нь хэлмэгдсэн байна. Монгол Ардын Нам 1939 оны Халх голын дайны ялалтыг хангаж, дэлхийн II дайны хүнд бэрх жилүүдэд улс орныхоо эдийн засаг, соёлыг дайны нөхцөлд зохицуулан удирдаж, улс үндэстнийхээ тусгаар тогнолыг хамгаалан үлдэж, олон улс даяар хүлээн зөвшөөрүүлж чадсан юм. Энэ бүхэн бол хэн нэгэн улс төрийн хүчинтэй үл хуваалцах МАН-ын болон манай ахмад үе, эх орончдын түүхэн гавъяа байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Эрхэм журмын нөхөд өө!
1940-өөд оны сүүлчээс 1980 оны шувтрага хүртлэх он цаг бол МАН-ын удирдлагаар монголын ард түмний цогцлон бий болгосон их бүтээн байгуулалтын жилүүд байсан юм. Улс төрийн тогтолцооны хувьд тухайн системийнхээ гажуудал, гэм согогийг амсаж байсан хэдий ч улс орон нийгэм-эдийн засгийн хөгжлийн тухайд хол урагшлан хөгжсөн билээ. Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон болох зорилт дэвшүүлж, үүнийг хэрэгжүүлэхдээ ЗХУ болон социалист бусад орнуудын техник-эдийн засгийн тусламж, хамтын ажиллагаанд тулгуурлаж байв. 1960 оноос хойших 30 шахам жилд олзворлох, боловсруулах үйлдвэр, нэн ялангуяа түлш, эрчим хүч, уул уурхайн үйлдвэрүүдийг хөгжүүлж, Дархан, Эрдэнэт, Чойбалсан зэрэг үйлдвэрийн шинэ төвүүдийг байгуулснаар улс орны эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд нэмэгдэж, салбарын бүтцэд дэвшилттэй өөрчлөлт гарчээ. Тус улсын үндэсний орлогын бүтцийг авч үзвэл 1960 онд аж үйлдвэр 14,6 хувь байсан бол 1990-ээд оны эх гэхэд 39,5 хувьд хүрсэн байна. Ардын хувийн аж ахуйтныг хоршоолсноор хөдөөгийн амьдралд өөрчлөлт гарч, атар газар эзэмшин, газар тариалан хөдөө аж ахуйн бие даасан салбар болсон нь улс орны эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц үзүүлсэн юм. Нийгмийн бодлогын хүрээнд ард иргэд үнэ төлбөргүй сурах, эмчлүүлэх зэрэг нийгмийн баталгаагаар хангагдах болов. Тус улс боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт багагүй амжилт олсон юм. 1980-аад оны эцэс гэхэд улс ардын аж ахуй, соёлын салбарт ажиллагч таван хүн тутмын нэг нь дээд, тусгай дунд боловсролтой болсон байв. Монгол хүн сансарт нисч, шинжлэх ухааны өргөн мэдлэг боловсролтой цоо шинэ үе төлөвшжээ. Ардынхаа уламжлалт соёл урлагийг хөгжүүлэхийн хамт, дэлхийн соёлын өв, сонгодог урлагаар баяжуулан орчин үеийн соёл урлагийг цогцлоон бүтээсэн юм. БНМАУ-ын олон улсын нэр хүнд өсч, 100 гаруй оронтой дипломат, олон арван улстай эдийн засаг, соёлын харилцаатай болсон билээ. Манай нам өөрөө 70 гаруй улс төрийн намтай ажил төрлийн харилцаа тогтоосон байв. БНМАУ 1961 онд НҮБ-ын гишүүн болж, цөмийн дайныг сэрэмжлэн зайлуулах, дэлхий дахинд бат бөх энх тайван байдал тогтоохын төлөө хүчин чармайлт гаргаж байлаа. Эдгээр ололт амжилт бол манай ахмадууд, үе үеийн эх орончдын чин зүтгэл, бүтээлч хөдөлмөрийн үр дүн билээ.
Эрхэм хүндэт нөхөд өө!
