Comment.mn

Ерөнхий сайдаа хамгаалдаг шигээ ирцээ бүрдүүлж хуулиа батлаач

Баярын өдрүүдийн дараах ажлын анхны өдөр төрийн түшээд чуулганы хуралдаанаа тасал төрийн ажлыг чангаалаа.

Уг нь УИХ-ын дарга З.Энхболдын тушаалаар өчигдөр өглөө 09.00 цагаас УИХ-ын ээлжит бус хаврын чуулган хуралдах товтой байсан юм. Гэтэл гишүүдийн ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар  өчигдрийн хуралдаан бүхэлдээ цуцлагдлаа. Чуулганы танхимд МАН болон АН, Шударга ёс эвслийн бүлгийн зарим гишүүд хүрэлцэн ирэхгүй байсаар өдрийг барав.

Гишүүдийн ирц АН-68.6 хувь, МАН-0 хувь, ШЁЭ-20 хувь, ИЗНН-100 хувь, бие даагч-0 хувьтай байсан бөгөөд нийт ирц нь 36 хувьтай байв. Энэ парламент байгуулагдсан цагаасаа хойш л ирцийн асуудалтай тулгарч байгаа. Анх даргаа сонгохдоо л тал ирцтэй хуралдаж байсан УИХ одоог хүртэл ирцээс болж чуулганаа тасалдуулах нь хэвийн үзэгдэл болсон. Нөгөөтэйгүүр, өглөө ирцэд бүртгүүлээд бүтэн өдөржин УИХ-ын чуулгандаа суудаггүй гишүүд ч З.Энхболдын “ангид” олон бий.

Тэгсэн хэрнээ Засгийн газрыг огцруулах болон Ерөнхий сайдынх нь асуудал хөндөгдөх үед АН-ынхан тэргүүтэй Засгийн газарт хамтарч буй намууд бүгд “гозойтол” ирдэг нь хачирхалтай. Улс орны эрх ашгийг хөндөхүйц, бодлогын шинжтэй хуулийн төслүүдийг хэлэлцэх үед бүгд өрөөний мухар сахидаг нь үнэн. Энэ парламентээс сахилга бат, хариуцлага гэгчийг хайгаад ч олдохгүй бололтой. Өөрт хэрэгтэй, нам бүлэглэл, фракциуддаа хэрэгтэй үедээ чуулганы хуралдаандаа оролцдог. Бусад үед төрийн ажлыг дуртай үедээ хүссэн цагаараа цалгардуулдаг нь батлагдлаа. Эрх баригчид МАН-ын бүлгийн гишүүд хуралдаа орж ирэхгүй байна гэсэн “мессеж”-ийг тарааж байсан. Гэтэл Засгийн газраа “хамгаалагчид” арав гаруйхан хоногийн өмнөх шигээ ажлаа хийж чадсангүй. Хурлын эхэнд УИХ-ын гишүүн, тус бүлгийн дарга С.Бямбацогт “МАН-ын зүгээс ээлжит бус чуулганыг зарлах шаардлагагүй гэдгээ илэрхийлсэн. Хоёрхон долоо хоногийн хугацаанд 24 асуудлыг хэлэлцэж амжихгүй. Ингэж хуулийг “халтуурдах” ёсгүй гэж манай намын гишүүд үзэж байгаа. Гэхдээ АН-ын гишүүд үүргээ биелүүлж ирцээ бүрдүүлбэл манай намын гишүүд чуулганы хуралдаанд оролцоход бэлэн байна. МАН-ын 26 гишүүний 22 нь өрөөндөө чуулганы ирц бүрдэхийг хүлээж байна” гэсэн тайлбарыг өгч байв.

Нөгөө хэргийн эзэн хэнгэргийн дохиур гэдэг шиг хурал “уяад” байсан хүмүүс нь үнэн хэрэг дээрээ эрх баригчид болон хамтарч засаг барьж буй Шударга ёс эвслийн бүлэг байсан юм. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар эвслийнхэн нөгөө л Шадар сайдын асуудлаар АН-тай тохироонд хүрэх гээд хүрч чадахгүй яваа бололтой. Сандал ширээ, эрх мэдлийн төлөө улсынхаа эрх ашгийг умартдаг тэд хууль батлах болоход гар хумхиж байгаа нь харамсалтай. Хэрэв хүсвэл МАН-тай МАН-гүй чуулганаа хуралдуулж чадах боломж тэдэнд бий шүү дээ. Засгийн газар, Ерөнхий сайдаа хамгаалж үлдэхийн тулд үхэн хатан ирцээ 100 хувь бүрдүүлдэг л биз дээ. Эсвэл чуулгантай өдөр бүрийн хамгийн эхэнд Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцдэг болсон нь дээр.

Г.Ган

Эх сурвалж: Zaluu.com

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.