Comment.mn

Зам тээврийн ослоос шалтгаалсан нас баралтыг бууруулах шаардлага байна

 Судлаачдын зүгээс зам тээврийн гэмт явдлын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, түүний шалтгаан, нөхцлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлжээ. Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр сүүлийн 10 жилийн хугацаанд зам тээврийн ослоор 5485 хүн амь насаа алджээ. Харин Замын цагдаагийн газраас өгч буй мэдээллээр мөн хугацаанд 3758 хүн амь насаа алдсан,11154 хүн хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл авч, эрүүл мэндээрээ хохирсон тухай мэдээ байна. Эрүүл мэнд, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, бүртгэх аргачлалаас хамааран нас баралтын тоон үзүүлэлт ялгаатай гардаг. Жилд дунджаар зам тээврийн ослын улмаас Монголын төр 550 иргэнээ буюу нэг сумын насанд хүрсэн хүн амтай тэнцэх хэмжээний хүмүүсээалдаж байгаа нь харамсалтай юм.

2014 оныг өмнөх 10 жилийн түвшин буюу 2005 оны түвшинтэй харьцуулахад зам тээврийн ослын дуудлага 17.6 дахин, бүртгэгдэж шалгагдсан зам тээврийн осол 6.2 дахин, түүнээс үүдэлтэй нас баралт 41.6 хувиар, гэмтсэн хүний тоо 39.5 хувиар тус тус өсчээ.

Осол хэргийн хамгийн гол буруутан ЖОЛООЧ

Зам тээврийн гэмт явдлын шалтгаан, нөхцөлд хүн, тээврийн хэрэгсэл, зам-орчны олон хүчин

зүйл хамаардаг гэж шинжлэх ухааны түвшинд томьёолон авч үздэг ба Монгол Улсад гарч буй зам тээврийн осол, хэргийн 99.9% нь хүний буруутай үйл ажиллагаанаас болсон гэсэн 2014 оны тоон мэдээлэл байдаг. Үүний 95.3% нь жолоочийн, 4.6% нь явган зорчигчийн буруугаас гэжээ. Автозам, замын байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслээс шалтгаалж гарсан зам тээврийн ослын 33 тохиолдол бүртгэгдсэн нь нийт бүртгэлтэй ослын 0.1 хувьтай тэнцүү байна. Техникийн шалтгаанаар гарсан зам тээврийн осол бүртгэгдээгүй байна.

Замын стандарт,  нөхцөл муу, тээврийн хэрэгслийн чанар хангалтгүй (86% нь 10-с дээш жилийн насжилттай) манай оронд бүх зам тээврийн ослын шалтгааныг жолоочийн буруу хэмээн явцуу хүрээнд хариуцлага оногдлуулах байдлаар шийдвэрлэж байгаа нь тогтолцооны хувьд онцгой анхаарах асуудал мөн. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орны бодлогод зам тээврийн осол гарахгүй байх “нөхцөл”-ийг хангах, бүрдүүлэхэд түлхүү чиглэж байгаа бол манай улсад нөхцөлөө хангалттай бүрдүүлэхгүйээр “хяналт тавих, хариуцалага тооцох” чиглэл давамгайлж байна.

Өнөөгийн байдлаар жишиг хөтөлбөрийн дагуу “В” ангиллын жолооч бэлтгэх сургалт 120 орчим цаг, үүний төлбөр нь 250-280 мянган төгрөг байгаагаас харахад нэг цагийн сургалтын хөлс 2083 төгрөгөөр тооцогдож, хамгийн энгийн гадаад хэлний сургалтын төлбөрөөс бараг 5 дахин хямдаар явагдаж байна. Жолооч бэлтгэх сургалтын тогтолцоог шинэчлэх, жолоочийн хандлагыг өөрчлөх, осол, зөрчил гарсан тохиолдолд хууль зүйн болон сэтгэл зүй, ёс зүйн сургалтад хамруулдаг байх шаардлагатай. Үүнд эрүүл мэнд, сэтгэл зүйн чиглэлийн байгууллагуудыг татан оролцуулах шаардлага байна.

Монгол Улсад авто машины тоо жил ирэх тусам өндөр хурдаар нэмэгдсэн бөгөөд 2014 оны байдлаар 674869 хүрч, насанд хүрсэн 3 хүн тутамд 1 автомашин ногдож байна. Эдгээр автомашины 86.5% нь 10 ба түүнээс жилийн дээш насжилттай байгаа нь манай улсад ашиглалтын хугацаа өндөртэй “хуучин” автомашин давамгайлж байна. Манай улсын тээврийн хэрэгсэл, авто машины огцом өсөлт, тэдгээрийн насжилт, ашиглалтын байдлаас зам тээврийн гэмт явдал шууд хамаарч байна.

