Comment.mn

Ламд мөргөх үү, намд сөгдөх үү

1446116614_niitlel-01Нам бол мөргөж залбираад байдаг бурхан, лам биш, энхрий хайрт гээд нялхамсаад байх зүйлс биш, эрх мэдэл, мөнгөний төлөө зүтгэсэн гэмт хэргийн бүлэглэл ч биш, луйварчин нэгний байгуулдаг халаасны цаас ч биш, харин улс үндэсний язгуур эрх ашгаа дээдэлсэн үзэл баримтлалтай, бодлоготой, олон гишүүдтэй, олон гишүүд нь хувийн ашиг сонирхлоо хойш тавьсан тийм л жирийн иргэдийн нэгдэл байх учиртай. Улс төрийн нам бол жирийн иргэдийн улс орноо хөгжүүлэх гэж байгуулсан нэгдэл юм шүү гэдгийг бид ойлгох цаг үе нь иржээ.

Монгол улс олон намын тогтолцоотой, олон ургалч үзлээр төрийн эрхийг барихын тулд өөрсдийн дэвшүүлсэн бодлогоор өрсөлдөж, ардчилсан сонгуулийн зарчмаар  иргэдийнхээ олонхын саналыг авч Монголын төрийг удирддаг гэж бид итгэдэг бас тэгж боддог. Нам бол эгэл жирийн тухайн улсын иргэдийн хүсэл зорилго, үзэл санаа, үнэт зүйл дээр тулгуурласан нэгдмэл чанартай бүлэглэл гэж ойлгож болно. Бас нийтлэг сонирхол, үзэл баримтлалтай хүмүүс нэгдэж, үйл ажиллагаа нь төрийн, засгийн эрхийг авах буюу түүний хэрэгжилтэнд оролцох зорилго бүхий улс төрийн байгууллага. Гэхдээ намын гишүүд жирийн иргэн хоёрыг тусад нь салгаж үзэж болохгүй нэг зүйл юм. Ардчилсан гээд байгаа бидний одоо амьдарч байгаа нийгэмд эгэл жирийн иргэн хүн сонгох, сонгогдох, улс төрийн эрх бол харьцангүй эрх чөлөөтэй. Тиймдээ ч улс төрийн аль ч нам хүчнийг сонгон, гишүүнчлэлээр элсэх, бодлогыг нь дэмжих, үзэл санааг нь сурталчлах зэрэг эрхүүдийг Монгол улсын иргэн бүр эдэлдэг. Идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг нам засгийг бүрэн удирддаггүй юмаа гэхэд улсын бодлого шийдвэрт шууд болон шууд бусаар нөлөөлж чаддаг байх ёстой.

Иймд жирийн иргэн бүр, улс төрийн ажилд гар бие оролцоод байдаггүй юмаа гэхэд ядаж энэ олон улс төрийн намуудад бие болон сэтгэл оролцоотой байх хэрэгтэй. Нам бол тэнгэрт хөвдөг үүл биш, хэн нэгэн олигархын халаасны бичиг баримт ч биш юм.Харин жирийн иргэн гишүүн нь намын гишүүнийхээ хувиар өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг, намынхаа бодлогод нөлөөлдөг, удирдлагууд нь үхширсэн биш, нийтлэг эрх ашгийг хамгаалдаг, элдэв бүлэглэлийн төлөөлөл болдоггүй, уян хатан байдаг, бас солигддог, өөрчлөгддөг байх нь хамгийн зөв бөгөөд шударга зарчимтай тийм л улс төрийн хүчин жинхэнэ нам байж чадах юм. Бид ирээдүйдээ үнэхээр санаа зовж явдаг бол улсын хөгжил гэхээсээ илүү ардчилсан сонголтыг шударгаар баталгаажуулах боломжийг олгодог улс төрийн намуудыг шинэчлэхэд, бодлогыг тодорхойлох, өөрчлөлт хийхэд иргэн бүрийн бие болоод сэтгэлийн оролцоо чухал болоод байна. Хэн нэгэн олигархи, луйварчин ардчилсан сонгуулийн зарчмаар төрийн эрхийг барьдаг, төрийн толгойд суух боломжийг бид олгодог, тэд эрх мэдлээс буухгүйн тулд улсын хөгжлийн хөтөлбөрийг биш хувийн хөтөлбөр боловсруулж хуурдаг, эрх мэдлээр хөрөнгөө аривжуулах, хөрөнгөөрөө эрх мэдлээ баталгаажуулахад зарцуулдаг. Ийм л хүмүүст шударга ёс, улс үндэсний язгуур эрх ашиг түй ч хамаагүй шүү гэдгийг иргэн бүр ухаарч ойлгох цаг болсон байна.

