Indiewire, Variety зэрэг киноны томоохон цахим хуудсуудаас АНУ-ын кино академийн дээд шагнал болох Оскарыг ямар кино, уран бүтээлчид хүртэх талаарх таамгийг мэргэжлийн кино судлаач, шүүмжлэгчдийн санал дээр үндэслэн гаргаад эхэлжээ. Тэдгээр таамагт үндэслэн 88 дахь удаагийн Оскарын шагналыг хүртэх хамгийн өндөр магадлалтай бүтээл, уран бүтээлчдийг үзэгчдийн сонирхлыг хамгийн их татдаг голлох 10 төрлөөр тодруулан, зохих тайлбартайгаар хүргэж байна. 2 сарын 28-ны шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас өмнө та ч гэсэн өрсөлдөж буй гол бүтээлүүдийг үзэж, өөрийн таамгыг дэвшүүлээрэй.
ШИЛДЭГ КИНО
“Үхлээс амилагч” кино энэ жил хамгийн олон буюу нийт 12 төрөлд Оскарын шагналд нэр дэвшээд байгаа юм. Санаанд оромгүй хүнд нөхцөлд бүтээгдэж, кино багийхнийг олон талаар сорьсон сайх бүтээл 2015 оны онцлох томоохон төслүүдийн нэг гарцаагүй мөн байв. Түүний араас тасралтгүй адал явдлаараа хоёр цагийн турш үзэгчдийг “зодсон” “Галзуу Макс: Хилэнт зам”, үзэгч олныг Ангараг гариг, сансрын адал явдалд хөтлөсөн “Ангарагын иргэн” кинонууд нүсрийнхээ хэмжээгээр удаалж байна. Ийм нүсэр төслүүдийн зэрэгцээ харьцангуй бага зардал, цомхон бүрэлдэхүүнээр бүтсэн “Өрөө”, “Брүклин”, “Анхаарлын төв” зэрэг инди кинонууд ч эдэнтэй мөр зэрэгцэн шилдэг кино төрөлд Оскарын шагналд дэвшин орж иржээ.
“Галзуу макс: Хилэнт зам”-ын хувьд адал явдалт төрөл жанраасаа болоод Оскарын шагналаас мултрах магадлал өндөр.
Харин гол өрсөлдөөн католик сүмд бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд оруулсныг олон нийтэд дэлгэн шуугиан тарьсан Бостон Глоб сонины сэтгүүлчдийн тухай өгүүлэх бодит түүх “Анхаарлын төв” хийгээд “Үхлээс амилагч” кинонуудын дунд өрнөх байх хэмээн кино мэргэжилтнүүд хараалж байна.
Ялагч: “Үхлээс амилагч” (The Revenant)Удаах магадлал: “Анхаарлын төв” (Spotlight)
ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ
Мексикийн найруулагч А.Г.Иньярриту түрүү жил “Хүн шувуу” бүтээлээрээ шилдэг найруулагч төрөлд Оскарын шагнал гардан авч байсан бол энэ жил ахиад л энэ төрөлд дэвшин тун одтой гялалзаж байна. Гэвч хоёр жил дараалан нэг төрөлд шагнал авах магадлал бага. Тиймээс ч “Галзуу Макс: Хилэнт зам” хэмээх чанга бүтээлээрээ адал явдалт төрлийн киног ямар гайхамшигтай хийж болдгийг нотолж, үзэгч хийгээд кино шүүмжлэгчдийн амыг ангайлгасан найруулагч Жорж Миллер энэ төрөлд бараг л өрсөлдөгчгүй ноёрхож байна гэхэд хилсдэхгүй. Шилдэг найруулагч төрөлд “Ангарагын иргэн” киноны найруулагч Ридли Скотт дэвшээгүй нь багагүй хүний гайхашралыг төрүүлсэн. АНУ-ын кино академийн бүрэлдэхүүн Ридли Скоттыг хувь уран бүтээлч гэхээс илүүтэй томоохон студи хоорондын “тоглогч” хэмээн үзсэн байх магадлалтай. Ридли байхгүй нь Жорж Миллерт эл төрөлд ялах боломжийг улам ойртуулж байна.
Ялагч: Жорж Миллер (Галзуу Макс: Хилэнт зам)Удаах магадлал: Том Маккарти (Анхаарлын төв)
ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР
Энэ жилийн Оскарын шагналын хамгийн дуулиант өрсөлдөөн чухам энэ төрөл дээр явагдах бололтой. Тэр дуулианы эзэн нь жүжигчин Леонардо ДиКаприо болоод байна. 20 гаруй жилийн жүжигчний карьерынхаа туршид гол төлөв том төслүүд дээр ажиллаж яруу найрагчаас эхлээд зальжин луйварчин, романтик залуугийн зэрэг эсэн бусын дүрд чадмаг тоглосон ч тэрээр өдий хүртэл Оскарын шагнал авч байгаагүй бөгөөд энэ жил өнөөх “гайхал” оскарыг авах хамгийн өндөр магадлалтай байгаа юм. Зарим кино шүүмжлэгчид түүнийг Оскарын шагнал гардан авахдаа тайзан дээрээс хэлэх үгээ хэдийн бэлдээд эхэлсэн биз хэмээн хошигнож байна.
Түрүү жил суут физикч Стивен Хоукингийн дүрээр энэ төрөлд “Алтан хүн” гардсан жүжигчин Эдди Редмейн энэ жил ахин нэр дэвшсэн нь түүний шүтэн бишрэгчдийг ихэд байрлуулж буй нь мэдээж. Түүхэн бодит хүний содон дүр төрхийг жил дараалан бүтээсэн нь түүнийг нэг хэв шинжит жүжиглэлтэд хаших шиг болов. Тиймээс Леогийн хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Эдди Редмейн бус Стив Жобсын дүрийг бүтээсэн Майкл Фассбендер байж мэднэ. 2 сарын 28-нд болох Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас үзэгчид эл хүлээлтийнхээ учгийг тайлах биз ээ.
Ялагч: Леонардо ДиКаприоУдаах магадлал: Майкл Фассбендер
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮР
Энэ жилийн шилдэг эмэгтэй гол дүр төрөл Оскарын шагналын хамгийн тэгш өрсөлдөөнтэй талбар болж байна.
Гол өрсөлдөөн “Өрөө” киноны гол дүрийг бүтээсэн Бри Ларсон, “Брүклин” киноны Сирша Ронан, “Жой” киноны Женнифер Лауренс гурвын дунд явагдах болов уу хэмээн кино шүүмжлэгчид тааварлаж байна.
Хэн нь ч энэ төрөлд шагнал гардан тайзнаа талархлын үг хэлж зогсохыг 2 сарын 28-ны Оскарын тэнгэр л мэдэх биз.
Ялагч: Бри Ларсон
Удаах магадлал: Сирша Ронан
ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР
Энэ жилийн Оскарын шагналын нэгэн гол баатар гарцаагүй жүжигчин Том Харди болж байна. “Галзуу макс: Хилэнт зам” киноны галзуу Макс, “Үхлээс амилагч” киноны туслах дүр Фицжеральд гээд энэ жил тэрээр жүжигчний карьерын хувьд үнэхээр баялаг өрнөлтэй байлаа. Олонх кино хорхойтон, үзэгч Том Хардиг “Алтан хүн” гардан авч зүй ёсоор гялалзан мандаасай хэмээн Леонардо ДиКапирогийнхоос дутахгүй хүсэж буй нь мэдээж.
Оскарын шагналд дэвшсэн жүжигчид дийлэнх нь “цагаан” арьстнууд байдаг гэх ээлжит шүүмжлэл энэ жилийн хувьд ч хүчтэй яригдаж байна. Ялангуяа эл төрөлд “Эх оронгүй адгууснууд” (Beasts of No Nation) киноны туслах дүр Идрис Элба дэвшээгүй нь олныг гонсойлгосон явдал боллоо.
Ялагч: Том Харди
Удаах магадлал: Сильвестр Сталонне
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР
Шилдэг эмэгтэй туслах дүр төрөлд энэ жил ширүүн өрсөлдөөн өрнөх төлөвтэй байна.
Эр нөхрийнхөө эмэгтэй хүн болж хувирах бие физологийн хийгээд сэтгэл зүйн ярвигтай өөрчлөлтийг ойлгон дэмжиж, алхам тутамд нь хань болж байсан уудам сэтгэлт, нугарашгүй зураач бүсгүйн дүрийг “Дани бүсгүй” кинонд гайхалтай бүтээснэээрээ Алисиа Викандер оскарын шагнал хүртэх магадлал хамгийн өндөр гэгдэж байна.
Гэхдээ “Жигшүүрт найм” киноны Дэйзигийн дүр ч жүжиглэх чадвар боломжийг шавхсан харгиа дүр гэдэгтэй хэн ч маргахгүй. Цаана нь бас Кэйт Уинслет, Рүни Мара нар байна. Эл төрөлд хэн оскар гардан авах нь хамгийн сонирхолтой таамаг болох нь ээ.
Ялагч: Алисиа Викандер
Удаах магадлал: Женнифер Жейсон Ли
ШИЛДЭГ ЗУРАГЛААЧ
Мексикийн зураглаач Эммануэль Любецки 2013 онд “Татах хүч” (Gravity), 2014 онд “Хүн шувуу” (Birdman) киногоороо хоёр жил дараалан “Шилдэг зураглаач” төрөлд Оскарын шагнал хүртэж байлаа. Альфонсо Курон, Теренс Малик, Тим Бартон, Стивен Содерберг зэрэг алдарт найруулагчидтай хамтран ажиллаж байсан тэрээр энэ цаг үеийн кино урлагийн амьд домгуудын нэг гэж болно. Энэ жил түүний зураглаачаар ажиллан оскарын шагналд дэвшээд буй “Үхлээс амилагч” кино зохиомол гэрэлтүүлэг ашиглалгүй дан ганц байгалийн гэрэлд зураг авснаараа онцлог юм. Зураглаач Любецки энэ жил гурав дахь удаагаа Оскарын шагнал гардан авч итгэмээргүй амжилт тогтоох болов уу?
