Comment.mn

“Авангард” хэлбэрийн сонгуулийн сурталчилгаа мода болох нь уу?

Сонгууль юу юугүй хаяанд ирлээ. Улстөрийн намууд энэ үеүдэд тойрогт хэн, хэнийг хаана нэр дэвшүүлэх, жагсаалтаар гарч ирэх улсдаа ямар шалгуур тавих зэрэг асуудлаар дотооддоо буцалж байна. Үүнтэй зэрэгцээд олон нийт нэр дэвших талаар нь таамаглаа ч үгүй явсан хэсэг бусаг нөхдүүд албан ёсоор өрсөлдөнө гэдгээ зарлаж, сошиалд дуулиан тариад байгаа юм.

Шинийн найманд өдрийн сайныг сонгон байж, “Монгол аура” төвийн тэргүүн Б.Сарандаваа УИХ-д нэр дэвшихээ албан ёсоор зарлав. Сүүлийн зургаан жилийн турш  “UB Palace”-ийн 3050 хүний суудал бүхий  их танхимыг  дүүргэж,  мөнгө дуудах зан үйл тэргүүтнээр лекц уншдаг эл эрхэм жилийн дөрвөн улиралд орлого нь огтхон ч хумигддаггүй гэх. Тэрээр өөрийн нэрээр овоглосон ажлын оффисоороо дамжуулан, тасралтгүй засал ном хийж, шинээр шавь төрүүлэн, баруун солгойгүй мөнгө олдог. Ямартай ч энэ удаа УИХ-д нэр дэвшиж, Монгол Улсыг мөнгөтэй болгох их үйлсэд хүчин зүтгэхээр шийдсэнээ зарлаад байна.

Дараа нь дуучин Нара буюу М.Нарантуяа. Энгэр задгай хувцаслалт, сайхан нүүр будалт сэлтээрээ олны анхаарлын төвд явдаг дуучин бүсгүй ганц бие ээжийн хувиар УИХ-д нэр дэвшиж, эмэгтэйчүүдийн төлөө их ажил хийхээр зориг шулууджээ. Тэрээр УИХ-ын гишүүн болохыг “Ерөнхийдөө мөнгө хуваарьлах ажил хийдэг биз дээ” хэмээн эхэндээ хошигнох маягаар эхэлсэн ч “Үндсэн хуулиа уншъя” сэдэвт аяныг сошиалд өрнүүлэх зэргээр ажлаа эрчимжүүлээд эхлэв. Нара англи, япон хэлтэй. Хаа очиж шударга, бялангачлаад байхгүй. Гэхдээ улстөр хатуу тоглоом гэдгийг тэр эрхбиш ойлгож баймаар.

За тэгээд, энэ цуваанд гавьяат багш Арго, нэгэн үес хөхөө тайрч хаяна хэмээн даналзсан зураач Л.Өнөрчимэг, өршөөлөөр суллагдсан Ч.Мөнхбаяр нар нэгдсэн. Ер нь бол энэ жилийн сонгууль нэгэн хэвийн тогтсон сурталчилгааны хэлбэрийг халж, илүү “авангард” хэлбэрээр пиар хийгчид нэмэх оноо авах нь уу гэсэн хандлага бийг болсныг онцлууштай. Нараг одоогийн үнэлгээгээр бол эргэлзээгүй УИХ-ын гишүүн болгох шинжтэй. Тэр  сурталчигааны зорилтот ажлаа нүүр номоороо дамжуулан хийснээр илүү дүнтэй болохыг ч анзаарч.

Мөнхүү маш сонирхолтой байдлаар олон нийтэд гайхалзах, тэнэг ч юм шиг сэдэл өгч байгаад гэнэт дайрах ажлыг Л.Гүндалай эхлүүлэв. Тэрээр “Монголоороо байгаарай” дууг клипжүүлэн дуулж, өөрийнх нь тухай шилдэг элэглэл бүхий эвлүүлэг хийсэн хүнд шагнал өгнө гэдгээ хүртэл зарлав. УИХ-ын гишүүн Г.Уянга, ноён бондгортой дуулан бас л дуулж, мэргэжлийн дуучин гэх үнэлгээгээ улам баталгаажуулчихаад байна.

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригтын гаж гэмээр элдэв зургийн поост, муулсан ч сайлсан ч нүүр номондоо шээрлэдэг үйлдлүүд ерөнхийдөө олон нийтийн хандлагад эерэгээр нөлөөлж, дасгаж өгсөн ч гэхэд хилсдэхгүй.

Энэ мэтээр цаашид улам сонирхолтой улстөр, илүү авангард хэлбэрийн сонгуулийн шоу ээлж дараалан өрнөх бололтой. Ямартай ч Монгол Улсын иргэн  сонгогдох, сонгох эрхээ тэгш дүүрэн дэлэх учиртай. Хамаагүй, УИХ-ын гишүүн болох хүсэлтэй хүн бүр энэ сонгуульд нэр дэвшиг. Харин иргэн бүр эргээд сонголтоо зөв хийх хэрэгтэй.

Жаахан гарын бэлэг тараагаад, хэдэн хуудас цаас өгсөн болоод, бүр болохгүй бол гарт тань сэм мөнгө атгуулаад санал авчихдаг  тогтсон хэлбэрийг илүү олон ургалч үзлээр харж сурах хэрэгтэй. Ямар ухуулга сонсож, юу авсан байлаа ч  иргэд санал өгөхөөр ганцаараа тусгаарласан хэсэгт ордог. Эцэст нь дахин хэлэхэд, хэнд санал өгөх эрх танд өөрт тань байна. Хэн нэр дэвших нь мөн л Үндсэн хуулийнхаа хүрээнд нээлттэй асуудал билээ.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.