Comment.mn

-С.ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ-

bb5e3961b7ad141ebig

-С.ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ-

Өнгөрсөн баасан гаригийн шөнө С.Зориг агсаны эхнэр Д.Булганыг баривчилж саатуулсан тухай албан бус мэдээлэл зарим сайтуудаар гарч эхэлсэн. Харин тус мэдээлэл үнэн эсэхийг батлах албаны эх сурвалж амралтын өдрүүдэд бидэнд олдоогүй юм. Мөн энэ талаар прокурорын эх сурвалжуудаас тодруулсан ч “Д.Булганыг баривчилах бол бидэнтэй зөвшөлцөх учиртай. Тийм зүйл болоогүй” гэж байсан.

Харин ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс өчигдөр мэдээлэл хийж “С.Зориг агсны эхнэр Д.Булганыг саатуулж, 461-р ангид хорьж байгаа нь үнэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тул ямар шалтгаанаар гэдгийг нь хэлэх боломжгүй” гэсэн юм. Харин тус мэдэгдлийн араас “Д.Булганыг их хэмжээний мөнгө бусадаас залилсан хэргээр саатуулсан” тухай мэдээлэл хэвлэлүүдээр гарч эхэлсэн.

-Д.БУЛГАН ХУДАЛ МЭДҮҮЛЭГ ӨГЧ БАЙСАН УУ-

Бидэнд олдсон мэдээллээр Д.Булганыг залилангийн хэргээр баривчилж саатуулаагүй харин С.Зориг агсаны хэрэгт буруутгаж саатуулсан байна. Цагдаагийн албан хаагчид түүнийг саатуулахаас өмнө хоёр эрэгтэй хүнийг тус хэрэгт холбогдуулан баривчилсан байна. Харин С.Зориг агсаны амь насанд хүрсэн этгээдүүдийн нэг нь эрэгтэй нөгөө эмэгтэй хүн байсан гэж энэ хэргийн цорын ганц гэрч Д.Булган өнөөг хүртэл мэдүүлж ирсэн байдаг. Гэтэл тус хэргийг шалгаж буй ажлын хэсгийнхэн 2-3 жилийн өмнө С.Зориг агсаны амь насыг хоёр эрэгтэй хүн хөнөөсөн гэдгийг шалгалтын явцад олж тогтоосон байна.

Ингээд тус хэргийн гэрч Д.Булган “Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн С.Зоригийн амь насыг хөнөөсөн” гэж худал мэдүүлэг өгч, аман зургийг худал гаргуулж, хэрэг илрэх явцыг удаашруулсан гэж цагдан хорьсон бололтой. Харин өөр нэг эх сурвалж Д.Буланыг 72 цаг саатуулсан, хэрэв түүнийг сэжигтнээр татах бол хорих хугацааг сунгана гэсэн юм.

 -С.ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДҮҮД ХЭРГЭЭ ХҮЛЭЭСЭН ҮҮ-

С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэж 40 гаруй насны хоёр эрэгтэй хүнийг Орхон аймгийн Эрдэнэт хотоос сар гаруйн өмнө барьж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Харин өөр нэг эх сурвалж “С.Зоригийн амь насыг хөнөөж, тус хэргийг гүйцэтгэсэн этгээдийг баривчилсан, тэд хэргээ хүлээгээд байгаа” гэсэн юм.

Д.Булганыг саатуулсан тухай мэдээлэл энэ амрлалтын өдүүдэд гарч эхлэхэд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “С.Зориг агсаны хэрэг илэрнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн утга бүхий зурвасыг өөрийн твиттер хуудастаа нийтэлсэн байсан юм. Харин энэхүү зурвасын талаар хөөж үзэхэд тус хэрэгт сэжиглэгдэн, баривчилагдаад буй нэг иргэний ээж н.Жавзмаа гэгч иргэн УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гомдол гаргасан гэсэн мэдээлэл байна.

Ер нь УИХ-ын сонгууль бүрийн өмнө С.Зоригийн амь насыг хөнөөсөн этгээдийг илрүүлж байна гэж мэдэгддэг нь гэм биш зан болоод байгаа. Иймд энэ удаагийн мэдээллийг мөн л сонгуультай холбоотой байх талтай гэж олон хүн хүлээн авч байна.

Н.МЯГМАР

Эх сурвалж: Medee.mn 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.