Өнгөрсөн 25 жилийн түүхэнд Монголын улс төрийн бүх намыг 50 хүн удирдаж байлаа.Тэдний хийж гийгүүлсэн зүйлсийг хангалттай харсан. Монголчууд бидэнтэй хамт нэг гараанаас чөлөөт эдийн засагтай болсон орнууд болох Казакстан, Чех хөгжлөөрөө илт тасарч, харин бид бахь байдгаараа үлджээ. Бүр 1990 оноос өмнө байсан бүх үйлдвэрүүд нь балгас болж, авилгал хээл хахууль дээд цэгтээ хөгжин цэцэглэж, ядууралдаа ард түмэн нь живж, мөнгө эрх мэдлээр шударга ёсыг хэмжсэн тийм л нийгмийг бүтээн байгуулж бид чадлаа. Зөвхөн импортод тулгуурласан эдийн засагтай, уул уурхай түшиглэсэн ажлын байруудтай, ирээдүйдээ үлдээж болох баялагаа маргааш үхэх гэж байгаа юм шиг ухсан тийм л улсыг 50-хан луйварчин удирдаад ийм болгов. Эдгээрийг 50 олигархи гэж нэрлэхүү, эсвэл ардчилсан сонголтыг чадварлагаар ашиглаж чадсан этгээдүүд гэхүү тэднийг юу гэж нэрлэхээ хэлж мэдэхгүй юм. Одоо эднээс нэгэнтээ салж, энэ улс төрийн намуудын толгойноос, иргэн бүрийн оролцоотойгоор хөөж явуулах цаг болсон байна. Улсын хөрөнгө гэхээсээ илүү өөрийн хөрөнгө нь үлэмж өссөн, өөрийн нэр төр гэхээсээ идсэн ууснаараа, хууль бусаар хөрөнгөжсөнөөрөө, алдартай болсон ч одоог хүртэл Монгол улсын төрөөс, улс төрийн төрийн намуудын толгойноос буухгүй л байсаар байна. Мөнгө байгаа цагт намыг удирддаг бус харин улсаа хөгжүүлэх бодлого  хөтөлбөр байгаа хүмүүст намын эрхийг, төрийн эрхийг ардчилсан сонголтын зарчмаар нь өгөх зөв зүйтэй хэрэг юм. Манай улсын жирийн иргэдийн хувьд намуудын мөрийн хөтөлбөр, улс төрийн бодлогыг, хоосон бөгөөд хөнгөхөн амлалтаар төсөөлж, айлын тогоонд бууж ирэхээр биелэж байна гэж ойлгож явцуу байдлаар сонголтоо хийж явдаг нь хамгийн буруу зүйл юм.

1990 оны ардчилсан хувьсгалаар олж авсан ардчилсан сонголтын зарчмаас ухарсан нэг үйлдэл бол жагсаалт бөгөөд нэг ч хүний санал аваагүй хүмүүс тэр дундаа улс төрийн карьер нь нэгэнт дууссан, эсвэл мөнгөөр хахаж цацсан луйварчин, луйварчны гар хөл гэх мэт хүмүүс төрд гарч ирэх боломжийг олгосон явдал юм. Хотод нэрээ барахаар, хөдөө явна, хөдөө нэрээ барахаар, жагсаалт худалдаж авна.

 Намуудын удирдлагад фракцийн толгойлогч нэртэй мафийн удирдагчид байх бөгөөд жирийн гишүүд, жирийн иргэдийн сонголтоор намуудын толгойд сууж байгаа мэт аашлах нь инээдтэй бөгөөд Монголчуудын хувьд эмгэнэлтэй зүйл юм. Улсаа дээрэмдэх бүлэглэл фракц нэрээр оршиж, олны чихэн дээр маш гайхалтай цэцэг ургуулдаг нөхрийг урдаа барьсан байх бөгөөд луйварчдыг хамгаалах бүлэглэл оршин тогтнож бялуу нэрээр албан тушаалын наймаа, амаа хамхидаггүй популистыг хоногийн хоолтой нь залгуулах нь, фракцийн үндсэн зарчим байх бөгөөд энэхүү гэмт хэргийн бүлэглэл нь албан ёсны нэр томъёотой оршиж байгаа нь жирийн гишүүн, жирийн иргэдийн хол ойрыг тунгааж бодохгүй муйхраар намыг шүтдэг, хүнийг шүтдэгт оршдог юм.

Монголын жирийн иргэдийн улс төрийн боловсрол нь туйлбаргүй, үзүүр түрүүний бөхийн засуул шиг хаашаа л бол хаашаа ханарч унадаг, мөнгөнд явдаг, сонголтоо ухаанаар бус намын сохор дэмжигчээр луйварчинд саналаа өгдөг, нам бусчууд нь нийгмийн идэвхгүй хэрнээ төр засгаа муулдаг, хэн гарсан ялгаагүй гэсээр өдөр хоногийг бардаг, сонгуульдаа идэвхтэй оролцохгүй луйварчдад сонгуулийг луйвардахад боломж олгодог учраас бид бүгдээрээ буруутай. Монголын төр ийм байгаад гурван сая монголчууд бүгдээрээ өөрсдөөсөө бурууг хайх хэрэгтэй. Ардчилсан сонголтоо хоногийн хоол, архины мөнгө, үнэгүй үйлчилгээгээр худалдаж байгаа иргэн бүр энэ заваан завхарсан нийгмийн үр шимийг бүгд хүртэх нь бидний шударга бус зүйлийг хөхүүлэн дэмжсэний шагнал гэж ойлгож болно.

