Comment.mn

Ц.Төмөрхуяг: Оросын жүжигчид театрт ирж жүжиг үзчихээд доромжилсон, гэхдээ үнэн юм чинь

Цогт тайжийн дүрээр бидний зүрх сэтгэлд үлдсэн Цагааны Цэгмид хэмээх энгүй нэгэн эрхэмийг мэдэхгүй хүн ховор байх.

Цогт хунтайж гэхээр л өөрийн эрхгүй Цагааны Цэгмид гуайн дүр төрх илхэн бууна. Ийм л гайхалтайгаар дүрээ бүтээн үзэгчдийн сэтгэл зүрхэнд одоо ч оршин байсаар байгаа аугаа жүжигчин.

Монголын кино урлаг болон театрын тайзнаа олон сайхан дүрийг мөнхлөн үлдээсэн энэ аугаа жүжигчний 110 жилийн ой өнөө жил тохиож байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан түүний бага хүү жүжигчин Ц.Төмөрхуягтай хэсэгхэн хором яриа өрнүүлснээ уншигч та бүхэнд толилуулж байна.

Таны аав Цагааны Цэгмид гэж агуу жүжигчин мэндэлсний 110 жилийн ой өнөө жил тохиож байна. Домог болсон энэ хүний бага хүүгийн хувьд таны сэтгэгдэлийг сонсьё?

-Миний аав драмын театрт том байр суурийг эзэлдэг учир драмынхан 110 жилийн ойг нь тэмдэглэж байгаа юм байна. Бид 100 жилийн ойг нь аавынхаа төрсөн нутаг болох Булган аймагт очиж тэмдэглэж, бүхэл бүтэн концерт хийж байсан.

-Энэ хүний үр хүүхэд болж төрсний хувьд та аавынхаа үйл хэргийг үргэлжүүлэхийн тулд юу хийж, зорьж явна?

-Би хувьдаа өөрийгөө энэ хүнээр бахархаж, үйл хэргийг нь үргэлжлүүлээд явж байгаа гэж бодож байна. Хүмүүс Ц. Төмөрхуяг байна гэж бараг хэлдэггүй ш дээ. Энэ Цагааны Цэгмидийн бага хүү жүжигчин Ц.Төмөрбаатарын дүү байна гэдэг. Энэ хоёр хүнээр би овоглож явдаг гэсэн үг. Энэ ч надад маш их урам зориг өгдөг, зорилготой хүчтэй байхад нөлөөлдөг. Тиймдээ ч би оюутнууддаа хүртэл энэ хүний уран чадварынх нь хэв маяг, алтан үеийнхний уран чадвар, арга барилыг ойлгуулах гээд явж байна. Миний аав болон алтан үеийн жүжигчдийг театр гэдэг зүйлээс ангид бодож, киноны урлагтай холбохгүй байж болохгүй, театрт тэд угаас маш том орон зайг эзэлсэн хүмүүс.

-Та хамгийн сүүлд ямар кинонд дүр бүтээв?

– Өчигдөр нэг киноны зураг авалт дууссан. Одоо “TV5” телевизийн кинонд дүр бүтээж байна.

Би ийм агуу жүжигчний үргэлжлэл учир энэ хүний нэрийг өндөрт өргөж явах, сайн жүжигчин байх ёстой гэдэг зүйлийг та хэзээнээс мэдэрч эхэлсэн бэ?

-Аавыг өөд болоход би зургаан сартай нялх үлдсэн учраас аавынхааа тухай их юм мэдэхгүй. Бид ээжээсээ аавын тухай асууж чаддаггүй байлаа. Ээж минь олон хүүхдээ ганцаар өсгөх гэж их хөдөлмөрлөсөн. Хожим хүнтэй суугаад нэг хүүхэд төрүүлээд салсан юм, тэр хүнд манайд, бидэнтэй байх орон зай байгаагүй, бид тийм боломж олгоогүй. Ээж минь бидний төлөө түүнээс салж байгаа юм. Бид ээжийгээ зовоосон л гэсэн үг. Хэдэн хүүхдийнхээ төлөө өөрийгөө золиослоод зүтгэж яваа ээжээсээ аавын тухай асууж бид үнэндээ зүрхэлдэггүй байсан. Ээжид зав ч байгааагүй… Цаг наргүй ажилтай байлаа. Харин намайг бага байхад буюу социализмын үед Цагааны Цэгмид шиг жүжигчин төрөхгүй байна гэж ярьдаг байсан. Одоо ч энэ яриа хэвээрээ. Би кино драмын ангид орсныхоо дараа илүүтэй ихээр мэдэрч, аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх, сайн жүжигчин болохыг амьдралынхаа зорилго, чиглэл болгосон. Энэ агуу хүний үр сад учир би муу явах эрхгүй юм байна гэдгийг тухайн үед надад хичээл зааж байсан агуу багш нар ойлгуулсан юм. Ингээд 1986 онд драмын театрт ороод, хамгийн анх Гоголийн “Байцаагч түшмэл” жүжигт тоглосон. Тэр жүжиг чи Цагааны Цэгмидийн хүү мөн үү, агуу багш нарын шавь мөн үү гэдгийг харуулах боломж байлаа. Жүжиг ч амжилттай болсон, театрт шалгалт өгч тэнцээд тэндээ олон жил нэр, төртэй ажилласан.

