Төрийн ордонд өнөөдөр Төрийн байгуулалт, Төсөв болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана. Тухайлбал, Төрийн байгуулалтын байнгын хороодын хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм байна.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичиг болон Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсох аж.
Эх сурвалж: Medee.mn