Монгол Ардын нам 1980-аад оны дунд үеэс үзэл суртал, үйл ажиллагаандаа шүүмжлэлтэй хандан, дэлхийн олон улс оронд түгээмэл үнэт зүйл болон хөгжиж буй ардчилсан нийгмийн үзэл баримтлал, шинэчлэлт өөрчлөлтийг хүлээн авч, 1990-ээд оноос ардчилсан социалист үзэл баримтлалыг чиг баримжаагаа болгосон юм. 1992 оны Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулан баталж, улмаар нийгмийн шинэчлэлийг түргэтгэж, ардчилал зах зээлийн харилцаанд шилжин ороход Монгол Ардын нам түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Монгол Ардын нам зүүний чиглэлийн буюу нийгмийн ардчилсан үзэл баримтлалтай улс төрийн хүчнийхээ хувьд нийгмийн сайн сайхныг хангахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаагаар сонгогчдын дэмжлэг авч, УИХ-д олонх болж, засгийн эрх барьсан он жилүүддээ эдийн засаг, нийгмийн уналтыг зогсоож, улмаар сэргээх, өсөлтийг хангах, иргэдийн соёл боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, дэд бүтцийг сайжруулах, гадаад харилцааг өргөтгөн бэхжүүлэх зэрэг томоохон өөрчлөлтүүдийг хэрэгжүүлж чадсан юм. Улс орны хөгжлийн шинэ сонголт, ардчилсан үйл явц бол хэн нэгэн мэргэн цэцэн хүн, улс төрийн хүчний ухаарал төдий бус айсуй цагийн өнгө аяс, хүн төрөлхтөний жам ёсны хөгжлийг ойлгон мэдэрсэн монгол түмний ухаарлын хаялга байсан юм. Энэ бүхнийг зангидан зохицуулж, эвлэрүүлэн хошуучлах үүргийг Монгол Ардын Нам өөртөө хүлээж, түүхэн хариуцлагаа ухамсарлан төвч шударгаар хүчин зүтгэж ирснийг хэн ч үгүйсгэх эрхгүй. Ардчилсан хөгжлийн 25 жилд олсон ололт амжилт, үнэт зүйл бүхнийг Ардчилсан нам зөвхөн өөрсдөө өмчилж, алдаа дутагдлаа манай намруу чихэж ирсэн увайгүй оролдлого үйлдлийг олон түмэн ухааран үнэнээр нь ойлгох боллоо. Энэ асуудалд манай нам “сайн ч миний багш, муу нь ч миний багш” гэсэн дорнын гүн ухааны үүднээс хандаж ирсэн. Улиран өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам засгийн эрх барьсан үед улс орны нийгэм эдийн засгийн гол үзүүлэлтүүд унаж, харин МАН засгийн эрх барьж ирсэн жилүүдэд ямагт өсөн дээшилж ирсэнийг түүхэн бодит байдал гэрчилнэ.
Хоёр.Орчин үеийн намын хөгжлийн чиг хандлага ба Монголын улс төрийн намууд Монгол Ардын Нам шинжлэх ухаанч үзэл баримтлалтай, үндэсний оюун санааны өв сан, хүн төрөлхтний соёл иргэншлийн үнэт зүйлсийг эрхэмлэсэн, хүний хөгжлийг бодлогын төвд тавьсан зүүний чиглэлийн улс төрийн намуудын хөгжлийн чиг хандлагад нийцсэн орчин үеийн нам болж шинэчлэгдэхэд намын гишүүд, дэмжигчдийнхээ хүч анхаарлыг төвлөрүүлж байна. Эрдэмтэн, мэргэд нам үүсэн бий болох шалтгааныг парламентын ардчилалтай, олон намын тогтолцоог нийгэм дэхь олон ургальч ардчилалтай, парламентат ёсны төлөвшлийг бүх нийтийн сонгуулийн эрхтэй амин шүтэлцээтэй авч үзсэн байдаг. Өнгөрсөн XX зуун улс төрийн намуудын зуун болж дэлхий нийтийн хэмжээнд тэдгээрийн үйл ажиллагаа, үзэл баримтлал, үнэт зүйлсэд чухал өөрчлөлтүүд гарсан нь ардчиллын хэмжүүр бол улс төрийн намууд юм гэсэн үзэл санааг түгэн дэлгэрүүлэхэд хүргэсэн байна. Нам бол ардчиллыг хэрэгжүүлдэг, түгээдэг, тээж