46 настай малчин эрэгтэй Б дөрвөн хүнийг хутгалж, хүнд гэмтээсэн хэрэг энэ сарын 21-нд Өвөрхангай аймагт гарсан. Өмнө нь 15 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байсан Батмөнх гэгчид цээж, гуяндаа 5-6 удаа хутгалуулж, сүхдүүлсэн малчин Э аймгийн БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн ч шархаа даалгүй энэ сарын 26-ны өдөр нас барсан юм.
Тэрээр хэрэгтэн Батмөнхтэй урьдын танил байсан бөгөөд шоронгоос суллагдан орох орохгүй, очих айлгүй явахад нь туслах малчнаар ажилд авч, хоёр жилийн турш цалинжуулан ажилласан бөгөөд энэ хугацаанд гэр, мотоцикль зэргийг авч өгч, тусламж дэмжлэгийг багагүй үзүүлж байсан байна.
Тухайн өдөр Батмөнх гэрийн эзэнтэй архи ууж халамцсаны улмаас маргалдан хутгалж, амийг нь бүрэн хөнөөх зорилгоор хоёр удаа сүхэдсэн ба энэ үед гэрийн эзэгтэй Улаанбаатар хотруу золголтоор явсан байжээ. Хэрэв Э-ийн эхнэр гэртээ байсан бол аллагад өртөх магадлалтай байсан гэдгийг нутгийнхан хэлж байгаа юм.
Хэрэгтэн хүний аминд халдчихаад зугатаж явах үедээ 34 настай А, түүний ээж 57 настай Ц, эгч 45 настай С нарын биед хүйтэн мэс хүргэн гэмтээсэн ба хохирогчид дотуур цус алдалттайгаар Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт хагалгаа хийлгэн эмчлүүлж байна. Хэрэгтэн Батмөнхийг Хархорин сумын Цагдаагийн хэлтэст баривчилж, мөрдөн байцаалт явуулж байгаа гэх мэдээллийг тус хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирдоржоос тодруулан авлаа.
Өвөрхангай Б.Батчимэг
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг