Comment.mn

Ц.Мөнхбаяр: Наранд таниагүй нөхдийн чанарыг тэнд л мэдлээ

Snapshot_2015-11-23_160433

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяртай ярилцлаа.

Та хорих ангиас гарч ирээд шууд нутагяваад өгсөн байсан. Дундговиос хэзээирэв?

-Сайхан-Овоогоос ирээд хоёр хонож байна. Гараад ирэхэд ажил, ар гэрт задгайрсан зүйл их байж. Ар гэрээ түр орхиод ажлаа шуурхайлахаар хот орж ирлээ.

Маргааш /өнөөдөр/ нэр төрөө сэргээлгэхнэхэмжлэлтэй шүүх хуралтай байх аа?

-2013 оны есдүгээр сарын 16-нд болсон үйл явдлын араас хүндрүүлэх хэллэгээр “хутга шааж” гүтгэх ажиллагаа давхар хийгдсэн. Хам шинж нь улс төрийн зорилготой байсан байж таараа. Гүтгэлгийг олон нийтэд идэвхтэй цацаж төөрөгдүүлж байгаад нэг ёсондоо олон нийтийн өмнө бидний нэр төрийг гутааж байгаад яллах ажиллагаа хийхгүй бол болохгүй байсан байх. Яагаад гэвэл бидний үйлдэл хууль ёсны аргагүй хамгаалалт байсан. Бид гэмт хэрэг үйлдээгүй. Түүнийг хүндрүүлэх, олон нийтийн сэтгэлзүйг бэлдэх, шүүхийн зо­хиомлоор ял тулгах ажиллагаанд нөлөөлөх зорилготойгоор хийсэн гүтгэлэг.

“Нэр хугарахаар яс хугар”, “Алдар гутснаас амь тасартугай” гэж өвөг дээдэс маань хэлсэн байдаг. Тиймээс хамгийн түрүүнд цэгцлэх ёстой ажил энэ байсан учраас шоронд байхдаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан нэхэмжлэл гаргасан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан нэхэмжлэл шүүх дээр ужгирч шүүх, шүүгчид нь өөрчлөгдөж явсаар Баянголын шүүх /Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүх/ дээр ирсэн юм билээ. Шүүх хурал маргааш /өнөөдөр/ болохоор товлогдсон.

Шоронд орсон хүмүүс өлсгөлөн зарлах зэргээр тэмцдэг болж. Харин таЕрөнхийлөгчид ил захидал илгээж байсныг санаж байна. Захидалд уучлалын тухайбиш Монголын газар нутгийн бүрэн бүтэн, аюулгүй байдлын талаар онцолсон байсан.Захидлынхаа хариуг авч чадсан уу?

-Ерөнхийлөгчийг улс орны хувь заяаг хариуцаж, тийм үүргийг хүлээж, монголчуудын итгэл найдварыг тээж яваагийн хувьд нуруутай дүгнэлт өгөх болов уу гэж хүлээж байсан. Гэвч болчимгүй зүйлүүд их хийсэнд харамсч байна. Хоригдсон хүний хувьд хууль ёсны хүсэлт гомдлуудыг тавьж байхад гүтгэлэгт итгэж энд тэнд явахдаа мэдэгдэл хийн, үл тоомсорлож, удаашруулан, эсвэл огт мэдээгүй дүр үзүүлж түүнийгээ олон нийтэд “Надад хандаагүй” гэж үнэмшилтэйгээр тайлбарлаж байсан. Давхар гүтгээд байгаа юм. Арай ч дээ, ийм байхад яаж улс орныг авч явах вэ дээ гэсэн харуусал төрж байлаа.

Өлсгөлөн зарлах тухайд манай зарим нөхөд хэлж байсан. Би эрс эсэргүүцсэн. “Шаардлагагүй, бид хийх ёстой зүйлээ хийсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам бидний үнэн тодорно. Тиймээс сандарч бачимдах хэрэггүй. Өөрсдийгөө золих, эсвэл тунирхаад ч хэрэггүй. Тунирхаад ойлгохгүй төртэй, түүнийг мэдэх ч үгүй, хүсэх ч үгүй төрийн нэр барьсан хүмүүс дээр байгаа тохиолдолд дэмий бөгөөд илүүц” хэрэг гэж хэлж байсан.

Тантай хамт хоригдсон нөхдөөс чинь харамсалтайгаар хоёр хүн нас барсан. Газарнутгийнхаа төлөө тэднийг удирдаж явсны хувьд хүнд цохилт болсон байх?

-Хоригдож байхад хүний онцлогоос шалтгаалаад янз бүрийн хүндрэл, нөхцөл байдал үүснэ. Хамгийн хүнд нь энэ асуудал байсан. Цуг явсан нэг бус хүн цаг бусаар явчихсан. Хоригдсон хүмүүсийн ар гэрийнхэн ч өвчинд нэрвэгдэх нь олон удаа тохиолдсон. Тийм үед арга эв олоход хэцүү юм билээ. Гэхдээ олны хүчээр урам өгч, чадах ядахаараа тусалсан, санаанд оромгүй хүмүүс гадаад дотоодоос хандсан нь их түшиг болж байсан. Хүн ер нь өөр дээрээ зовлон үүрч чаддаг. Сүүлийн үеийн тогтсон хэллэгээр надад “асуудал биш” байсан. Харин дотны хүмүүс хүнд байдалд орж, тэдэнд ачаа очихыг мэдрэх тэр их хэцүү.

Харин та өөрөө эрүүл мэндийн талаар ган хийхгүй байсаар гараад ирлээ?

-Би зүгээр. Ороход ямар байсан тийм байдалтай гарч ирсэн. Шоронгийн нөхцөл байдлыг хүмүүс мэдэх байх. Харанхуй нөхцөлд байсаар нүдний хараа унаж харааны шилтэй болсон. Уг нь би тал нутгийн хүн болохоор хараа сайтай, хууч өвчингүй хүн. Гэтэл харамсалтай нь хараа муудчихлаа. Даралт хөдлөх жижиг сажиг нөхцөл байдалд буюу заримдаа зүгээр байхад эмчлэх гэсэн оролдлого хэдэнтээ хийж байсан. Чадлынхаа хэрээр эсэргүүцэж, шоронгийн эмчилгээг аваагүй. Яахав, уламжлалт эмчилгээг онцолж хийлгэсэн тохиолдол бий.

Журмын нөхөд чинь эргэж очдог байв уу. Лавтай Г.Уянга тэргүүтэй бие даагч гишүүдтаныг зорьж очиж байсан?

-Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг дээ. Шоронд зовоогүй гэж хэлэх ч хаашаа юм. Эрх чөлөөгөө хасуулна гэдэг зовлон. Наранд хүмүүсийн чанарыг ялгахад хүнд байсан бол тэнд харьцангуй амархан. Наранд хийж болохгүй ажил тэнд бүтчихэж байгаа юм. Арга дотор билэг, билэг дотор арга буй гэдэг. Түүнтэй адил сайнд муу, мууд сайн багтаж байдаг жамтай. Тиймээс хүний чанарыг ялгах ялгаа тэнд сайн явагдана. Нэг үгээр нөхрийг ялгах, андыг таних ажиллагаа сайн байсан. Г.Уянга, Ж.Батзандан, С.Ганбаатар нар эргэж очиж байсан. Түүнээс гадна газар газраас хүмүүс урам зориг өгч байсан.

Шүүхийн эцсийн шатанд та бүхний ял буурч долоон жил болсон. Өршөөлд хамрагданхугацаанаасаа өмнө суллагдлаа. Энэ тал дээр таны бодлыг сонирхож болох уу?

-Өршөөлийн хуулийн тухай яривал дотор байсны хувьд төөрөлдсөн мэдээлэл шийдвэрүүд их байлаа. Хууль бол улсын гол бодлого, шийдвэр. Гэтэл гоомой явдал их гарсан. 7000 гаруй хоригдолд бүгдэд нь өршөөл үзүүлэх хэрэгтэй байсан болов уу. Түүнд цэцэрхэж, хийрхээд аймшигтай үр дагавар мэтээр яриад байх хэрэггүй. Бүгд л алдсан хүмүүс. 21 жилтэй хүний ялаас зургаан сар ч гэсэн хасчихад урам болно. Төр түмнээ өршөөж байгаа бол бүгдэд нь адилхан үйлчлэх хэрэгтэй.

Гэхдээ та хуульд хамрагдаад эрх чөлөөтэй боллоо шүү дээ?

-Болох юм болдгоороо болсон. Улс төрийн захиалгаар хилсээр ялласан. Цаг хугацаа нь үнэнд гүйцэгдсэн, сайн нөхдийн дэм орсон. Түүнд Г.Уянга, Ж.Батзандан гээд бие даагчдыг хэлнэ.

Та бүхний санаачлан батлуулсан урт нэртэй хууль одоо ч хэрэгжээгүй байна. Тэмцлээүргэлжлүүлэх үү. Цаашид та юу хийх вэ?

-Миний хийсэн ажил дөвийлгөөд айхтар өргөөд байх гавьяа ч биш, буруутгаад байх ял гэм ч биш. Монгол хүн болж төрсний хувьд хийх ёстой ажил энэ юм. Эх орон, газар шорооны төлөө гэсэн сэтгэл надтай цуг тэнгэрт халих хүртэл байна. Магадгүй  үргэлжлэхийг үгүйсгэхгүй.

Харин урт нэртэй хууль гэдгийн тухайд болж өгвөл хүмүүсээс, сэтгүүлчид та бүхнээс нэг зүйл хүсмээр байна. Урт нэртэй хууль гэсэн нэршил нь хуулийг үгүйсгэдэг талын заль мэх юм. Яахав нэлээд урт нэртэй хууль л даа. Тэгэнгүүт түүгээр нь баалаад нэршээд явчихсан юм. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гэж. Бүтэн хэлэхээр агуулга, хуулийн үйлчлэл бүгд тодорхой байгаа биз. Уг нь бид энэ хуулийг анх 2006 онд УИХ-ын тогтоолын төслийг үндэслэн боловсруулсан. Тэр үед Зарим газар нутагт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай гэсэн нэртэй байсан. Хуулийн төсөл болоход нэр нь хэвээр байсан. УИХ-ын Байнгын хороон дээр бидэнтэй толхилцоон, мэтгэлцээн их үүсч байсан. Буцаана, болно болохгүй, ингэхгүй бол хууль чинь явахгүй гэж олон зүйлээр тулгалт хийж байсан. Тэдгээр хэдэн эвгүй зүйлийн нэг нь нэрийг өөрчилсөн. Хууль дээр тусгайлаад ярих зүйл их. Тэгээд буулт хийж өөрчилсөн зүйлийн нэг нь нэршил байгаа юм.

Хуулийн хэрэгжилтэд хяналт тавина биз дээ?

-Буцаж няцана гэж байхгүй. Тэгэх ч эрх байхгүй. Тэгэхийг хүсдэг хэсэг хүмүүс гарч ирээд одоохондоо эрх мэдэл, мөнгө хоёроор дулдуйдаад чадна, болгоно гээд андуураад явж байх шиг байна. Гэхдээ энэ андуурал удахгүй. Үнэнд гүйцэгдэх цаг хугацаа гэж байдаг. Тэр нь их ойрхон болсон. Тиймээс маш их бачимдаж сандарч байна. Ийм хүмүүс юу хийдэг билээ тэр үйлдлээ хийж байна. Хүмүүс харж байгаа байх. Бид цаг үеийг богинохон жижиг зүйл дээр хэмжихээс илүү ертөнцийн юмс үзэгдлийг оноож харах, дүгнэлт хийх ёстой. Аль нэгийг   нь харчихаад туйлширч явах нь оновчгүй. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө ахуй гэрийнхээ амьдралыг улс орныхтой нэгэн цаг үе дээр давхцуулж тавиад дээрээс нь дэлхий дахины амьдрал ямар байна гэж зэрэгцүүлж харж байж том хэмжээнд ярина. Энэ ертөнцөд харилцан хамааралгүй зүйл гэж юу ч байхгүй. Монгол хүн болсных өнөөдөр болон хойч үе, өмнөх үеэс ч хүлээсэн үүрэг бий. Сайн сайхан, хамгийн үнэтэй зүйл нь нутаг дэвсгэрийн болоод Монгол эх орны маань бүрэн бүтэн байдал, түүнийг сахин хамгаалж бататган, өргөжүүлэн дэлгэрүүлж хойч үедээ үлдээх нь бидний үүрэг. Үүнийг л бататгаж гаргасан хууль. Тэгэхээр үүнийг хүмүүсээс холдуулан урт нэртэй гэж агуулгыг нь булж байгаа заль мэхэнд автахгүй байхыг хичээх хэрэгтэй.

Та бүхний тэмцэл буу шийдэмдээ хүрсэн тохиолдол олон бий. Энэ бол тэмцлийн хурцхэлбэр. Мэдээж та бүхэн өмнө нь тэмцлийн олон арга хэрэглэсэн байж таараа. Гэхдээяагаад заавал галт зэвсэг хэрэглэх ёстой гэж?

-Дээдэс гэж мэднэ биз дээ. Дээд эс юм шүү дээ. Бидний эхлэл. Тэд “Арга билгийг аль зохистой цагт нь авч хэрэглэ” гэж хэлсэн юм. Одоогийн модон хэллэгээр “Хатуу зөөлнийг хаана, хаана нь хэрэглэ” гэсэн үг. Битгий их нялцаганаарай, тэгвэл юу ч биш болно, битгий их хүчрээрэй тэгвэл бас уналтад орно шүү гэж хэлж байгаа юм. Тийм л аргаар бид явсан. Тэмцлийн энэ ажиллагаа бидний ажлын өчүүхэн хэсэг нь. Бид хэлдэггүй л болохоос цаана нь олон ажил байдаг юм. Би хэлэх үү.

Бололгүй яахав?

