Өнөөдөр Улсын начин Б.Одхүүг улсын бүртгэлд бүртгэлгүй өр барагдуулах үйлчилгээ үзүүлдэг хууль бус компанитай, бусдаас мөнгө нэхэж байгаад хорих 461-р ангид саатуулагдаж байна гэх мэдээлэл тарсан.
Энэ мэдээллийг тодруулахаар бид Улсын начин Б.Одхүүтэй уулзсан юм. Тэрбээр: “Өнөөдөр гарсан мэдээллийг уншлаа. Надад өр барагдуулдаг хууль бус компани байхгүй. Тийм үйл ажиллагаа явуулж байгаагүй.
Хоёрт би саатуулагдаагүй өөртэй чинь уулзаад сууж байна шүү дээ. Тэгэхээр энэ ташаа мэдээллийг залруулж өгөөчээ.
Гуравт, хүн амьтан дарамтлаагүй. Хэн нэгний захиалгаар ч юм уу, зориудаар худал мэдээллийг баримтгүйгээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргаж нэр төрд халдаж байна. Өмнө нь ийм мэдээлэл удаа дараа гарч байсан. Энэ удаад би тайлбар хийж байна. Дараагийн удаа шүүхэд гомдол гаргаж, нэр төрөө сэргээлгэнэ.
Нэмж хэлэхэд, өнөөдрийн гарсан сайтуудад гарсан мэдээн дээр “Капитрон” банканд өртэй хүн надад мөнгө өгсөн гэж байсан. Ийм асуудал огт байхгүй.” Гэв.