Ийм асуудал тавихад хэн нэгэнд улс төр, эдийн засгийн энэ ороо бусгаа, хүндрэлтэй байгаа нөхцөлд хэн бүхний санаанд хэн нэгэн улс төрийн манлайлагч ч юм уу, эсхүл юуг хэлэх гээд байгаа юм бол гэсэн бодол санаа төрөх байх л даа. Тэгвэл тэр төрийн ноён нуруу энгийн зүйлээс л эхэлнэ.
Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээс харж байх нь ээ, бид чинь ардчилал гэж 25 жил гэлдрэхдээ төр, улсын илэрхийлэл болсон бэлгэ тэмдгээ буруу зөрүү, алдаа мадагтай хэрэглэсээр ирсэн нь төр, засгийн эрхэм өндөр албан тушаалтнууд өвөр хоорондоо хөлөө жийлцсээр, дээрээ суудлаа олохгүй доороо суудлаа олохгүй, төр нь төр шигээ байж чадахгүй суларч байгаагийн илэрхийлэл болж үүндээ анхаарах сөхөө байхгүй байна уу гэлтэй харагдана. Уг нь хууль эрх зүйт төр улсаа байгуулсан Монгол Улс нь Үндсэн Хууль, түүнийг дагалдан гарсан Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль (1994), Төрийн далбаа, Соёмбоны стандарт (http://politics.news.mn/content/72289.shtml)-д тэдгээрийг үйлдэхэд баримтлах зургийн тэг, хэмжээг бүгдийг тусгасны гадна, хүлээлгэх хариуцлага, хуулийн биелэлтэд хяналт тавих субьектуудыг хүртэл тодорхой хуульчилсан байх юм.
Гэвч өнөөх л Монголын хууль “гурав хоног” гэгчээр өргөн дэлгэцээр гарч буй байж боломгүй алдаа мадгийг нүднийхээ өмнүүр зүгээр өнгөрүүлж чадсангүй тул энэхүү “харууслын” нийтлэлийг Та бүхний хурц мэлмий, соргог сонорт хүргэж байгаа юм.
“Монгол Улс шинээр гадаад паспортуудаа хэвлэхээр болжээ” гэж ихээр бичиж байна. Мэдээж даяаршлын эрин зуунд хөл нийлүүлэн алхахад монгол иргэн бүр хилийн чанадыг зорьж, ахуй амьдралаа дээшлүүлэх, сурч боловсрохын төлөө гадаад паспорт өвөртлөн зорих нь дамжиггүй. Гэтэл тэр паспортын нүүр болон хуудсууд дээрх усан хээн дунд дахь Соёмбо гэж төгс утгатай бидний төр, Монголыг төлөөлөх бэлгэ тэмдэг маань зургийн буруу тэгтэй, тухайлбал сар, сумны гилбэр хоёрын хоорондын зай алдагдсан, “загасны нүд” нь тэгш босоо шугамд байрлаагүй нь харагдах аж. Үүнийг дахин шинээр хэвлэх болсон энэ цаг мөчид өөрчилж, засч боломгүй юм болов уу, гэж харуусах.
Иймэрхүү жишээ тун чиг олныг дурдаж болох авч төрийн байгууллагуудад ч ийм алдаа нэлээд харагдаж байна. Тухайлбал, ХХЕГ-ын дурсгалын зүйлд тавигдсан Соёмбо, ОБЕГ-ын хурлын танхимын хойморт залрах Соёмбо, Өвөрхангай аймгийн Нутгийн удирдлагын ордны нүүрэнд мэлтийх Соёмбо бүгд л энэ тэгийг алдаж, нар зөв эргэх арга, билигийн загас, нүд завчилгүй сонор соргог байхыг бэлгэдсэн загасны нүд нь солийсон ч юм шиг, сохорсон ч юм шиг, онийсон ч юм шиг харагдах талаасаа буруу байх аж. Төр, засгийн байгууллагууд нь ийм байдалтай байхад, түмэн олон нь бүр ч үл ойшоож байгаа юм байна гэсэн гүн харамсах сэтгэгдэл төрөх юм л даа.
Хамгийн том төрийн далбаа мандууллаа гээд шуугилдах ч Соёмбоо бас л буруу тэгээр дүрслэн залах нь санамсаргүй явдал уу, санаатай үйлдэл үү.
