Улс төр гэнэтийн үйл явдлаар дүүрэн байна. Хуулийн төсөл санаачлан боловсруулж өргөн барих нь УИХ-ын гишүүдийн үндсэн ажил, байдаг л нэг хэвийн үйл явц. Харин өнгөрсөн баасан гаригт гишүүн Н.Батбаяр нарын өргөн барьсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл шинэ долоо хоногийн ажлын эхний өдрийн олныг талцуулсан сэдэв боллоо.
Шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталж, 23 жил мөрдөх явцдаа 2000 онд л ганц удаа өөрчлөлт оруулсан. Эцэг хуулиндаа монголчууд бид тэр бүр өөрчлөлт, завсар оруулаад байх хүсэлгүй байдаг. Өнөөдрийн улс төр, засаглалын нөхцөл байдлаас үүдэн өөрчлөлт хийх шаардлагатай гэж хүн бүр ам нэгтэй дуугарч, толгой дохидог. Тиймээс ч энэ парламент бүрэн эрхийн хугацаагаа эхэлснээс хойш тасралтгүй 3 жил Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах талаар ярьж, ажлын хэсэг байгуулсан. Гэвч улс төрийн нөхцөл байдал бүрдээгүй байснаас үүдэн өнгөрсөн 9 сард ээлжит бус чуулган хуралдуулан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэнэ гэж байсан боловч тодорхойгүй шалтгаанаар хойшлогдсон. Тиймээс энэ парламент цаг хугацааны хувьд Үндсэн хуульд гар хүрч амжихгүй болохоор Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж УИХ дахь нам, эвслийн бүлгүүд байр сууриа нэгтгэсэн байсан. Гэвч гишүүд байр сууринаасаа ухарчээ, угийн холбирч байдаг эрхмүүд.
Одоо харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх цаг хугацаа нь биш гэдгийг төрийн түшээд хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа хэдий ч улс төрийн тохироо бүрдсэн тул төсөл өргөн баригдсан бололтой. Тусгай дэгээр хэлэлцдэг энэ хуульд өөрчлөлт оруулах төсөлд 47 гишүүн гарын үсэг зурсан гэнэ. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг гишүүдийн 4/3 буюу 57 гишүүн дэмжсэнээр хэлэлцэн баталдаг.
Үндсэн хууль батлагдсан цагаасаа хойш Эцэг хууль хэмээн олны дунд нэрлэгдсээр ирсэн. Харин нэмэлт өөрчлөлтөөр Эх хууль болгон албан ёсоор нэрийдэхээр болжээ.
Түшээдийн тоо, бүрэн эрхийн хугацаа нэмэгдээд талийж өгөх нь
УИХ-ын төлөөлөх чадавхийг дээшлүүлэх үүднээс одоогийн 76 парламентын гишүүнийг 99 болгон өөрчлөхөөр төсөлд тусгасан байна. УИХ-ын гишүүний тоо нэмэгдэхийн хэрээр хугацаа ч уртсаж одоогийн бүрэн эрхийн 4 жилийг нэгээр нэмэгдүүлж 5 болгохоор заажээ. Парламентын бүрэн эрхийн хугацаа таван жил болсноор Засгийн газрын үйл ажиллагаа мөн ижил хугацаатай байх юм. Бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүлж байгааг Засгийн газар үйл ажиллагаагаагаа явуулж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хугацаа хүрэлцдэггүй холбон тайлбарласан байна.
Ер нь парламентын үйл ажиллагаа байнгын хороо, чуулганы хуралдаанаар гишүүдийн ирц хүрэлцэхгүй байна гэж хугацаа алддаг. 76 гишүүнтэй парламент 50 хувийн ирцээ бүрдүүлэх гэж өдрийн талыг алддаг эсвэл хойшлуулдаг. Ирц хүрэлцдэггүй болохоор чуулганы нэгдсэн хуралдааны өглөөний ирцээр бүртгэн явуулдаг болсон. Тиймээс үдээс хойшхи хуралдаан өглөөний ирцээрээ явагддаг болохоор гишүүд нэн ховор оролцож, асуудлаа хэлэлцээд санал хураалтыг дараагийн чуулганы хуралдаанаар явуулахаар хурлаа өндөрлөдөг жишиг тогтсон. Өөрөөр хэлбэл, үдээс хойшхи хуралдаанаар цөөн тооны гишүүд хуулийн төслийг хэлэлцэн дараагийн чуулганы хуралдааны эхэнд санал хураалт явуулаад гурилдан баталж байна гэсэн үг. Гэтэл 99 гишүүнтэй болчихвол асуудал хэрхэн үргэлжлэх вэ, ирц бүрдэхгүй бол асуудал хурал нэг өдрөөс эхлээд долоо хоногоор хойшлогддог. Чухал асуудал хэлэлцэх үед ирц арай ядан бүрдлээ гэхэд аль нэг нам, эвслийн бүлэг тав хоногийн завсарлага аваад асуудлыг хойшлуулдаг гэмтэй.
Засгийн газрын танхимын гишүүдийн 3/1-ээс дээшгүй нь УИХ-ын гишүүд байна гэсэн заалтыг харин нийгэм хүлээн зөвшөөрч байна лээ.
