“Эрдэнэс таван толгой” компанийн “Эв санааны нэгдэл” Үйлдэрчний эвлэлийн холбооны тэргүүн С.Эрдэнэ өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр зулын гол болж, өөрийнхөө болон өрөөлийн амь насийг аюултай байдалд оруулсан. Азаар хэвлэл мэдээлллийн байгууллагын ажилчид шуурхай ажиллаж, галыг дор нь унтраасан. Тэгвэл өөрийгөө галдан шатаасан энэ үйлдлээрээ С.Эрдэнэ болон ийм шийдвэр гаргахад хүргэсэн хүмүүст Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж магадгүй байна. Өөрөөр хэлбэл С.Эрдэнийн энэхүү үйлдэл нь нийлмэл гэмт хэргүүдийн дараах хэв шинжийг агуулж байна.
- “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийх үеэр өөрийгөө галдан шатаасан нь Эрүүгийн хуулийн 236 дугаар зүйл. Дураараа аашлах гэсэн зүйл ангийг зөрчсөн байж болзошгүй юм. Эрүүгийн хуулийн 236.1.Дураараа аашлах, өөрөөр хэлбэл өөртөө үнэхээр байгаа буюу байна гэж үзсэн, эсхүл бусадтай маргаж байхдаа хуулиар тогтоосон журмыг зөрчиж эрхээ дураараа хэрэгжүүлснээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйл.Танхайрах гэсэн заалтыг зөрчсөн байж болзошгүй байна. Уг заалтад “Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заасан байдаг.
- Өөрийгөө шатаасны улмаас “Үндэсний мэдээллийн төв”-ийн эд зүйлс галд шатсан. Энэ нь 153 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх эсвэл мөн хуулийн 1531 дүгээр зүйл. Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр хохирол учруулах гэснийг үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдах нөхцөл бүрдээд байна.
Эрүүгийн хуулийн 153.1.Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, 153.2.Энэ гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэгэж заасан байдаг. Харин 1531.1.Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр онц их хэмжээний хохирол учруулсан бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. - Харин түүнийг ийнхүү амиа хорлоход хүргэсэн хүмүүс нь компанийн удирдлагууд болон Засгийн газар гэдгийг тэрбээр мэдэгдсэн.
Эрүүгийн хуулинд хүнийг амиа хорлоход хүргэсэн тухай заалт мөн байдаг. Тодруулбал Эрүүгийн хуулийн 95-д Бусдыг амиа хорлоход хүргэх гэсэн заалт бий. Уг заалтад “ Эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа болон өөр бусад хүмүүстэй харгис хэрцгий харьцсан буюу нэр төр, алдар хүндийг нь байнга гутаан доромжилсны улмаас хохирогч амиа хорлосон бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэжээ. Тэгэхээр Засгийн газрын тэргүүн болон “Эрдэнэс таван толгой” ХХк-ийн удирдлагууд уг заалтын дагуу хуулийн байгууллагад шалгагдаж болзошгүй байна.
Уг хэргийг өчигдрөөс Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж эхлээд байгаа. Одоогоор эрүүгийн хэрэг үүссэн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа. Харин дээрх зүйл, заалтуудын дагуу шалгах бүрэн эрх нь хуулийн байгууллагад байгаа.
С.Эрдэнэ 36-40 хувийн түлэгдэл авч, өдгөө ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.С.Эрдэнийн эрүүл мэнд, эмчилгээнд анхаарал тавьж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болголоо. Мөн эмчилгээ, сувилгаанд шаардагдах зардлыг “Эрдэнэс тавантолгой” хувьцаат компаниас гаргуулахаар болоод байгаа.
С.Эрдэнэ энэ үйлдлээ миний сонголт байсан, үхвэл үхнэ л биз хэмээн хэлж байсан. Түүний энэ үйлдлийг нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрсэн болохоор хэмээн олон нийт тайлбарлаж байна. Бүх салбар бухимдалтай байхад өрөөлийг эрсэдэлд оруулж, олон нийтийг цочирдуулсан нь буруу хэмээн дүгнэх хүмүүс ч байна.
А.Баярмаа