явдаг, хөгжүүлдэг улс төрийн системийн чухал институци гэдэгтэй хэн ч маргахгүй. Нам боловсруулж гаргасан бодлого, хөтөлбөр, баримталж буй үзэл баримтлал, үзэл суртал, зохион байгуулалт бүхий үйл ажиллагаагаараа нийгэмд улс төрийн соёлыг түгээн дэлгэрүүлж иргэд сонгогчдын улс төрийн нийгэмшлийг хангахад гол үүрэг гүйцэтгэх учиртай. Нам төрийн албан тушаалтнуудыг бэлтгэж, шилж шалгаруулах гол механизм байж улс төрийн шигшилт сонголтын үүрэг хүлээхийн зэрэгцээ иргэний нийгэм, төр хоёрын дунд холбогч гүүр, иргэдийн ашиг сонирхлыг нэгтгэгч институци болдог гэж сулаачид үздэг байна. Намын хөгжилд гарч буй өөр нэг өөрчлөлт бол дэлхийн нийтийн ардчилсан үнэт зүйлс адилсаж, нийтийн сайн сайхан байдал хүрээгээ тэлэхийн хэрээр нийгмийн социаль бүлгийн ашиг сонирход суурилсан намуудын уламжлалт хэв маягт өөрчлөлт орж байна. Үүнийг даган барууны болон зүүний чиглэлийн намуудын төлөө саналаа өгдөг сонгогчдын харьцаа ойролцоо болж, намуудын нийгмийн бүтцээс хамаардаг шинжийг улам бүр хумьж байна. Өнөөдөр хэдийгээр барууныхан хувийн өмчтөнүүдэд, харин зүүнийхэн хөлсний хөдөлмөр эрхлэгчдэд илүү тулгуурлаж байгаа боловч сонгуулийн үр дүн голчлон улс төрийн хүчнүүдийн дунд тэнцвэртэйгээр хуваагдсан дундаж давхрагынхнаас хамаардаг болжээ. Тиймээс ч тэдний саналын төлөөх тэмцэл нь намуудын мөрийн хөтөлбөрүүдийг ижил төстэй болгоход хүргэж байна. Үүний үр дүнд эдүгээ уламжлалт намуудын оронд “өргөн хүрээний нам”, “бодлогын нам”, “сонгогчдын нам” зэрэг намын хөгжлийн шинэ хэв маягууд бий болсоор байна. МАН нийгэм, ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа хэзээ ч умартаж байгаагүйг түүх гэрчилнэ. Энэ нь МАН-ын нийгэмд гүйцэтгэж ирсэн, гүйцэтгэж байгаа үүргүүдээр тодорхойлогдох юм. Манай нам 95 жилийн тэртээ үүсэн байгуулагдахдаа ард иргэдийнхээ төлөө гэсэн чин эрмэлзлэл, зорилгыг үйл ажиллагааныхаа үндэс болгож байсныг би энд дахин хэлэхийг хүсч байна. МАН үүсэн байгуулагдаж буй эрхэм зорилгоо “ардын хэмээх нь ардын тусын тулд, нам хэмээх нь нийтийн тусын тулд болой” хэмээн үнэн чин зорилго бүхий үзэл санааг тунхаглаж байсан. Бид намынхаа мөн чанар болсон нийтийн тусын тулд гэсэн зарчмыг чанд баримтлан ажиллахын зэрэгцээ орчин үеийн намын хөгжлийн чиг хандлагыг зөв баримжаалсан өөрчлөлтүүдийг хийх замаар энэ зорилгод хүрч чадна гэж үзэж байна. Ийм ч учраас орчин үеийн улс төрийн намын хямрал, түүнээс гарч буй сөрөг үр дагаврыг амжилттай даван туулах, орчин үеийн нийгмийг хэрэгцээг хангахад чиглэсэн илүү дэвшилттэй бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хэлбэрийг сонгон ажиллах шаардлагатай байгаад анхаарал хандуулах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл “улс төрийн намын нөөц бололцоо шавхагдаж дууссан гэсэн нийгмийн сөрөг үнэлгээнд бодитой хариулт өгөх шаардлагын өмнө бид зогсож байна. Үүнд өгөх бодитой хариулт бол намуудын бодлого, үйл ажиллагаа, зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөцийн цогц шинэчлэл мөн.
Эрхэм журмын нөхөд өө!
Эрхэм хүндэт зочид оо!