Алтан соёмбот төрийн далбаа МАКС группын тугтай ижил түвшинд тугны ишинд мандаж байхыг, Төрийн их бэлгэдэл сүлд маань Нийслэлийн бэлгэ тэмдэгтэй эн зэрэгцсэн түвшинд хананд нь байрлаж байх нь цаанаа өөр утга агуулгатай ч юм шиг заримдаа санагдаж, бас л харуусах. Ингэж бүхэл бүтэн төрийн сүлд, далбаа нь аль нэг улсад хүндэтгэлгүйгээр залравал улс төрийн асуудал болно доо.
Энэ байдал сүүлдээ гадаадад, хилийн чанадад, хоёр талын болон олон талт дипломат арга хэмжээний үеэр илэрч, төрийн ёслол алдагдаж байсныг хэвлэл мэдээллээс та бүхэн харж байсан биз. Сүхбаатар аймагт болсон Монгол, Хятадын хамтарсан үйлдвэр ашиглалтад орох үед тууз хайчлах ёслолын ард байрласан аннонс дээр монгол хэлээр бичсэн нь ханз бичгийн доор байрлаж байх жишээтэй. Өмнөд Солонгосын талтай хийсэн уулзалт хэлэлцээний ширээн дээр Монголын туг маань уруугаа харчихсан байсан нь саяхан Эрээн хотод болж өнгөрсөн Монгол, Орос, Хятадын бизнес уулзалтын үеэр ч давтагдаж байх.
Төрийн далбааны өдөр гэж өргөнөөр тэмдэглэх болсон нь сайшаалтай. Гэтэл баяр Наадамаар энд тэнд зарагдах төрийн далбаа маань осолдохгүй улаан, хөх өнгөтэй байх ч Соёмбо нь заримдаа, ишнийхээ эсрэг талд, доод сумны гилбэр нь дээш харсан байх, өнөөх л загасны нүд нь нар буруу эргэсэн, заримдаа бүр байхгүй ч байх ийм үзэгдэл тун түгээмэл болжээ. Энд хяналт тавьдаг байгууллага, нөгөө хуулийн субъектууд нь баяр, амралтын өдөр гээд амарчихаж л дээ гэсэн харуусал бас төрж байсансан.
Бид яах вэ? Төрөө хүндэтгэн дээдлэх нь монгол хүн бүрийн үүрэг, хариуцлага бас ухамсар. Төр хууль, дүрэм, журмаа нэгэнт гаргажээ. Гэхдээ үүнийг хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг механизм үнэндээ алга гэсэн нэг л санааг нийтлэлдээ харуусан бичлээ. Ухамсарт хүн бүр энэ байдлыг дээдийн дээдээр ойлгож, хүн бүр өөрөөсөө, байгууллага бүр удирдлагаасаа, төр нь дээрээсээ хаана хаанаа анхаарвал энэ байдал ахархан хугацаанд арилж үгүй болно гэдэгт итгэдэг. Дээр нь оногдуулах хариуцлагыг нэмэгдүүлэх, хяналтаа чангатгах, хууль, журмаа улам бүр боловсронгуй болгох нь шаардлагатай болжээ гэж үзэж байна.
Нэгэнт Үндсэн Хуулийн өөрчлөлт гэж яригдаж энэ цаг үед хуулийн өөрчлөлтөд зөвхөн албан тушаалын суудлын асуудлыг бус зарим зүйлд шаардлагатай өөрчлөлт оруулж болох санааг УИХ-ын эрхэм гишүүдэд өргөн дэвшүүлье.
Үндсэн Хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 1-д заасан “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.” гэснийг “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамгал, дуулал, Соёмбо мөн.” гэж нэмж оруулах. Учир юун гэвээс, төрийн албан хаагчдын нэрийн хуудас, Яамд, газруудын илэрхийлэл болсон бүхий л хаяг, зарлалын самбарт Соёмбо хуульчилсан юм шиг заларч байгаа. Харин ингэж орохдоо дээрх тэг, хэмжээ, харьцааг хайхрахгүйгээр оруулсан жишээ бас л байсаар байгааг дээр дурдлаа.
Төр ноён нуруу тэгш, чигч, түмэн олон амар амгалан байх болтугай!
Т.Есөнтөмөр