Монголын улс төрийн 21 намын удирдлагууд нийлж, одоогоос гурван сарын өмнө Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулж, нааштай гэгдээд байгаа найман өөрчлөлтийг оруулсан. Энэ төслийг Су.Батболд нарын гишүүд УИХ-д өргөн бариад хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. АН-аас бусад намууд Сонгуулийн хуулийн төслийн санаачилгыг гартаа атгангуут УИХ-ын дарга З.Энхболд Р.Бурмаагийн ахалсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг яаравчлуулж эхэлсэн. Эцэст нь УИХ-ын гишүүдийн 80 гаруй хувь нь Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг дэмжиж, А.Бакей гишүүнээр ахлуулсан нэгдсэн ажлын хэсэг байгуулсан ч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрэхгүй байна.” АН-ынханд Сонгуулийн хуулийг өөрчлөх хүсэл сонирхол байхгүй учраас гацааж байна” хэмээн парламентад суудалгүй намууд үзэж байгаа юм. Тиймээс улс төрийн 21 намын удирдлагууд Сонгуулийн хуулийг шударгаар хэлэлцэх хоёр хоногийн хугацаатай шаардлагыг УИХ-ын дарга З.Энхболдод энэ сарын 8-ны өдөр хүргүүлсэн. Гэвч УИХ-ын дарга товлосон хугацаанаасаа хоцорч бөөрөнхий хариулт өгсөн. Үүнтэй холбоотойгоор улс төрийн 21 намын удирдлагууд “Булхай луйваргүй шударга сонгуулийн төлөө” жагсаалыг Тусгаар тогтнолын талбайд энэ сарын 10-нд зохион байгуулсан юм. Тэгвэл энэ сарын 15-ны өдөр дахин УИХ-ын дарга З.Энхболдод хоёр хоногийн хугацаатай таван үндэслэл бүхий шаардлага хүргүүлсэн юм. Энэхүү шаардлагад
Нэгдүгээрт, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах шийдвэрийг гаргахад Улс төрийн намуудын зөвшилцөлийг хангах гэснийг хэрэгжүүлэх, Улс төрийн намуудын зөвшилцсөн автоматжуулсан системийг хэрэглэхгүй байх. Зайлшгүй хэрэглэх тохиолдолд давхар гар тооллого хийж камерийн бичлэгээр баталгаажуулахаар тогтсон тул уг шийдвэрийг хүлээн авч хэрэгжүүлэх
Хоёрдугаарт, АНУ-ын “Доминион Войтинг системс” компани “Microsoft” компаниуд эрхийг нь өмчилж эзэмшдэг, хар машины програмыг өөрчлөх ямар ч боломжгүй гэсэн сонгуулийн ерөнхий хорооны байр суурь нь “Монголын сонгуулийн үр дүн АНУ-ын нэг компанийн мэдэлд байж, ард түмний сонголтыг яаж ч засч, өөрчилж болох юм” гэсэн эргэлзээг төрүүлж байгаа учир тус компаниудаас програмыг хянах сорс кодыг авч улс төрийн намуудад өгч, ардчилсан сонголтыг Америкийн компанид биш, ард түмний мэдэлд өгөх,
Гуравдугаарт, Сонгуулийн автоматжуулсан систем /хар машин/-ны зардалд 16 тэрбум төгрөгийн үрэлгэн зардал гаргаж байгааг таслан зогсоож, харин энэ их мөнгөөр 16 цэцэрлэг барих буюу хотын төвийн 6 дүүрэгт тус бүр 2 цэцэрлэг, хотоос алслагдсан дүүрэг тус бүрт нэг цэцэрлэг, Дархан Эрдэнэт зэрэг хотуудад тус бүр нэг цэцэрлэг барих зэргээр нийгэмд үр ашигтай зарцуулах,
Дөрөвдүгээрт, АН-ын зүгээс УИХ-ын ээлжит сонгуулийг 2016 оны 9 дүгээр сард зохион байгуулж болох тухай хэвлэл мэдээллээр иргэдэд хүргэж эхэлсэн байна. УИХ-ын ээлжит сонгуулийн ээлжит хугацааг хойшлуулах нь Үндсэн хуулийг зөрчих тул хэрхэвч ийм үйлдэл гаргаж болохгүй бөгөөд энэхүү бусармаг санаачилгаа таслан зогсоож, олон нийтэд ээлжит сонгуулийг хугацаанд нь явуулах байр сууриа нэг мөр илэрхийлэх,
Тавдугаарт, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай улс төрийн намуудын ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төсөл нь нийгмийн бухимдал болсон сонгуулийн луйвар, эргэлзээг арилгаж байгааг олон нийт дэмжиж “Нааштай найман өөрчлөлт” хэмээн дүгнэж байгаа учир энэхүү хуулийн төслийг нэн яаралтай УИХ-аар хэлэлцүүлж батлахыг тус тус шаардаж байна гэжээ.
Монголын улс төрийн 21 нам Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг шаардаад байхад ганцхан АН-ынхан хөдлөхгүй байгаагийн учир шалтгаан юу вэ. Ард түмний шаардлага олонхийн шийдвэр, үзэл санааг огт хайхрахгүй байгаагийн илрэл гэж ойлгож болохоор байна. Тиймээс улс төрийн намууд хамтдаа Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг шаардаж, жагсаал зохион байгуулж байна.
– See more at: http://www.unen.mn/content/57874.shtml#sthash.9NyHrZyp.9kofajXa.dpuf