-Хожим та яагаад театраас гараад, зорилгоо умартаад, уран бүтээлээс хөндийрөөд алга болчихсон юм бэ?

-Шууд л театрт ороод, амжилттай ажиллаад, нэр хүндэд хүрчихсэн үед хүн алдана ш дээ. Би алдсан. Мөн хаа газар байдаг бүтэхгүй зүйл, зөрчил тэнд ч байсан. Гэхдээ театраас гараад, урлаггүйгээр байж чадахгүй байсан учир гурван сарын дараа “Хүүхэд залуучуудын театр”-т орсон. Аавын минь үүсгэн байгуулсан театр учир тэндээ ахтайгаа хамт уран бүтээл хийе гэсэн боловч бас л болоогүй 6 сарын дараа гарсан. Тэндээс хамт гарсан хүмүүстэйгээ нийлээд, хувийн театр байгуулсан боловч зах зээлийн эвгүй үе таарсан учир үзэгчгүй болчихсон юм. Тэгээд л наймаанд явсан, олон жил наймаа хийсэн. Наймаа хийж байхдаа их юм бодсон, ерөөсөө л амьдрал гэдэг нь өөрөө урлагийн их сургууль юм байна гэдгийг тэгэхэд ойлгосон. Хүн амьдралын шавар, шавхаанд ороод ирэхээр их зүйлийг ухаардаг юм билээ. Нэг ёсондоо жүжигчний уран чадвартай байхын тулд хүмүүстэй маш сайн харилцах ёстой юм байна лээ. Тэгэхээр миний туулсан амьдрал надад жүжигчний дүрийн судалгаа болж өгсөн гэсэн үг. Түүнээс зүгээр нэг дөрвөлжин байшин дотор суучихаад, амьдралыг үнэн мөнөөр гаргаж, үнэнээсээ бусдад хүргэнэ гэж байдаггүй юм байна. Олон жил наймаа хийсний дараа би дахиад алдсан. Олон жил архи уусан. Гэхдээ алдаагаа засч болдог юм байна лээ. Ингээд буцаад театр руугаа орсон гэтэл бас л би хүмүүжээгүй байсан. Дахиад гарсан, дараа нь дахиад орсон. Ингэж явсаар асар их цаг хугацааг алдсан. Хамгийн сүүлд театрт ороход 2013 он байлаа. Харин жил хагасын өмнө театраас дахиж гараад, “City” дээд сургуульд багшилж байна. Одоо бол буцаж орохгүй, шийдвэрээ гаргачихсан байгаа. Яагаад гэхээр тэр том байгууллагаар би тоглож болохгүй юм байна. Тууштай байж чадахгүй байгаа учир болих ёстой гэдгийг ойлгоод шийдсэн. Харин одоо өөрт байгаа зүйлээ хойч үедээ сургаж үлдээхийн төлөө багшилж байна.

-Хүн алдаагаа засч, өөрийгөө өөрчлөхөд хэн, эсвэл юу хамгийн их нөлөөлдөг юм бэ?

-Хүний өөрийн сэтгэл шийднэ. Чи зорьсондоо хүрч чадахгүй бол амьдрах хэрэггүй. Театрт ажиллаж байх үеийн ахмад уран бүтээлчид болон миний багш нар надад энэ зүйлийг заагаад сургаад, өгчихсөн юм байна. Би түүнийгээ сэрээж чадахгүй явж байгаад, сэрсэн. Өөрийгөө зассан. Ингэхэд урлаг надад их нөлөөлсөн.

