Comment.mn

В.Путин,Б.Обама нар Сирийн асуудлаар зөвшилцөлд хүрлээ

Турк улсын Анталья хотод өчигдөр Бүлэг 20 орны удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэлсэн. Уулзалтын эхэнд дэлхийн удирдагчид баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө Франц улсын нийслэл Парис хотод гарсан террорист халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэж минутын хугацаанд дуугаа хураасан байна.

Бүлэг 20 орны дээд хэмжээний уулзалтан дээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн үг хэлж олон улсын хамтын нийгэмлэг Парисын халдлагын өмнө хүчтэй байх ёстой ч олон улсын дүрэм журмын дагуу ажиллахыг уриалсан юм. Мөн Бүлэг 20 орны дээд хэмжээний уулзалтыг даргалан зохион байгуулагч Турк улсын Ерөнхийлөгч Режед Тайип Эрдоган уулзалтан дээр Парисын халдлагатай холбогдуулан мэдэгдэл хийсэн байна.

Энэ удаагийн Бүлэг 20 орны уулзалтаар дэлхийн удирдагчид Исламын хэт даврагсад тэр дундаа Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэхэд анхаарлаа хандуулж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй дээд хэмжээний уулзалтын үеэр тусдаа уулзаж санал нэгдсэн байна. Тэд 2 талт албан бус уулзалтын дараа гар барьсан нь санал зөвшилцөлд хүрснийг гэрчилж байсан юм.

АНУ болон ОХУ энэ удаад Исламын улс бүлэглэлийн эсрэг тулаанд гар нийлэхээр болж байна. Тэд Сирийн нутаг дэвсгэрт байрласан ИСламын улс бүлэглэлийн эсрэг тус тусдаа агаарын цохилт өгч байгаа. Харин хэт даврагсдын гэмт үйлдлийг зогсоохын тулд Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассадын Засгийн газарт тулгуурлан шилжилт өөрчлөлт хийхээр боллоо. Өөрөөр хэлбэл Сири улс дотооддоо улс төрийн шинэчлэлт хийж Исламын хэт даврагсдын эсрэг тэмцэхэд туслах хэрэгтэй болж байгаа юм.

Путин, Обама нар НҮБ-ыг Сирийн сөрөг хүчний босогчид болон Ерөнхийлөгч Аль Ассадын Засгийн газар  хооронд энхийн тогтоох гол зуучлагч болох ёстой гэж үзэж байна.
Гүрпүрэв Ганчимэг/UBS/

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.