Н.БАТ
УИХ-ын гишүүн Ц.Дашдорж покерын тэмцээнээс 100 мянган доллар хожсон тухай орос хэл дээр монголчууд эрхлэн гаргадаг сайтад нийтэлжээ. Тэрээр шинэ оны өмнөхөн Сөүлийн алдарт “Seven luck” казинод өнжин тоглож, долоо хоног тутам болдог покерын тэмцээнийх нь аварга болсон юм байх.
Алдалгүй авна гэж мөрийтэй тоглоомд хэзээ ч үгүй. Ямар ч байсан энэ удаад УИХ-ын гишүүн Ц.Дашдоржид аз тохиосон гэнэ.
Түүний тухай мэдээлэл сошиал ертөнцөд түгэж байхтай зэрэгцэн Dembee Sambuu гэх хаягаар Сангийн яамны газрын дарга Пүрэвсүрэн гэх этгээд Макаогийн казинод нүдэн дээр 250 сая төгрөг алдчихлаа гэх пост газар авав. Хэзээ гэдэг нь тодорхойгүй ч Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Х.Пүрэвсүрэн гэх нөхөр ямар ч байсан казинодож л байгаа харагдав. Гадаадад мөрийтэй тоглох нь хувь хүний эрх ч гэлээ хэний мөнгөөр тоглов гэх хардлага хүн бүрт л төрнө. Ямар ч байсан улсын төсөв хямарсан, эдийн засаг хүндрэлтэй байгаа, хүн бүр бүсээ чангал гэсэн Ерөнхий сайдын үг эдгээр нөхдөд бол падгүй юм байна.
Эсвэл төсвийн мөнгөнөөс хумсалж, сонгуульд зарцуулах боломжгүй учраас нам бүр мөрийтэй тоглоомын мастеруудаа шалгаруулж гадаадад гаргасан юм болов уу. Учир нь, УИХ-ын гишүүн Ц.Дашдорж бол МАН-ын “толгой” гишүүдийн нэг. Тэрээр 2000-2004 онд УИХ-д Сонгинохайрхан дүүргээс сонгогдож, парламентын танхим дахь хэлгүй гишүүдийн нэг гэгдэж байсан бол 2004-2008 онд ахин сонгуульд өрсөлдсөн ч Буян Жаргалсайханд далаараа тавиулсан. Гэхдээ мань хүн МАН-д нэртэй нэгэн гэдгээ илтгэн дэд сайдын суудлаас ахин мандат аван Говь-Алтай нутгийг зорьсон. Говь-Алтай аймгаас хоёр дахь удаагаа УИХ-д сууж буй. Хэдийгээр парламентын хуралдааны үеэр төдийлэн дуугараад байдаггүй ч Говь-Алтайн тухай юм уу барилга байшингийн тухай яривал хаа нэг үг хэлж харагддаг. Үнэндээ МАН-ын суудал халаагч нарын нэг гэхэд хилсдэхгүй. Тэрээр МАН-ын томоохон санхүүжүүлэгчдийн нэг бөгөөд энэ удаад тойрогт гэхээс илүү жагсаалт руу зүтгэж буй гэнэ билээ. Учир нь, Говь-Алтай аймагт 2016 оны сонгуулиар түүнийг хүлээн авахгүй нь тодорхой болж. Тиймээс л жагсаалтад орохын тулд намдаа бас багагүй санхүүжилт хийх шаардлага тулгарах биз.
2014 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харвал УИХ-ын гишүүн Ц.Дашдорж өөрийн орлогоо 28 сая 35 мянга гэж тодорхойлсон бол гэр бүлийнх нь 123 сая 200 мянган төгрөг байгаа юм. Сардаа хоёр сая 336 мянган төгрөгийн орлоготой түүнд 100 мянган доллар гэдэг “их мөнгө” биз. Хөөрхий үнэндээ хуруу хумсаа хуйхлан байж л Солонгосын дээд зэрэглэлийн казиногийн үүд хавиар эргэлдсэн бололтой, ХОМ-ээс нь харвал.
Харин Х.Пүрэвсүрэнгийн хувьд хурган дарга. Тэрээр АН-ын гишүүн. Гэхдээ түүнд мөрийтэй тоглох бэл бэнчин байгаа учраас дотроо нэгийг бодож л яваа биз. Түүний ХОМ ямар ч байсан АТГ-ын сайтад байдаггүй л юм байна.
Монгол Улсын хуулиар дотооддоо мөрийтэй тоглох нь хориотой байдаг учраас манай хэдэн дарга нар гадаадад гарлаа л бол казиногийн үүдээр эргэлдэж, ширээнд цомцойдог нь аль эртнээс тодорхой байсан. Хадгаламж банкны 14 тэрбумыг тухайн үеийн удирдлагууд нь мөн л мөрийтэй тоглоомд сор болгон залчихсан бөгөөд үүнээс нь үүдэн улсад учирсан хохирлыг лав төлөөгүй. Ц.Чимэдцэрэн тэргүүтэй хэдэн нөхөр ял авсан ч хот хөдөөгүй салбартай Хадгаламж банк дампуурлаа зарлахад хүрсэн.
Ямар ч байсан УИХ-ын эрхэм гишүүний дархан эрхэд халдаж, шалгахад хүндрэлтэй байгаа бол хурган дарга нарын халаасыг нэг сэгсрээд үзэхэд гэмгүй л болж.
Эх сурвалж: www.assa.mn