-Урлагийн мэргэжлийг эзэмшсэн хэрнээ хүний сэтгэлд хүртэл уран бүтээл хийж чадахгүй нэг нь байхад, урлагтаа ойр байгаагүй, өөр ажилтай хүмүүс төрлөхийн юм байна гэмээр авъяастай байх тохиолдол харагдах юм. Ер нь урлагийн авъяас төрмөл байдаг юм уу хөдөлмөр үү, эсвэл…?

-Төрмөл байна. Заяасан ч байна. Хөдөлмөрөөр бий болгосон нь ч бий. Янз янзын аргачлалаар гаргадаг л даа.

-Тэгвэл яагаад алтан үеийнхэн шиг домог болохоор жүжигчин гарахгүй байна?

-Яагаад сайн жүжигчин гарахгүй байна гэхээр нийгэм ахуйгаас шалтгаалаад байна. Алтан үеийнхний үед, материал нь ил байсан. Муу хүн нь муугаараа, архичин нь архичнаараа л байсан. Тэнд хүн эвдрээгүй нийгэм байлаа. Тиймдээ ч үзэгч ихтэй. Урлаг гэдэг шинэ соргог. Одоо болохоор зах зээлийн эвгүй үе таарчихаад, хариуцлага гэж зүйл байдаггүй, замбараагүй байдал их байна. Өнөөдөр ардчилал гэдгийг дур зоргоороо байх анархизим гээд ойлгочихож. Минийхээр бол ардчилал гэдэг нь хариуцлага ш дээ. Маш их хариуцлагатай байх ёстой. Төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс хүртэл хариуцлагагүй байна. Энэ байдал жүжигчдэд ч хамаатай. Учир нь үүнийг би үнэн сэтгэлээсээ хийх ёстой шүү гэдэг хариуцлага жүжигчдэд ер алга. Нийгмийнхээ тухай дутуу дулимаг ойлголттой байгаа бөгөөд урлагийг зөвхөн мөнгө гэж харж байна тэд. Театрынхан ч ялгаагүй. Энэ мөнгө байж болно. Гэхдээ маргааш идэх хоолоо өнөөдөр бие болгох ёстой болохоос биш өнөөдөр идчихсэн хоолоо маргааш дахиад идэх, эсвэл юу идэхээ мэдэхгүй байвал утгагүй. Мөн хүмүүс ном уншдаггүй. Монголд үзэх юм их байна гэж ярьж байгаа боловч үзэх зүйл үнэндээ алга. Би Солонгос кино үздэггүй. Миний эх орон шиг, ард түмэн шиг харилцаа тэнд байдаггүй. Тэнд дайн үзчихсэн, өлсөөд үзчихсэн хүмүүсийн сэтгэхүй харагддаг. Гэтэл бид өөр.

-Тэгвэл энэ хариуцлагаггүй байдлыг хэрхэн яаж өөрчлөх ёстой юм бэ?

-Мэдэхгүй. Боловсролын системд өөрчлөлт хийх хэрэгтэй байх. Муу инженер байхаас сайн мужаан байсан нь дээр биздээ. Ер нь амьдрал өөрөө хууль. Алдаа гаргахгүй бол амьдрал утгагүй. Би алдахын тулд тайзан дээр гардаг. Гэхдээ үнэнээсээ. Алдахаас айгаад гарахгүй байж болохгүй ш дээ. Би өөрийнхөө алдаа, оноог цэгнэхийн тулд тайзан дээр гардаг. Жүжиглэх гэдэг үгэнд үнэхээр дургүй. Жүжигчин хүний тухай ярих гэж байгаа бол сэтгэлзүй ярих ёстой. Жүжиг гэдэг шоу биш. Гэхдээ нийгэм өөрөө мөнгө шаардаад байгаа учраас театр хүртэл шоу хийгээд байна. Уг нь тэд үзэгчдийг дагуулж тоглодог гэдгээ мэднэ. Гэтэл одоо нийгмийг дагуулах биш, өөрсдөө дагаад байна. Нийгэм, улс төр, хүмүүс нь ингэж шаардаж байгаа учир тэд алдаа гаргаад байна. Тэд зөвхөн мөнгө олж, амьдрахын тулд алдаад байгаа юм. Их мөнгө олсон киног сайн кино гэж ойлгодог өрөвдмөөр сэтгэлгээ хүртэл тогтчихлоо. Холливуудад яаж тоглосон гэдгийг нь хараагүй мөртлөө, хосгүй авъяастай гэчихэж. Холливуудад тоглохоор л од байдаг юм уу. Тэнд молливуд ч байж болно биздээ. Эхлээд яаж тоглосон болохыг нь харчихаад, сайн мууг нь дүгнэмээр байна ш дээ. Холливууд гэдэг чинь алддагүй газар уу. Тэд чинь ялгаагүй хүн биз дээ. Хятадад кинонд тоглолоо л гэнэ. Муулсан ч сайлсан ч ядаж, үзчихээд дуугарая л даа.

