Comment.mn

МАН, МАХН хоёрыг нэгдээд УИХ-ыг тараах сургаар АН-ынхан Н.Энхбаярт хандаж Г.Шийлэгдамбаар сануулга өгчээ

1446744361563b9129bdb98
Улс төрийн үйл явц ойрын өдрүүдэд тун ширүүхэн өрнөж эхэллээ. Засгийн газар Өршөөлийн хуулийг хэрхэн батлагдахаас шалтгаалж огцрох эсэх нь тодорхой болно гэж эх сурвалжууд олонтаа мэдээлж байсан. Гэтэл удтал хүлээгдсэн Өршөөлийн хууль эрх мэдэлтнүүдийн хүссэн шиг батлагдаж чадсангүй. Гишүүд нэгэнт олон түмний өмнө улаан, цагаан авилгачдыг өршөөж чадсангүй.
      Ийнхүү Өршөөлийн хууль батлагдсан өдрөөс хэдхэн хоногийн дараанаас эхэлж хууль, хяналтынхан гүйцэтгэх ажиллагааг ээлж дараалан явуулж эхэллээ. Нэн түрүүнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас өнгөрсөн амралтын өдөр баривчлан саатуулсан. Түүнтэй нэг өдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ерөнхий гүйцэтгэгч Өмнөд Солонгосын “Самсунг С&Т”, “SCTECM” компанийн байранд цагдаагийн тусгайгийн албан хаагчид гэнэтийн дайралт хийн орж бичиг баримтыг хурааж, битүүмжилж зарим солонгосчууд болон захирлуудыг нь баривчилсан. Эх сурвалжуудын мэдээлж байгааар дээрх хоёр хэрэг хоорондоо холбоотой байх гэсэн таамаг явж байна.
       Тэгвэл лхагва гарагт Засгийн газрын гишүүн, ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулсан юм. Өдгөө тэрбээр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар түүнийг авилгын хэрэгт холбогдуулан шалгаж буй бөгөөд сайдын туслах болон жолооч, албаны зарим нэг хүмүүсийг хамт авч явж байцаалт авчээ. Өчигдөр үүнийг баталгаажуулж МАХН-аас мэдээлэл хийсэн юм. Тэд “Г.Шийлэгдамба сайдыг хэлмэгдүүлчихлээ. Түүнтэй хамт авч явсан 4-5 хүнийг тамлан зовоосон байна. Одоо хүртэл Г.Шийлэгдамба сайд өмгөөлөгчгүй байцаалт өгч байгаа. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл” гэж тайлбарласан.
      Эхний хэрэг болох Б.Батзаяагийн хэрэг цаагуураа Тавантолгой, Төмөр замын асуудалтай нарийн сэжмээр холбогдож байгаа. Харин Г.Шийлэгдамба сайдын хэргийн талаар хэвлэлийнхэн болон улс төрийн хүрээнийхэн янз бүрийн таамаг дэвшүүлж сууна.
Үүнээс хамгийн бодитойгоор саарал ордонд маш нууцын зэрэглэлтэй яригдаж байгаа “бор шувуу” бол “ЭМС-ын сайд авилгал авсан биш. Харин улс төрийн тодорхой зорилготойгоор энэ бүгдийг зохион байгуулжээ” гэдэг зүйл юм.
      Тодруулбал, бүх ээдрээт хэргийн зангилаа нь МАН, МАХН хоёрын буцаад нийлэх эсвэл ирэх сонгуульд эвсэл болж оролцох тохиролцоо байжээ. Г.Шийлэгдамба сайдыг баривчилдаг өдөр МАН-ын ахмадууд намын дарга болон генсекдээ МАХН-тай 2016 оны сонгуульд хамтарч оролцохыг хүссэн хүсэлтээ гардуулж өгсөн. Үүнийг нь удирдлагууд нь биечлэн хүлээж авсан. Хоёр намын ахмадуудын уриалгаар эхэлсэн энэ асуудал ерөнхийдөө шийдэгдсэн байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн. МАН, МАХН хоёр эргээд нэг хэсэгтээ “тоонот гэрт толгой холбох” нь тодорхой болжээ. Ийнхүү ЭМС-ын сайдыг гэнэт саатуулах болсон шалтгаан нь хоёр намын дахин нэгдэх гэж буйтай холбоотой аж.
      Хэрвээ МАН, МАХН хоёр буцаад нэгдвэл Ардчилсан намынхан мянган хар машинаар тоолж, булхиа хийгээд ч тэднийг дийлэхгүй. Сонгуульд МАН, МАХН-ын эвсэл ялах нь ойлгомжтой. АН-ынхан үүнээс л болгоомжилж байна гэж үзэх үндэслэлтэй. Энэ асуудалд хоёр намын удирдлагууд нааштай хандаж байгаа. МАН-ын дарга М.Энхболд дээрх асуудлыг дэмжиж хүлээж авсан. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр нэгдсэн ч яах вэ, энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй гэсэн зүйлийг ярьсан. Тэгвэл УИХ дах МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос энэ талаар тодруулахад “Сайн мэдэхгүй байна” гэсэн ч үгүйсгээгүй. Харин ч “МАХН-ын зүгээс тиймэрхүү санал яриа гарсан гэдгийг бол сонссон. Ер нь нэг угшилтай намууд яагаад нэгдэж болохгүй гэж” гэсэн үгийг унагасан. Эндээс дээрх хоёр нам буцаад нийлж МАХН-ынхан өөрсдөө гуйсаар байгаад “Төрхөмдөө буцахаар” болсон гэсэн дүгнэлтэнд хүрч болно.
     Мөн өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр болон Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын гишүүн Г.Шийлэгдамба нар МАН-ын удирдлагуудтай уулзах гэж байсан аж. Н.Энхбаяр ч цаг алдалгүй уулзъя гэж зүтгүүлж эхэлсэн. Гэтэл өмнөх шөнө нь Г.Шийлэгдамба сайд баривчлагдаж өчигдрийн нууц уулзалт цуцлагджээ. Түүгээр ч барахгүй уг асуудлаас болж чуулган ч хуралдсангүй.
Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөлийнхөн намын даргынхаа өрөөнд хаалгаа түгжиж байгаад хаалттай хуралджээ. Уг хурлаар намуудын буцан нэгдэх болон Г.Шийлэгдамба сайдыг баривчилсан асуудалд ямар байр суурьнаас хандах вэ гэдэг зүйлийг ярьсан сурагтай. Эх сурвалжийн мэдээлснээр ахмадууд өргөх бичиг барьсан. Үүнээс гадна намуудын залуучууд, эмэгтэйчүүд ч уулзалдана гэж яриад байжээ.
  
