Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэргийн 245 дуудлага, мэдээлэл бүртгэгдснээс 118 гэмт хэргийг илрүүлж ажиллажээ. Нийслэлийн алслагдсан дүүрэг Налайхад архидан согтуурсны улмаас хоёр иргэн нэг дор нас барсан байна.
Уг хэргийн талаар ЦЕГ-ын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн цагдаагийн хошууч Д.Шинэчимэгээс тодруулахад “Нас барсан иргэдийн хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Тэд нас барахаасаа өмнө 3-4 хоног тасралтгүй архидан согтуурсан юм билээ. Тэдний ууж байсан архийг бүгдийг нь битүүмжилж, лацдаад шинжилгээнд өгсөн. Урьдчилсан байдлаар тухайн архинаас ямар нэг хортой, стандартын бус гэсэн хариу ирээгүй байна. Талийгаачид архийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан байх магадлалтай байна” гэв.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлийн 15 хоногийн байдлаар нийслэлийн эмнэлгүүдэд нийт 489 хүн архины хордлогын улмаас ханджээ. Үүнээс 16 хүн буюу 3.3 хувь нь хэвтэн эмчлүүлжээ.
Гэмт хэрэг Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-уул, Багануур дүүрэгт буурч, Баянзүрх, Чингэлтэй, Налайх дүүргүүдэд 7.5-9 хүртэлх хувиар өссөн байна. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн 51 хувийг бусдын бие махбодид гэмтэл учруулах, 23 хувийг танхайрах, 5 хувийг хулгайлах, хүчиндэх, хүний аминд хүрэх тохиолдлууд эзэлдэг байна.
Өөрөөр хэлбэл, хүний амь насыг хохироох, золгүй байдлаар амиа алдах, бусдын бие мах бодид гэмтэл учруулах, хүчин, хулгай, дээрэм, танхайрах гэмт хэргүүдийн гол шалтгаан нь архи болоод байгаа аж.
Тиймээс иргэдийг архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна.
Б.Дэжид
www.gereg.mn