-Манай урлаг дэлхийд өрсөлдөхүйц түвшинд хүрсэн үү. Та яаж харж байна?

-Монголыг дэлхий үзэхгүй, харахгүй, харах шаардлагагүй байна. Яагаад гэхээр хичнээн зуун жилээр хоцорчихсон яваа юм чинь. Урлаг, улстөр аль нь ч адилхан. Гадаадын жуулчдыг татна л гэнэ. Татаж чадахгүй байна. Манайхаас сайхан байгальтай улс орон дэлхийд зөндөө бий. Оросын алдартай жүжигчид манай Драмын театрт ирж, жүжиг үзчихээд бид нар 1957 онд л ингэж тоглож байсан даа гэж доромжилсон. Ингэж доромжилж байхыг нь би сонсоод, юу ч хэлж чадаагүй, угаасаа үнэн юм чинь.

Жүжигчид гоё хөөрхөн байх гадаад үзэмжиндээ илүүтэй анхаардаг, сайхан харагддаг. Гэтэл тоглож байгаа нь худлаа харагдаад байх юм?

-СУИС-ын конкурсанд чи суугаад үзээрэй. Авъяастныг гаднаас нь хараад мэдэх боломжгүй. Түүнийг танихын тулд хугацаа хэрэгтэй. Гэтэл тэнд хүүхдүүдийг гаднаас нь хараад шалгаруулчихдаг. Биеийн хэлбэр галбир, царай зүс гоё байвал тэнцүүлээд, авчихна. Нөгөөдүүл нь ч өөрсдийгөө авъяастай болохоор орчихлоо гээд ойлгочихдог. Тэнд царай муутай авъяастай хүнийг авдаггүй юм уучлаарай. Уг нь тэд чинь амьтан биш. Сайн адууны мөрийг л метрээр хэмждэг стандарт байдаг юм гэсэн. Хүнд стандарт байхгүй ш дээ. Төгс биш. Сайхан бие царайтай байхад ухаан байхгүй, заавал мулгуу болгож төрүүлдэг, харин тэр нь уншиж, хичээж хөдөлмөрлөж байж, жаахан юмны хэлтэрхий цухуйлгана. Бие галбир муутай байхад ухаантай байдаг. Сайхан бие царай зүс цогцолсон байвал доголон байна. Бүх зүйл өв тэгш биш бурхнаас заавал ингэж зөрүүлж заяадаг. Уралдаан тэмцээнүүд зохиогдоод хүмүүс түрүүллээ л гэх юм. Минийхээр бол шал солгой хоолой л сонсогдоод байдаг ш дээ.

-Нийгэм, урлаг хоёрын аль нь түрүүлж хөгжих ёстой юм. Таны бодлоор манай улс хөгжиж байна уу?

– Уг нь урлаг түрүүлж хөгжөөд, нийгмээ хөтөлж байдаг ёстой юм. Дэлхийд улс нь хөгжөөгүй ч театр нь мундаг хөгжсөн олон жишээ байна ш дээ. Хүүхдүүдийг төрийн сангаар гадаадад сургадаг л гэнэ. Долоон буудал, яармагт амьдарч байгаа хэн ч тэрүүгээр сурахгүй байна. Улстөрчдийн ах дүү, үр хүүхдүүд сурдаг, төгсөөд ирэхээр нь намдаа элсүүлчихнэ. Тэд нар нь дуртай. Тэгээд нөгөө бүтэхгүй улстөрчид нэмэгдэнэ гэсэн үг. Ард түмэн ч зөв сонголт хийж чадахгүй, иргэдийн оюуны мэдлэг ч муу ийм нөхцөлд яаж улс орон хөгжих вэ дээ. Улстөрчид хуучин улаан, цэнхэр тасалбар өгдөг шигээ юм хийгээд байна ш дээ. Сонгуульд ялахын тулд тэд биднийг албаар өлсгөж байна. Бүх төлөвлөгөөгөө графикаар гаргачихсан, ард түмнээ зовоож, хүчин мөхөсдүүлж байна. Ингэж байж санал авна. Энэ нь нууц байдаг байсан бол одоо бүр ил болсон. Өөрсдийн хувийн телевизүүдээрээ пиараа хийдэг.