Монгол оронд улс төрийн анхны байгууллага үүсэн байгуулагдсан ойн өдрийг “Эх орончдын өдөр” хэмээн нэрийдэж, төр, засгаас нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон зарласан нь санамсаргүй хэрэг биш. Манай намын эрхэм дээд зорилго нь улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгааг тээгч нь, монгол түмний хөгжил дэвшлийн түүчээ нь байх явдал билээ. Улс орны хөгжлийн ирээдүйн нэн эгзэгтэй зааг үед, үндэстнийхээ тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулан бэхжүүлж, нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хангах зорилтыг шийдвэрлэх чухал цаг дор тулж ирээд байна. Эдгээр зорилтыг цаг алдалгүй оновчтой шийдвэрлэж чадах эсэхээс Монгол орны маань цаашдын хувь заяа хамаарах болно. Улс орны эдийн засаг туйлдан доройтож, ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт муудсаар байна. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн чиглэлээр чиглэсэн зоилготой цогц бодлогыг эрх баригчид хэрэгжүүлж чадахгүй нь тодорхой боллоо. Улс төрийн тогтолцооны шударга, хүрээмжтэй, ил тод байдал төлөвшиж чадахгүй, Үндсэн хуульт байгууллын дархлаа алдагдах шинжтэй боллоо. Өнгөрсөн 4 жилд иргэн таны амьдрал сайжирсан уу гэсэн асуултад сонгогч олон түмэн гундуу үнэлэлт, гутранги байдлаар хариулж байна. Сүүлийн 20 жилийн судалгаанаас манай нам Засгийн эрх барьсан он жилүүдэд эдийн засаг өсч, ард иргэдийн амьжиргаа дээшилж, харин АН засаг барьсан үед хүрсэн түвшин, ололт амжилтаас ухарч, эдийн засаг уруудан, өсөлт нь нэгээс доош хувьд хүрч, ард иргэдийн амьдрал доройтдог дүр зураг ажиглагдах болсон нь санамсаргүй тохиолдол биш. Бид эрх баригчдын өнгөрсөн 4 жилд гаргасан эдийн засгийн бодлогын алдааг засч, улс орноо хямралаас гаргаж, иргэд, аж ахуйн нэгжүүдээ өрийн дарамтгүй, ажилтай, орлоготой болгох явдал тулгамдсан асуудал болоод байна. Энэхүү зорилтыг хангахын тулд нэг талаас өндөр сахилга, хариуцлагатай төсөв болон мөнгөний бодлого явуулж өрийн дарамт болон төсвийн алдагдлыг шат дараатай бууруулах нөгөө талаас эдийн засгийн хямралтай үед ард иргэд тэр дундаа нийгмийн эмзэг бүлэг, ядуусаа хамгаалахад чиглэсэн бодлого явуулах хүндхэн сорилттой бид тулгараад байна. Иймд Монголын нийгмийг олон жилийн турш түүчээлж, улс орны өмнө тулгамдсан асуудлыг үл бэрхшээн шийдэж ирсэн манай намд дахин түүхэн хариуцлага ноогдож байна. Бид түмэн олноо ядуурлаас аварч эдийн засгаа дахин сэргээснээр ДНБ-ий өндөр өсөлтийг хангаж, үр өгөөжийг нь хүн бүрт, ялангуяа ядуу, бага орлоготой иргэдэд түлхүү хүртээх замаар дундаж давхрагын иргэдийг олноор бий болгох хөгжлийн баримжаатай эдийн засгийн бодлого хэрэгжүүлж Монгол хүн эх орондоо сайн сайхан, тав тухтай, аюулгүй амьдрах боломж, бололцоог бий болгоно. Улс орондоо улс төр, засаглалын тогтвортой байдлыг хангаж, Монгол улсын гадаад бодлогыг эдийн засгийн агуулгаар баяжуулах замаар, гадаадын шууд хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн олж авах бодлого хэрэгжүүлнэ. МАН гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихийн зэрэгцээ үндэсний хөрөнгө оруулалтыг бүхий л талаар дэмжиж бизнесийн орчин дахь төрийн оролцоог багасгаж, төр хувийн хэвшилтэй өрсөлдөж бизнес эрхэлдэг явдлыг таслан зогсооно. Бид гацаанд ороод байгаа стратегийн ач холбогдолтой,томоохон төслүүд болох Оюутолгой, Тавантолгой, Төмөр зам, эрчим хүчний төслүүдийн ажлыг эрчимжүүлэх, эхлүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн, Монгол улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх зарчмыг тууштай баримтлан ажиллана. Бид хүн амыг чанартай, аюулгүй хүнсээр бүрэн хангах, хөдөө аж ахуйн салбарт техник технологийн дэвшил, инновацийг нэвтрүүлэн, хөдөлмөрийн бүтээмж, өрсөлдөх чадвар, бүтээгдэхүүний гарцыг дээшлүүлнэ. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гадаад зах зээлийг тэлэх, экспортыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг эрчимтэй татна. Монгол улсын эдийн засгийн эрчимтэй өсөлтийн эх үүсвэр болох аж үйлдвэржилтийн хөгжлийг хангах стратегийг боловсруулж, аж үйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх хувийг нэмэгдүүлнэ. Тууштай бодлого хэрэгжүүлдэг, тулхтай улс төрийн хүчний хувьд бид хамтдаа үүнийг хийж чадна. Монгол түмний маань заяа түшиж, мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс маань мөнхөд мандан бадрах болтугай.