МУГЖ С.Батсүх энэ сарын 5-нд “Орчлонг аргадах цагаар хүргэн бэрүүдийн хүргэх бэлэг” нэртэй тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа орсон байна. Олон тоглолт хийдэггүй, гавьяат маань жилдээ нэг удаа жинтэй чанартай тоглолт хийж, уран бүтээлээ тайлагнадаг уламжлалтай билээ.
Уран бүтээлийн олз арвинтай яваа тэрбээр хамгийн сүүлд гэхэд “Хаяа сайтай хадмууд” нэртэй их донжлог хэмнэлтэй, өвөрмөц клиптэй дуугаа сонсогч түмэндээ сонордуулсан байгаа бөгөөд фэнүүдээсээ өндөр үнэлгээ авч чадсан байна. Гавьяат уран бүтээл хийхээсээ гадна хурим найранд их уригдаж ая дуугаа өргөж, хуран цугларсан олныг дуу хуураараа баясган цэнгүүлж, худ ургийг учран золгуулж, уулзан танилцуулдаг ачтай буянтай нэгэн гэнэ шүү. Тэр ч бүү хэл, амьдралд гал голомтоо бадраасан олон сайхан хосуудын хуримын гэрч болдог гавьяат маань энэ удаагийн тоглолтоороо хосууд болон хадмуудыг баярлуулж, сюрпирз барихаар шийдсэн бололтой. Тийм дээ ч “UB палас”-ын тоглолтын их танхмийн эхний гурван эгнээ суудлыг худ ураг нарт зориулсан урилгатай, тусгай суудал болгон бэлтгэж байгаа сурагтай. Мөн түүнээс гадна хоёр талынхаа хадмуудыг хамгийн олноор хамруулсан хосуудыг урилгын суудалд суулгахаар болжээ. Тиймээс хосуудыг итгэл сэтгэл, ижилхэн дээлээрээ гоёж, хоёр талынхаа ижий аавыгаа болон ах дүүсээ дагуулан тоглолтод хүрэлцэн ирэхийг хүндэтгэлтэйгээр урьж байна.
Дашрамд сонирхуулахад гавьяат жүжигчин С.Батсүхийн “Орчлонг хайрлаарай” дууг гадаадын иргэд дуулах хүсэл сонирхолтой байдаг бөгөөд гурван ч гадаад эр дуулсан нь гавьяатын сэтгэлийг ихэд хөдөлгөжээ.
Дээрх бичлэгийг шэйр хийсэн цахим хуудсын нэгэн найз нь “Таны дууг гоё дуулсан байна.
Манай Монголын хүргэчүүд юм байх даа. Ирэх сарын 5-нд болох “Орчлонг аргадах цагаар хүргэн бэрүүдийн хүргэх билэг” тоглолтонд тань амжилт хүсьe. Хоёр талынхаа хадмуудыг олноор нь хамруулсан хосуудыг урилгын суудалд суулгана гэсэн үнэн үү? Тэгвэл би 60 билeт захиална” гэжээ.
О.Сайхан