-Монгол авъяас дэлхийд гайхагдана л гээд байгаа. Уран нугаралтаар манайх дэлхийд гайхагдах боломж байгаа болов уу?

Манайхаас тэд нугардаг хүмүүсийг нь аваад, дэлхийг тойруулж аялан тоглолт хийгээд мөнгө олж болох байх. Үүнийг монгол улсыг дэлхийд гаргана гэж ярьж болохгүй.

-Монголчуудаас илүүтэй уран нугаралт хөгжсөн улс байдаггүй юм уу?

-Зөндөө байгаа. Хятад бол гайхамшигтай нугарна, манайхаас илүү ш дээ. Манайх угаасаа урлагийн бүх патентаа алдчихсан, юу ч үлдээгүй. Музейд очоод хараарай. Маршалл Чойбалсангийн бүснийх нь урд талын толийг хүртэл сольсон байгаа. Зараад идчихсэн гэсэн үг.

-Тэгвэл урлагийг хөгжүүлэх ямар боломж байна?

-Театрт жүжиг тавихаар улстөрчид нь энийг үзэж яадаг юм Францад очиж үзье гэдэг. Салбарын сайд нь урлагт анхаарлаа хандуулаад, ирээд асуугаад, яамаар байна, одоо яах уу, их хурлын гишүүдийг жүжиг үзүүлэх үү гээд явж байх ёстой юм. Гэтэл тэд урилга өгвөл очно. Өгөхгүй бол очихгүй гэдэг. Тэдний урд хойгуур нь гүйдэг юмнууд нь болохоор сайд ирж үзнэ гэж сүр болно. Сайд гэж юу юм бэ, юу ч биш. Салбараа мэдэхгүй юу ч, мэдэхгүй юмнууд л байдаг. Угаасаа тэд урлагийг ойлгохгүй, бараг жүжигчид ч ойлгоогүй явж байдаг. Тиймээс авъяастан гэдэг нь төрлөхийн, заяамал гэж хоёрхон байдаг юм. Ард түмэн хүртэл жүжиглэдэг гэж ойлгодог, тэр чинь тусдаа ш дээ.

-Тэгвэл улстөрч, жүжигчин, хүн аль салбарт юу ч хийж байсан үнэн байх. Үнэн сэтгэлээсээ хийх ёстой юм уу?

-Тийм. Чи чин үнэнээсээ, зорилготой хөдөлмөрлөж байж амжилт гаргана. Хүн бүр хийж байгаа ажилдаа салбар бүртээ үнэн байвал улс орон хөгжөөд л байна. Гэтэл манайхан бүгд худлаа дарга болчихсон. Үнэхээр боловсрол хөгжөөгүй ийм зүйл ярихаар бухимдмаар, бачуурмаар хэцүү байна. Залуучуудад ажлын байр байхгүй, сурах аятайхан сургууль ч байхгүй. Тэд гадагшаа явж сурах сонирхолтой ч мөнгөгүй болоод чадахгүй, ямар сайндаа л Солонгост очиж, хэдэн жил ажиллачихаад, дараа нь сурдаг юм бил үү гэж байна ш дээ. Гэхдээ би энэ бүхнийг бодож, бухимдмааргүй байна. Өөрийнхөө хийх дуртай ажлаа хийгээд л явж баймаар байна. Амжилт гаргалаа гээд хэн ч намайг шагнахгүй, амжилтгүй байна гэж хэн ч намайг буруушаахгүй энэ нь амар. Уг нь хүн мөнгийг бүтээх ёстой, мөнгө хүнийг бүтээдэггүй. Гэтэл манайхан долларын ханшийг ч барьж дийлэхгүй, хүний мөнгөнд нухлагдаж, захирагдаж байгааг харахаар гутармаар байна. Төр нь ч төр шиг байж чадахгүй юм. “Гацуурт”-ын ордыг тэгээл эхлүүлвэл эхлэх л байсан. Хэдэн нинжа ухаал, тэрийгээ ч хорьж дийлэхгүй. Ядуу хүмүүс юм чинь яахав гээд л ухуулаад л байх юм. Тэр чинь хэдэн нинжа нарын өмч биш, монголын ард түмний өмч учраас тэр рүү нэг хулгайч орсон ч хорих хэрэгтэй ш дээ. Хэрэв ашиглах гээд байгаа юм бол төр шийдвэрээ гаргаад, ард түмэндээ ашигтайгаар хийх хэрэгтэй л дээ.

Н.Ганчимэг

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.