Ялагч: Эммануэль Любецки “Үхлээс амилагч”Удаах магадлал: Рожер Диккинс “Хөлсний алуурчин
ШИЛДЭГ ГАДААД ХЭЛ ДЭЭРХ КИНО
Шилдэг гадаад хэл дээрх кино төрөлд Оскар гардан авах хамгийн өндөр магадлалтай кино болох “Саулын хүү” бол Унгарын найруулагч Ласло Немешийн бүтээл. Дэлхийн II дайны үеийн Аушвицын хорих лагерын аймшгийг үзүүлсэн сайх киноны үйл явдлыг дан ганц ойрын зураг авалтаар хийсэн агаад ерөнхий план зураг авалтын үед дүрсийг бүдгэрүүлж зөвхөн дуу чимээгээр орлуулах арга барилыг ашигласнаараа онцлог юм. Эл бүтээл 2015 оны Каннын кино наадмын дэд шагналыг мөн хүртсэн.
Дашрамд дурьдахад уг төрөлд өрсөлдөж буй таван кинонооё “Зэрлэг адуу”, “Аварга могойн тэврэлт” кинонууд “Улаанбаатар олон улсын кино наадам”-аар түрүү онд монгол үзэгчдийн хүртээл болж байжээ.
Ялагч: “Саулын хүү”Удаах магадлал: “Зэрлэг адуу”
ШИЛДЭГ АНИМЭЙШН КИНО
Энэ онд үзэгч бид хүний сэтгэл хөдлөл, ой санамж, зүүд зөн, бодлын урсгал зэрэг хүний дотоодод өрнөх нүдэнд үл үзэгдэх далд орон зай, үйл явцыг тун уран, ухаалаг, хөгжилтэй, ёжтой, өхөөрдөм шийдлээр дүрсжүүлэн, биежүүлснийг нүдээр үзэж гайхан алмайрах, бахдан шагших хувь оногдсон нь “Бодлын ертөнц” анимейшн бүтээл байлаа.
Мангасуудын ертөнц (Monsters, Inc. 2001), Өөдөө (Up, 2009) зэрэг алдарт анимейшн киноны найруулагч, зохиолч, аниматор Пит Доктер хүүхэд насны бодит явдлаасаа ургуулан “Бодлын ертөнц” бүтээлийнхээ санааг анх олжээ. “Бодлын ертөнц” төслийнхөө зохиолыг бүрэн бичиж дуусгах хүртлээ Пит хүний сэтгэл хөдлөлийн судалгаагаар мэргэшсэн алдарт сэтгэл судлаач Пол Экман, Калифорниагийн их сургуулийн сэтгэл судлалын профессор Дачер Келтнер зэрэг мэргэшсэн сэтгэл судлаачдын зөвлөгөөг авч, хамтран ажиллажээ. Зохиол бичих, дүрийн хөгжүүлэлт, анимейшн болгон хэлбэршүүлэх зэргээр нийт зургаан жилийн хугацааг туулж байж энэ онд сайх анимэйшн олон нийтийн хүртээл болсон аж. “Бодлын ертөнц” хүүхдийн кино бус, бага насны хүүхэд утгыг нь бүрэн ойлгоход арай ярвигтай ч, томчуудыг бол шийдэл, санаа, ёжлолын урнаараа тун сайхан зугаацуулахуйц “том” кино байв.
Тиймээс ч Пиксарын энэхүү шидээвэр бүтээл эл төрөлд “өрсөлдөгчгүй” өрсөлдөж байгаа гэхэд хилсдэхгүй.
Ялагч: “Бодлын ертөнц” (Inside Out)Удаах магадлал: Байхгүй.
ШИЛДЭГ БАРИМТАТ КИНО
2016 он гараад удаагүй байхад дэлхий дахиныг хэрсэн аварга цахим киноны сан бүхий “Netflix” төлбөрт сүлжээ манай улсад албан ёсоор нэвтэрсэн нь кино хорхойтнуудын хувьд тун таатай явдал байв. Тэгвэл “Netflix”-ийн өөрсдийн бүтээдэг онцлох контентуудын нэгт чансаатай баримтат кинонууд тэргүүнд багтдаг юм. Оскарын шагналд нэр дэвшсэн 5 бүтээлийн “Юу болоо вэ, хатагтай Симон?”, “Галын ирмэг дээрх өвөл” гэх хоёр баримтат киног эднийхээс гаргажээ.
Харин шилдэг баримтат кино төрөлд оскар гардан авах хамгийн магадлалтай баримтат киногоор 27 насандаа харамсалтайгаар нас барсан, өөрийн онцгой хэв маяг бүхий нэрт дуучин Эйми Вайнхаусын амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлэх “Эйми” кино тодроод байна. Тус кино “Алтан хальс” холбооны “Dreamer’s Day” кино үзвэрээр түрүү онд монгол үзэгчдийн хүртээл болж байжээ.
Ялагч: “Эйми” (Amy)Удаах магадлал: “Аниргүйн харц” (The Look of Silence)
Эх сурвалж: tegsheemoviecorner.wordpress.com