-“Онги гол” бол 2001 онд орон нутгийн иргэдийн санаачлагаар байгуулагдсан Монголын анхны байгаль орчны хөдөлгөөн. Энэ хөдөлгөөнөөр Монголд ч, дэлхийд ч хүлээн зөвшөөрдөг. “Онги гол” хөдөлгөөн гэхэд үйл ажиллагааны зургаан хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүний нэг нь хуулийг батлуулах хэрэгжүүлэх. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг батлуулчихсан. Хэрэгжүүлэх гээд зүтгэж байгаа тэмцэл хүмүүст ингэж харагдаж байгаа. Энэ хуулийг хэрэгжүүлэх зорилтыг бид 2008 онд тавиад жил бүр ажлын төлөвлөгөөнд оуулаад одоог хүртэл явж байгаа. Түүнчлэн “Онги гол ойн зурвас” хөтөлбөр гэж бий. 2004 оноос эхлэн Онги голын дагуу 400 км ойтой болгох зорилттой ажиллагаа. Зөвхөн хөдөлгөөнийхөн 16 га-д 11 төрлийн жимс, жимсгэнэ, бут сөөг холимог ойн төгөл байгуулсан. Иргэдийн санаачлагаар энэ төгөл 50, 60 га болоод өргөжиж байна. Миний ээж 1991 онд анх удаа Онги голын дагуу жимсгэнэ тариалсан цэцэрлэг байгуулсан бахархалтай явдал бий. Яг тэр ажлыг үргэлжлүүлж байгаа. Бас “Онги гол экологи” сурах бичгийг 2007 оноос бүтээж эхлүүлсэн. Онги голын дагуу байгаа найман сумын ерөнхий боловсролын сургуулийн 20 гаруй мянган хүүхдэд Онги голын талаар хичээл ордог болсон. Одоо “Онги гол нүүдэлчдийн соёл” гээд хоёрдахь хэвлэл гарсан. Онги гол хаанаас хаана хүрдэг, ямар их амьдралыг тэтгэдэг зүй тогтлын талаар хүүхдүүдэд ордог хичээл. Дараагийнх нь голын эхэнд хур тунадас нэмэгдүүлэх хөтөлбөр бий. 2008 оны зургадугаар сарын 25-нд Онги голын эхэнд газрын генератор байрлуулсан юм. Тэр төхөөрөмж голын эхэнд хур тунадсыг заримдаа 40 дахин нэмэгдүүлж оруулж байгаа. Голын урсацад их нэмэр болж байгаа. Цаашид энэ ажлыг өргөжүүлнэ.

Дөрвөн жилийн өмнөөс “Онги гол нүүдэлчин аялал” хөтөлбөрийг Японы их сургуулиудтай хамтран эхлүүлсэн. Онги голын дагуух аяллын хөтөлбөр. Онги гол хангай, тал хээр, говийн гурван бүслүүрийг хамарч урсдаг. Их гоё. Эхнээсээ адаг хүртэл аялж байгалийн ялгамж, тэнд аж төрж байгаа малчин амьдралын ялгааг харах боломжтой. Жуулчид үйлчилгээнийхээ төлбөрийг өгөөд малчин айлд хоноод аялах сонирхолтой. Бид ч ингэхийг шаарддаг. Тэгэхээр малчин айлд орлого орно, Онги голыг гадаадынханд сурталчилж байгаа юм.

Монгол орон, газар шорооны тухай бодлоо та товчхон илэрхийлбэл юу гэх бол?

-Хязгааргүй орон зай дотроо жижигхэн үл мэдэгдэх гариг бол дэлхий. Түүн дотроо Монгол орон мэдрэгдэхүйц орон зай. Энэ бол миний төрсөн нутаг. Энэ их хувь заяа монгол хүн болж төрсний бахархал. Хамгийн тод нь Монголын эрх чөлөөт малчин амьдрал байдаг. Тэнд төрж өссөн хүнд Монголоо гэх бахархал тээгдэж үлддэг. Харин суурин хүмүүсийн хувьд тийм боломж хаагдмал. Гэхдээ тэдний буруу биш. Өөрөөр хэлбэл, жам ёсны гэдэг зүйлийг мэдрэх боломжгүй.

Эрх чөлөөтэй болоод гараад ирэхэд олон асуудал эмх замбараагүй болсон гэжбайсан. Ар гэрийнхэн чинь хэр байв?

-Хань маань зүтгэлтэй, их сүрхий. Олон хүнд сорилтыг давж ирсэн. Сүүлийнхийг ч гэсэн адил. Анх “Яадаг бол” гэж бодож байхад дажгүй давсан байна лээ. Хөдөө өвөлжөөн дээрээ дүүгийнхтэй айлсаад отор нүүдэл хийхээрээ малаа туугаад намайг байсантай ялгаагүй л амьдарч байж.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.