Ээлжит бус чуулганы нээлтийн тов гурав дахь удаагаа зарлагдахад хүрээд байна. Өчигдөр чуулганы танхимд 37 гишүүн картаа уншуулсан. Үүнд АН-ын 34, ИЗНН-аас 1, МҮАН-ын 2 гишүүн багтаж байна. АН-аас Дэмбэрэлийн Бат-Эрдэнэ гишүүн гадаадад томилолттой яваа бол ИЗНН-ын дарга С.Оюун Олон улсын хуралд явсан байгаа аж. Өнөөдөр өчигдөрийн 37 гишүүний ирц хэвээр байгаа ч хоёр гишүүн дутан, мөн л нээлтээ хийх эсэх нь тодорхойгүй байна.
Ээлжит бус чуулганд МАН-ын 26, МАХН-ын гишүүд болох 8, бие даагчид болох Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын нийт 37 гишүүн оролцохгүй гэсэн нэгдмэл байр суурьтай байгаа юм.
МАХН, МАН-ын хувьд ээлжит бус чуулганд оролцохгүй байхаар тохироо хийгдэж, ирэх сонгуульд хамтрах асуудлаа ярилцаж буй гэх таамаг явж байгаа. Тэд Н.Энхбаярыг Шадар сайд болгох асуудлаар тохиролцоо хийсэн ч ээлжит бус чуулган нээгдэнгүүт цэцийн асуудал шууд хэлэлцэгдэх учир нээлтэд оролцохгүй байгаагаа нуугаагүй.
Уг нь УИХ дахь бие даагчид болох Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар картаа уншуулахад 39 болж ирц бүрдэнэ.Ц.Даваасүрэн гишүүн “Эрх баригч эхлээд ирцээ бүрдүүлэх хэрэгтэй” гэсэн утгатай тодруулга өгч буй. Харин Х.Болорчулуун гишүүн тодруулга авахаар албан өрөөнд нь очиход “Би картаа хийчихсэн. Жаахан хүлээж бай. Таван минутын дараа тодруулга өгье” хэмээснээ өрөөгөө дотроосоо түгжсэн юм.
Бие даагчдын хувьд МАН, МАХН-ын ятгалгад орчихоогүй бол чуулгандаа суугаад чухал хуулиудаа хэлэлцээд явчих учиртай баймаар. Гэтэл тэдний илэрхийлж буй байр суурь нь МАН-тай тун чиг ойролцоо утгатай байгаа юм. УИХ-ын гишүүн хуулиа дээдлээд, ард түмний итгэлийг хүлээж гарч ирсэн үүргийнхээ дагуу цалин авдаг ажлаа хийх ёстой.
Гэтэл бие даасан, хараат бус байдлаар ажлаа явуулдаг гэсэн тайлбар хийдэг бие даагчид хүртэл хуралдаа ирэхгүй байгаа нь олны дургүйцлийг төрүүлж буй юм. Яг ийм эгзэгтэй үед бие даагчид манлайлаад хуралдаа ирсэн бол уг нь сонгочдоосоо нэмэх оноо авах баймаар.
Ж.Мядагбадам