Тээврийн хэрэгслийн эрчимтэй өсөлтийг багасгах, хуучин тээврийн хэрэгсэлд тавих татварыг нэмэгдүүлэх, тээврийн хэрэгслийн үзлэг, оношлогоо явуулах ажиллагааг сайжруулахыг цаг үе шаардаж байна. Үнэн хэрэгтээ өнөөгийн манай орны нөхцөл байдал зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэл, ослоос үүссэн мөр, эд мөрийн баримтыг бэхжүүлж авах, оношлогоо, техникийн шинжилгээ хийх чиглэлийн үйл ажиллагаа маш их доголдож байгааг мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр баталдаг. Зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тодорхойлох бодитой дүгнэлтийг мэргэжлийн байгууллага, эрдэмтдээр гаргуулж байх зөв оновчтой тогтолцоог нэвтрүүлэх нь зүйтэй.

Яагаад улсын төсвөөс хөрөнгө зарж, засч сайжруулаад байхад тухайн зам аюул осолтой зам болоод байгааг тодруулах шаардлагатай байна. Ихэнх тохиолдолд энэ нь тухайн автозамаар тээврийн хэрэгслүүд аюулгүй зорчих хөдөлгөөний аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтүүдийн төлөвлөлтийг зохих хэмжээнд хийгээгүй, зам барилгын явцад зөрчил дутагдал их гарсан, ашиглалт хариуцсан байгууллага нь үүргээ гүйцэтгээгүй, зохих хэмжээний засвар арчлалт хийгдээгүй зэрэг олон шалтгаанаар холбогдоно. Гэвч нэн шаардлагатай замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохион байгуулалтыг үр ашигтай, оновчтой шийдвэрлэх үйл ажиллагаа дутагдсанаас ийм байдалд хүрсэн гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, үр ашигтай зохион байгуулах, төлөвлөх, зохицуулах үйл ажиллагаа өнөөдөр улсын хэмжээнд орхигдсон ажил болж, гүйцэтгэх эзэнгүй, салбарын хооронд “шидсэн чулуу” болж байна. Иймд замын чанарыг сайжруулах, замыг төлөвлөхөд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаас хэрхэн нийцэж байгааг үнэлж, судалгаанд үндэслэн зургийг хийдэг байх шаардлага байна. Улсын болон орон нутгийн чанартай замын ашиглалтыг хариуцсан мэргэжилтэн, инженерүүдийн орон тоог бий болгож, ажиллуулах нь зүйтэй. Цаашид гадаад, дотоодын их сургуульд замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний мэргэжилтэн, инженерүүдийг бэлтгэн гаргах, хос мэргэжилтэн хамтарсан хөтөлбөрөөр бэлтгэх шаардлага байна

Дүгнэж хэлэхэд зам тээврийн гэмт явдалтай дэлхий дахинд эрчимтэй тэмцэж байна. Тухайлбал, Швейд, Япон улс зам тээврийн осолд хүүхэд өртөж амиа алдах явдлыг тэглэх зорилт тавин ажиллаж байна. Монгол Улс ч гэсэн зам тээврийн гэмт явдалтай тэмцэх үндэсний стратеги баталсан, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн мөрдүүлсэн, уг хуулиар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл байгуулагдаж буй зэрэг эерэг үзүүлэлтүүд харагдаж байна. Цаашид Монгол Улс НҮБ-аас гаргасан зорилтыг 2020 он гэхэд биелүүлсэн байх ёстой.

Зам тээврийн ослын улмаас жилд 550 орчим хүн амь насаа алдаж байгаа нь Монголын төр Үндсэн хуульд зааснаар иргэнийхээ “амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах” эрх, эрх чөлөө баталгаатай хангаж чадахгүй байна. Мөн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн Үндсэн хуулийн заалт хэрэгжихгүй байна. Иймд Монгол Улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд үндэсний аюулгүй байдал, улмаар хүний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлыг онцгойлон анхаарах шаардлагатай байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослын улмаас хүний амь нас эрсдэх, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдлыг төр засгаас системтэйгээр, хамтын хүчээр бууруулах хэрэгтэй байна.

Д.Дуулим

Эх сурвалж: 24tsag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.