Comment.mn

МАН, МАХН нэгдэх нь зөв үү

МАН, МАХН-ыг ирэх оны сонгуульд хамтарч ажиллахыг дээрх намын төлөөлөл болсон ахмадууд санал болгоод байгаа билээ. Тэд өнгөрсөн долоо хоногт МАН-ын дарга М.Энхболд болон Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарт 44 хүний гарын үсэг бүхий өргөх бичгийг гардуулсан юм.

Үүнтэй холбогдуулан дээрх хоёр намын удирдлагууд ойрын хугацаанд уулзалт хийснээр нэгдэх эсэхээ ахмадууддаа хариу мэдэгдэхээр болсон юм. Харин ахмадуудын энэхүү санаачилгыг МАН- ын гишүүдийн төлөөлөл хэрхэн хүлээн авч байгааг сонирхлоо.

Н.ЭНХБОЛД: ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА БОЛЖ ИРСЭН УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙГ ХОЁР ХУВААСАН

-Хоёр намын дарга одоогоор энэ талаар уулзаж ярилцаагүй байна. Хуучин МАХН гэж байгууллага байсныг хуваасан нь буруу. Ингэснээр Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болж ирсэн улс төрийн хүчнийг хоёр хуваасан. Хамгийн нуруутай, тулхтай намыг хуваасан шүү дээ. Гэтэл үүнээс болоод энэ намууд нь цөөнх болоод төрийн эрхийг барихгүй байна. Өнөөдрийн эрх баригчид улс орныг ямархуу байдалтай болгосныг буруушаасан байдалтай байна. Тэгэхээр энэ байдлыг харгалзаж үзээд МАН, МАХН хүчээ нэгтгэж, ерөнхий суурь зарчим, угшлаа харгалзаад төрийн ажлыг байдаг хэмжээнд нь хууль зүйн дагуу явуулах хэмжээнд аваачихгүй бол болохгүй нь. Тиймээс энэ хоёр нам сонгуульд эвсч оролцох нь зүйтэй гэсэн уриалгыг МАН, МАХН- ын удирдлагад ажиллаж байсан, УИХ, Засгийн газар, төрд хариуцлагатай албан тушаал хашиж байсан 40 гаруй ахмад санал гаргаж, хоёр намын даргад хандсан юм билээ. Ямар ч байсан Удирдах зөвлөлийн хуралд энэ талаар танилцуулж байна лээ. Үнэхээр бас бодмоор зүйлийг ахмадууд маань бичсэн байна лээ. Хэрхэхийг цаашдын үйл явц харуулах байх.

Д.ХАЯНХЯРВАА: МАН, МАХН- ЫГ НЭГТГЭХ НЬ НИЙГМИЙН ЗАХИАЛГА ГЭЖ ХАРЖ БАЙГАА

-Өнгөрөгч долоо хоногт МАН, МАХН-ын ахмадууд буюу цагтаа нам төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан эрхмүүд хоёр нам нэгдэж, хамтарч ажиллах ёстой гэдэг албан ёсны шаардлагыг МАН, МАХН- ын дарга нарт гардуулсан. Би энэ процессыг нийгмийн захиалга юм гэж харж байгаа. Монгол Улсад улс төрийн нам олдсон уу гэхээс цөөдөөгүй. Өнөөдөр улс төрийн намуудын чанар чансааны асуудлыг ярих ёстой. Эдийн засаг хямарчихсан, улс төр нь хямралтай амаргүй байгаа энэ цаг үед улс төрийн намууд хүчээ, улс төрийн хүчнүүд бодлогоо нэгтгэх, өөрсдийн байр суурийг тодорхой болгох хэрэгтэй учраас нийгэм өөрөө шаардаж байгаа юм болов уу. Орон нутгаар явж байхад хоёр намын гишүүд “Бид нэг нам нийлэх ёстой” гэдэг байсан. Улс төрийн нам гээчийн толгойд байгаа хүмүүс нь эв эе, учир зүйгээ ололцоод явчихвал ердийн гишүүд бодлогыг дагаад явчих ийм л зүйл. Үүн дээр МАН-ын удирдлагуудын зүгээс тодорхой алхмыг хийж, уулзалт зохион байгуулж байгаа гэсэн мэдээлэл бий. Өнөөдрийн байдлаар ийм шийдэлд хүрсэн гэсэн мэдээлэл хараахан алга.Хоёр нам намынхаа Бага юм уу, Их хурлыг хуралдуулах байх. Хурлаас гарсан шийдвэрээ тодорхой болгоод явах ёстой гэж харж байгаа.

СУ.БАТБОЛД: ХОЁР НАМ НЭГДЭХ ЭСЭХ ЯРИА УЛС ТӨРИЙН ХҮРЭЭНД ГАРЧ БАЙГАА НЬ ШИНЭЛЭГ ЗҮЙЛ

Хоёр намын хувьд нэг үзэл баримтлалтай. Би хувьдаа МАХН-ыг социал демократ үзэлбаримтлалтай нам гэж үздэг. Манай намын ахмадууд улс орны болон улс төрийн нөхцөл байдлыг дүгнэж үзээд хуучин манай намд байгаад салж шинэ нам байгуулсан. Тиймээс тэр намтайгаа нэгдэж, ирэх оны сонгуульд оролцох нь зүйтэй гэж ахмадууд маань үзэж байгаа юм билээ. Гэхдээ үүнийг өнөө маргаашдаа зөв, буруу гэж ярих нь зохимжгүй. Харин эрх бүхий гишүүд болон Их, Бага хурал, Удирдах зөвлөлөөр маш нухацтай хэлэлцэх учиртай. Тиймээс хоёр нам сонгуульд хамтарч оролцох эсэхийг хэлэхэд эрт байна. Мөн эвсэл байгуулах эсэхийг ч нам сонгуульд бүртгүүлэх үеэс л эхэлж ярих ёстой. Ер нь энэ улс төрийн хүрээнд гарч байгаа шинэлэг зүйл. Тиймээс хоёр нам нэгдэж, хамтрах эсэх асуудлыг намуудын удирдлагууд ярилцаж байгаад шийднэ гэж бодож байна.

М.Өнөржаргал


Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.