Дөрвөн жилийн хугацаа богино болохоор Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй байгаа ч юм биш. УИХ мөрийн хөтөлбөрийг баталж, гүйцэтгэх засаглал хэрэгжүүлдэг. Ингэхдээ аль нэг яам эсвэл Ерөнхий сайдыг огцруулж шинэ Засгийн газрыг дахин бүрдүүлж, мөрийн хөтөлбөрийг замд нь орхигдуулдаг дутагдалт аль ч парламентын үед байсаар ирсэн. Ер нь гишүүд нэмэгдэж, хугацаа уртассанаар төр тогтворжиж, улс хөгжинө гэж олон нийт итгэхэд бэрх л байна.
Ард түмний төрийн тэргүүнээ сонгох эрхийг түшээд булаацалдав уу
Өнөөдөр бүх ард түмнээсээ сонгогддог “Миний ард түмэн” гэж хэлэх эрхтэй ганцхан албан тушаал бол Монгол Улсын Ерөнхийлөгч. Тиймээс ч Үндсэн хуулиндаа “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.” гэж заасан байдаг. Харин Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн парламентаас сонгодог байхаар заажээ. “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж Үндсэн хуульд заасан байдаг. Харин төрийн эрх барих дээд байгууллагыг бүрдүүлж, хууль тогтоогчдыг сонгох эрх сонгогчдод байдаг. Түүнээс бус ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч 100 хүрэхгүй парламентын гишүүнээс сонгогдвол засаглалын гажуудал, сонгогчдын, ард түмний сонгох эрхэнд сонгогдсон гишүүд халдсан үйлдэл болж байгаа хэрэг.
Тэгээд ч энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг хугацааны галт тэрэгнээс нэгэнтээ хоцорсон. Учир нь Үндсэн хуульд сонгууль болохоос 6 сарын өмнө өөрчлөлт оруулах заалттай. Өнөөдрийн цаг тооллоос тооцоход 40 орчим хоногийн дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулиар хориглогдоно. Аливаа хуульд өөрчлөлт оруулахад эхлээд бүлэг, байнгын хороогоор дамжин чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь олонхийн саналаар шийддэг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 57 гишүүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжвэл үргэлжлүүлэн хэлэлцэж болно. Харин дээрх гишүүдийн дэмлэг авахгүй бол хууль санаачлагчидаа буцна. Хэлэлцэх эсэхийг шийдээд яаралтай хэлэлцүүлгээр батлахад наанадаж 14 хоногийн хугацаа шаардана. Гэхдээ өнөөдөр өргөн баригдаад яригдаж байгаа төслүүдийн дарааллыг харахад Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахын өмнө эхлээд Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн өөрчлөлт оруулах эсэхээ шийднэ. Энэ ажил наадна ажлын 10 хоногт шийдэгдэнэ. Хуулийн төсөлд өөрчлөлт оруулаад баталлаа гэхэд дараагийн алхам нь энэ сарын 26-нд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхээр ард нийтийн санал асуулга явуулах бэлтгэлээ хангана.
Өнөөдөр өвөлжөөндөө буусан малчид, ард иргэд байтугай төв суурин газрын албан хаагчид Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах талаар ямар ч ойлголтгүй яваа. Тиймээс ч тэдэнд хуулиндаа ямар өөрчлөлт оруулах гэж байгаа талаар суртал ухаалга хийх зайлшгүй шаардлагатай. Цаашлаад өвлийн хүйтэнд саналаа өгөхөөр сум, аймгийн төвөө зүглэх иргэдийн тоо хэр бол. Тэдний саналыг авахаар төр хүрч үйлчилнэ гэхэд мөн л цаг удаж, мөнгө үрсэн ажил болно. Хүч, цаг, мөнгөө барж ард нийтийн санал асуулга явууллаа гэж тооцоход дүнг санал хураах хар машинаар тоолно гэвэл эрх баригчид олон нийтийн эсэргүүцэлтэй тулна гэдгээ эрхбиш тооцоолсон байлгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхээс өмнө ард нийтийн санал асуулгын дүн хэрхэн гарахаас хамаарч улс төрийн нөхцөл байдал ч хурцдан ээдрээтэй болох биз.
Үнэндээ өнөөдөр парламентын гишүүдэд 2016 оны улсын төсөв, Мөнгөний бодлого, Гацууртын төрийн хувь эзэмшлийг тогтоохоос эхлээд цаг тулсан, эдийн засгийн ач холбогдолтой хэлэлцэн хуулийн төслүүд ширээн дээр нь овоолгоостой байгаа. Сонгуулийн хуулиндаа өөрчлөлт оруулахыг парламент дахь нам эвслүүд нэгэнтээ шийдвэрлэсэн байсан. Зөвхөн Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Р.Бурмаа нарын, Су.Батболд нарын, Х.Тэмүүжингийн гээд нэр бүхий гишүүдийн гурван төсөл өргөн баригдаад байгаа. Үүн дээр “Шударга ёс” эвслийн бүлэг ч хуулийн төсөл санаачлан өргөн барина гэсэн.
Хүзүүгээрээ татсан хэлэлцэх асуудал, хуулийн төслөө шийдвэрлэн, гараас гаргаж амжаагүй байж Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахаар дагалдуулсан төслүүдийг өргөн барьж цаг үрэх хэрэг байсан юм уу даа. Үндсэн хуулинд бүх ард түмний санал асуулга, улс төрийн их зөвшилцлөөр шийдвэрлэнэ. Өнөөдөр үл ойлголцол тэмцэл парламентад суудалтай улс төрийн хүчнүүдийн хооронд бус эрх барьж байгаа АН дотор хүчтэй явагдаж, “үхрийн эврүүд шуудайдаа багтахгүй” байна. Энэ цагт Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах талаар бодол тээгээд ч хэрэггүй, нэмэргүй баймаар.
Н.Энх