            Зарим хүмүүсийн хүлээгээд байгаа гуравдагч шинэ хүчин гэдэг нь иргэн гишүүн бүрийн оролцоо тэгш, удирдага нь лоббигоор биш шууд сонголтоор гарч ирсэн нийслэл, аймаг, дүүрэг, хороо, сум, баг гээд намын үүр, хороодод жирийн иргэдийн оролцоо өндөртэй байдаг, тийм л намыг хэлэхээс биш өнөө чихэр иддэггүй хүүхдийн онигооны эзэн яав ч гуравдагч хүчний толгойлогч бол биш шүү. Толгойлсон хулгайчийг дэмжиж байгаа бол хулгайг бүгдээрээ хүлээн зөвшөөрч байгаатай адил юм. Мөнгө эрх мэдлийн хойноос шунасан хүмүүсийг дагаж гүйж өдрийн өлөө залгуулж байгаа хүмүүст хэлэхэд маргааш таны эрх гэж байхгүй, маргааш таныг хамгаалах хууль гэж байхгүй, шударга ёс гэж байхгүй гэдгийг долдойнууд ойлгох хэрэгтэй. Эрх мэдэл мөнгөндөө ташуурсан хүмүүст ч энэ үг хамаатай бөгөөд эрх мэдлийнх нь чадал нь буураад, мөнгөнийх нь хүч багасаад ирэхийн цагт ирээдүйдээ чирч ирсэн гай чинь толгойг чинь цусдаж магадгүйг эрт ухаарах нь зүйтэй. Өчигдөр шударга байгаагүй, өнөөдөр шударга бус байгаа хүмүүс маргааш бурхан шиг болж өөрчлөгдөхгүй гэдгийг бид ойлгож байх нь чухал юм.

Энэ завхарсан нийгмийн эхлэлийг Монголчууд бид өөрсдөө тавьсан бөгөөд намуудын гишүүнчлэлд оролцдоггүй хулгайч нарын үүр болгосон, улс төрийн идэвхи муу, сонгуульдаа ухаанаар бус мунхагаар хандаж саналаа өгдөг, сонгуульд огт оролцдоггүй  гээд арчаагүй үйлдлүүдээрээ бий болгосон юм. Өнгөрсөн хугацаанд Монголын төрийг хэн, хэн удирдаж байв? Хэн, хэн аль, аль намуудыг удирдаж байв? гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Эдгээр хүмүүсээс шахаад ч олигтой үр дүнтэй сайн ажил гарахгүй гэдгийг бид ухаарах цаг болсон шүү. Тэдгээрийн гар хөлүүдээс сайн сайхан зүйл хүлээх хэрэггүй гэдгийг ч яс махандаа шингэтэл ойлгоцгоож байгаа биз дээ. Энэ жонхуунаас хэн нэгэн агуу хаан нь гарч ирээд Монголчуудыг гаргахгүй, бид өөрсдөө идэвхитэй байж энэ намуудын шинэчлэлт хувь нэмрээ оруулж, чадвартай, чадалтай хүмүүсийг олноор оруулж намуудын удирдлаганд, хувийн ашиг сонирхол, дөрвөн жилийн хугацаатай төрийн албыг хаших зэрэг хөгийн ашиг сонирхолоо хойш тавиад маргааш үр хүүхдүүддээ сайн сайхан нийгмийг үлдээхийн тулд, чин шударга нийгэмтэй, хуулиа дээдэлсэн, хүн бүр жинхэнээсээ тэгш эрхтэй хөгжингүй Монгол улсыг байгуулахад иргэн бүрийн оролцоо маргааш гэхгүйгээр өнөөдөр шаардлагатай байна.

Намууд бол нэг улс үндэстэн талцан хуваалцдаг, хагалдаг, хагардаг зүйл бол биш юм гэдгийг өрх гэр айл хотол, сум дүүргээрээ мэдэж байвал зохилтой. Эхнэр нөхөр хөнжил дотроо нам яриад талцаад хэрэлдэж байх гэж ийм ичиж үхмээр юм бас байх юмаа. Энэ олон намуудыг зөв болговол Монголын хөгжил өөрөө ирнэ. Тэгэхийн тулд иргэн бүрийн оролцоо, ухаан, ухамсарт үйл ажиллагаа намуудад хэрэгтэй байна шүү. Ингэхгүй бол хүсээд байгаа хөгжил дэвшил чинь зүүдэнд чинь ирэх байх даа.

Нийтлэлч С.Лхагважав

2015 оны 10-р сарын 20

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.