       Даргаа өршөөлгөж чадаагүй МАХН-ынхан Өршөөлийн хууль батлагдсан даруйд Засгийг тараана, унагана гэдэг асуудлаар шантааж хийж эхэлсэн. МАХН-ынхан сүүлийн өдрүүдэд Засгийн газрын “нурааж” байхаар УИХ-ыг тараах нь зүйтэй гэсэн зүйлийг ил далдаар илэрхийлж яваа. Тус намын гишүүдийн амнаас сүүлийн үед “УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж, сонгууль явуулах нь зүйтэй” гэсэн зүйл тун ч олон сонсогдох болсон. Хэрэв МАХН эвслээс гарч, улмаар УИХ-ыг тараагаад улмаар ээлжит бус сонгууль хийвэл МАН, МАХН хоёр АН-ыг ёстой жинхэнээсээ “нугаслана”.
      Тиймээс  эдгээр үйл явцыг зогсоохын тулд эрх баригчид санаагаа зовоож эхэлжээ. МАХН-ын гишүүдээс асуудалд оруулах хүн нь яалтчгүй Г.Шийлэгдамба сайд гэж яригдсан гэнэ. МАХН-ын гишүүдийн олонх нь УИХ-ын гишүүд байсан бөгөөд эдгээрээс гишүн биш МАН-д арай элэгтэй нь Г.Шийлэгдамба сайдыг гэж яригддаг. Тиймээс л сануулга өгөх зарчмаар асуудалд хандсан бололтой. УИХ тарах нь З.Энхболд, Х.Баттулга, Ч.Сайханбилэг зэрэг хүмүүсийн хэнд нь ч ашиггүй. Тиймээс МАХН-ынханыг “чөдөрлөх”-ийн тулд АН-аас Г.Шийлэгдамба сайдаар бооцоо тавьсан хэрэг.
       Өчигдөр уг асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан. Үүнтэй зэрэгцэж МАХН-ын удирдлагууд ч намын байран дээрээ хуралджээ. Мөн АН-ынхан ч гэсэн нууцаар шуурхай хуралдсан аж. Дашрамд дурдахад МАХН-ын дарга Н.Энхбаярыг дараагийн ээлжинд барьж магадгүй гэж эх сурвалж мэдээллээ.
Г.Лхагваа
Эх сурвалж: Shuurkhai.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.